Д.Ганхуяг Монгол, Японы парламентын бүлгийг удирдана
Монгол, Японы бүлгийн даргаар гишүүн Д.Ганхуягийг томилсон байна.
2012 оны сонгуулийн дараачаас энэ албыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хашиж байсан юм. Тэрбээр саяхан Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон учраас ийнхүү орны хүнийг нь томилсон аж.
Д.Ганхуяг гишүүн Японд сургууль төгссөн түшээдийн нэг. Тэрбээр 2004-2011 он хүртэл Монгол, Японы бүлгийн даргаар ажилласан туршлагатай. Тэгэхээр хуучин албандаа эргэн ирсэн гэсэн үг. УИХ дахь бүлгүүд дотроо Монгол, Японы бүлэг хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Тэрбээр 2004-2011 он хүртэл Монгол, Японы бүлгийн даргаар ажилласан
Тухайлбал, хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэлд шилжсэн. 2006 онд манай талаас тавьсан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах санал эдүгээ ажил хэрэг болох шатандаа орсон юм байна. Ингэснээр хоёр орны хооронд эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг дэмжих эрх зүйн орчин бүрдэж, Монгол Улс Ази тив, Зүүн хойд Азийн болон бусад бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох боломж нээгдэх юм. Мөн Монгол, Японы парламентын бүлгийн зүгээс Япон улсын хөнгөлөлттэй зээлээр манайд Олон улсын нисэх онгоцны буудал барих санаачилга гарган амжилттай хэрэгжүүлж байна.