ХАА-н салбарт үүлэн өгөгдлийг ашиглана
ХХАА-н сайд Р.Бурмаа
2014.12.19

ХАА-н салбарт үүлэн өгөгдлийг ашиглана

Дэлхийн улс орнууд хот орчмын бүс нутгаа илүү тогтвортой хөгжүүлэх, хүн амын сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийгэм, эдийн засаг, байгаль орчны нарийн мэдээллийг өгдөг үүлэн өгөгдлийн бүсийн тавцанг ашиглах болжээ. 

Экологи, нийгэм, эдийн засгийн бодлого гаргагчдад зөв шийдвэр гаргахад нь түлхэц болох цаашлаад салбарууд уялдаа холбоотой ажиллахад дэмтэй эл тавцангийн талаар танилцуулахаар Экологи, хөгжил хандивлагч сангийн Хөтөлбөрийн санхүү хариуцсан захирал Кристоф Уалдерский, Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд Кристофер Чарлес Стюарт нар ХХАА-н сайд Р.Бурмаатай уулзжээ. 

 Тус сан Британийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн гадаргууны ажиглалт, Засгийн газрын нээлттэй болон олон нийтээс эх үүсвэртэй эдийн засаг, нийгэм, байгаль орчны өгөгдлийг хэрэглэхэд ойлгомжтой хэлбэрээр гаргадаг байна.

Энэ талаар Экологи, хөгжил хандивлагч сангийн Хөтөлбөрийн санхүү хариуцсан захирал Кристоф Уалдерский “Энэхүү тавцан нь хөрс, ойн аж ахуй, усан хангамж гэсэн гурван чиглэлээр мэдээлэл авч, тухайн газарт хөнгөн, хүнд үйлдвэрлэл явуулах боломж байна уу гэдгийг харах боломжтой юм.

Жишээ нь, танай улсын хувьд суурин газрын хөрсний эвдрэл, усан хангамж эсвэл говийн бүсэд уул уурхай эрчимтэй хөгжүүлбэл усан хангамж, ургамлын зүй тогтол, малчдын ахуй амьдралд хэрхэн нөлөөлөх хэтийн зураглалын мэдээлэл авснаар бодлого гаргагчид зөв шийдвэр гаргахад дөхөм болох юм” гэлээ. 

 Уулзалтын төгсгөлд хүнс, хөдөө аж ахуйн салбарт нэн хэрэгтэй эл программыг ашиглахад шаардлагатай мэдээллийг өгөхөөс гадна мэргэжлийн боловсон хүчин, чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийг төслийн бүрэлдэхүүн хэсэг болгон ажиллуулахаар боллоо.

ХХАА-н сайд Р.Бурмаа хөдөө аж ахуйн салбар дахь Монгол-Британийн хоорондын уламжлалт хамтын ажиллагааг сэргээн тодорхой чиглэлээр хөгжүүлэх чиглэлээр уулзаж санал солилцох хүсэлтэй байна гэдгээ энэ үеэр Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд Кристофер Чарлес Стюарт илэрхийлжээ.