Д.Оюунхорол Элчин сайд Герхард Тиедеманнтай уулзлаа
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол өнөөдөр ХБНГУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тиедеманныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарыг хамтад нь удирдах өндөр хариуцлага хүлээсэн Д.Оюунхорол сайдад баяр хүргэж, амжилт хүслээ.
Д.Оюунхорол, Герхард Тиедеманн нар хэд хэдэн асуудлаар санал солилцсон юм.
Юуны өмнө 2015 онд Берлин хотноо болох олон улсын аялал жуулчлалын “ITB-2015” үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохоор болсон асуудлаар санал солилцлоо. Жил бүрийн олон улсын аялал жуулчлалын хамгийн том энэ арга хэмжээнд Монгол Улс удаа дараа оролцсоноор туршлага хуримтлуулахын зэрэгцээ бас их өргөн боломж нээж буйг Элчин сайд хэллээ.
Монгол Улс энэ удаагийнхад ихэд өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн арга хэмжээнд нь оролцож үг хэлэхээр төлөвлөж буйд талархаж буйгаа ч илэрхийлэв. БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол энэ том үзэсгэлэнд оролцох бэлтгэлийг сайтар хангаж байгаа гэдгээ хэлж, шаардлагатай зарим асуудлыг Засгийн газрын төвшинд шийдүүлэхээр ярьж байгаагаа уламжиллаа.
Мөн Монгол, Герман хамтран байгаль орчны чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Цаашид эдгээрийг үр дүнтэй үргэлжлүүлэх, зарим саад бэрхшээлийг арилгах бодлого, байр суурь баримталж байгаагаа БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол хэлсэн. Элчин сайдын хэлснээр өнөөдрийн байдлаар нэг хөтөлбөрийн үр ашиг сайн, нөгөө нэг нь багагүй саад бэрхшээлтэй тулгарч байгаа аж.
Тус улсын дэмжлэгтэйгээр өнөөдрийн байдлаар “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол эко системүүдийн дасан зохицох нь” хөтөлбөр тун амжилттай хэрэгжиж байгаа аж. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр экологийн ач холбогдол бүхий тодорхой газар нутагт орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг харгалзсан тогтвортой менежмэнт болон хамгааллын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, энэ чиглэлийн МСҮТ-үүдэд иргэдийг сургах зэрэг ажил хийж байгаа аж.
Харин Монгол, Германы санхүүгийн хамтын ажиллагааны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” 11.5 сая еврогийн өртөгтэй хөтөлбөр хэрэгжиж хараахан чадахгүй тодорхой саадтай тулгарсныг Элчин сайд хэллээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр цаг уурын өөрчлөлттэй хамааруулан Монголын дархан цаазат газруудын менежментийг бэхжүүлж, орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх зорилготой юм байна.
Элчин сайд Герхард Тиедеманн Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл унаган байгаль, дархан цаазат газруудаа хэвээр хадгалж үлдэх хэрэгтэй. Үүнд дээрх хөтөлбөр тус болно хэмээж байв. Мөн Д.Оюунхорол сайд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, нөхөн сэргээлт хийдэг сайн технологийг Монголд нутагшуулах бодолтойгоо хэлсэн юм. Монголын цөлжилтөд нэрвэгдэж буй газар нутгийн хэмжээ нэмэгдсээр байгаа,тиймээс энэ чиглэлийн хамтын ажиллагаа ч чухал байгааг хэллээ.
БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол, ХБНГУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тиедеманн нар цаашид өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.