Малчны асуудлыг шийдэх тогтоолын төслийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
2014.12.17

Малчны асуудлыг шийдэх тогтоолын төслийг дэмжлээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогг нарын нэр бүхий 16 гишүүний өргөн барьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”  УИХ- ын 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын 30 ду гаар тогтоолын дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зөвхөн “хоршооны гишүүн” малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд мөнгөн урамшуулал олгохоор заасан. Тогтоолд тусгасан энзхүү зохицуулалтыг далимдуулан орон нутагт хуурамч хоршоодыг олноор байгуулж, малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, урамшууллын мөнгөнөөс суутган авах зэргээр хууль зөрчсөн үйлдэл нэлээд гарч байгаа аж.

18 мянган малчин өрх ноосны урамшууллаа авч чадахгүйд хүрчээ

Нөгөө талаас малчдын хоршооны талаарх мэдлэг ойлголт хангалтгүй, хоршооны эрх зүйн орчин боловсронгуй болж чадаагүйгээс хоршооны гишүүнээр элсээгүй 18 мянган малчин өрх ноосны урамшууллаа авч чадахгүйд хүрчээ. Цаг хугацааны хувьд тулгамдсан энэ хүү зохицуулалтыг эргэж харах хүсэлтийг орон нутагт ажиллах үеэр , ард иргэд болон холбогдох ТББ- аас УИХ-ын гишүүдэд уламжилсан аж. Тиймээс хот, хөдөөгүй ард иргэдийн амьжиргаа хүндэрч буй ийм үед малчдын орлогод багагүй хувь нэмэртэй ноосны урамшууллыг нь олгуулах, “Хоршооны гишүүн" байх шалгуурыг хойшлуулж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх агуулгыг эл тогтоолын төсөлд тусгажээ.

Улс орны хөгжлийн стратегийн тулгуур салбар хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй эрхлэлт, малчдын залгамж халааг дэмжих , малын гаралтай түүхий эдийг нь дотооддоо боловсруулах, цаг уурын хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг малчдыг төрийн бодлогоор дэмжих нь зүйтэй гэж С.Бямбацогт гишүүн тайлбарласан. Мөн уг тогтоолын төслийг Д.Ганхуяг, А.Тлейхан, Б.Гарамгайбаатар нарын гишүүд дэмжиж буйгаа илэрхийлэв. Харин С.Дэмбэрэл гишүүн малчид бүгд үндэсний үйлдвэрлэгчид учраас хоршоо гэсэн үгийг тогтоолын төслөөс хассанаар асуудлыг шийдэх боломжтой гэв. Ингэснээр энэхүү тогтоолын төсөл байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний дэмжлэг хүлээлээ.