БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Эрчим хүчний сайд Д.Зоригт БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Ли Те Ру-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “БНСУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой 2015 онд тохиох юм. Тус улстай 2011 онд “Иж бүрэн түншлэл”-ийн баримт байгуулсан байдаг. БНСУ нь манай улсын худалдааны дөрөвдөгч том түнш бөгөөд 2013 онд 510 сая ам.долларын худалдаа хийгдсэн байна.
Манай хоёр улсын хамтын ажиллагаа нь бие биенээ нөхсөн нөхөрсөг, хөгжлийн хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан байдаг. БНСУ-тай эрчим хүчний салбарт хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсээр байна.
Саяхан Эрчим хүчний яам Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам болон Солонгосын бусад байгууллагын санаачлагаар “Монгол- Солонгосын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулсанд баяртай байна” гээд Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд,
Улаанбаатар хотод шинээр баригдахаар төлөвлөгдөж буй эрчим хүчний тав дах эх үүсвэрийн концессийн төсөлд “Поско энержи” компанийн оролцсон цонсорциум ялалт байгуулан гэрээний хэлцэл хийгдэж байна.
Таван толгойн цахилгаан станцын төслийн сонгон шалгаруулалтад мөн БНСУ-ын “Поско энержи” компанийн оролцсон консорциум амжилттай явж байна.
“ДЦС-2” ТӨХК-ийн шинэчлэлт төслийн ТЭЗҮ-ийг БНСУ-ын “КЕПКО” компани боловсруулахаар Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төвтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгааг дурдаад,
Солонгосын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /KEEI/, Korgaz байгууллагууд Монголын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болон Эрчим хүчний хөгжлийн төвүүд харилцан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд салбарын судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж байгааг хэлэв.
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны“КОЙКА” байгууллага, Экспорт-Импортын банкны санхүүжилтээр 1997-2002 оны хооронд хэрэгжсэн Даланзадгадад дулааны станц барих төсөл, 2010-2013 онд хэрэгжсэн Баруун-Урт хотын дулааны станцын төслүүд амжилттай хэрэгжсэн билээ. Мөн “КОЙКА” байгууллага манай улсын эрчим хүчний салбарын залуу боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарч ирсэн юм.
Таван толгойн цахилгаан станцын төслийн сонгон шалгаруулалтад мөн БНСУ-ын “Поско энержи” компанийн оролцсон консорциум амжилттай явж байна
Эрчим хүчний сайд Д.Зоригт олон талт хамтын ажиллагааны хүрээнд, БНСУ-ын Эрчим хүч, эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний технологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж Зүүн хойд азийн супер сүлжээ-Гобитек төслийн судалгааны ажлыг хамтран хийж байгааг дурдаад 2014 оны аравдугаар сард болсон Дэлхийн газын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд БНСУ-ын төлөөллийг Монгол Улсын Эрчим хүчний яамны зүгээс дэмжиж ажилласан гэдгийг онцлон тэмдэглэв.
Тэрээр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Ли Те Ру-д хандаж,
Эрдэсбаялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах Монгол-Солонгос улсын Засгийн газар хоорондын дэд хороо анх 1992 онд байгуулагдсанаас хойш 2011 он хүртэл нийт 11 удаа хуралдсан байдаг бөгөөд цаашид Эрчим хүчний салбарын дэд комиссыг байгуулж, хоёр талт хамтын ажиллагааны механизмыг тодорхой болгох;
“Эгийн гол”, “Шүрэн”-гийн УЦС-ыг барьж, санхүүжүүлэх төслүүдэд БНСУ-ын нэр хүндтэй томоохон компаниудыг татан оролцуулах тал дээр анхаарал хандуулж ажиллах
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагаас зохион байгуулдаг эрчим хүчний салбарын богино болон урт хугацааны сургалтад хамрагдах монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх
Монгол орны алслагдсан сум, суурин газрын дулааны асуудлыг шийдэхэд хамтран ажиллах гэх мэт саналуудыг дэвшүүлэв.
Элчин сайд Ли Те Ру Эрчим хүчний сайд Д.Зоригтод хандаж шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.Тэрээр БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрсдөөс хамаарах бүхий л хүчин чармайлт гарган ажиллах болно гээд Эрчим хүчний сайд Д.Зоригтын хөндөж тавьсан асуудлуудыг яаралтай судалж шийдвэрлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ.