Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эрчим хүчний сайд Д.Зоригт
2014.12.19

Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эрчим хүчний сайд Д.Зоригт Олон улсын Санхүүгийн Корпорацийн Суурин төлөөлөгч Туен Д.Нгуенийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

            Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ, Эрчим хүчний сайдаар томилогдоод 6 хонож байна. Гэхдээ миний бие урьд нь 6 жил УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан, энэ үедээ эрчим хүч зэрэг бодит салбарыг хариуцаж ажиллах байсан туршлагатай. Иймд таныг сонсоход бэлэн байна гэв.

Суурин төлөөлөгч Туен Д.Нгуен хэлэхдээ, Олон улсын санхүүгийн корпораци нь Дэлхийн банкны гишүүн бөгөөд дэлхийн банкны үйл ажиллагаанаас ялгаатай нь хувийн хэвшил рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсад хөрөнгө оруулах боломжийг бид дараах байдлаар харж байна. Үүнд:

1. Салхины эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр

2. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр бидний гүйцэтгэх үүргийн талаар илүү ярилцах, ялангуяа Улаанбаатар хотын цахилгаан, дулааны асуудалд хувийн хэвшлийн оролцооны талаар сонирхож байна гээд “Манай байгууллагын зүгээс өмнөх туршлага, санхүүгийн боломж дээрээ үндэслэн Монгол Улсад ач холбогдол бүхий жижиг төслүүдэд бизнесийн талаас хөрөнгө оруулах тал дээр хамтран ажиллах сонирхолтой байна.

Тухайлбал, дамжуулах, түгээх сүлжээний хувьчлал дээр хамтран ажиллах боломжтой. Жишээлбэл, Лаосын түгээх сүлжээний 25 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулсан. Энэ туршлагыг танай улсад хэрэгжүүлэх боломжтой, хэрэв эрчим хүчний байгууллагуудыг хувьчлах сонирхол байвал манай байгууллагын зүгээс хувьцаанд хөрөнгө оруулах, арилжааны хэлбэрт шилжүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж болно гээд 5 дугаар цахилгаан станцын асуудал шийдвэр гараад урагшлана гэдэгт итгэлтэй байна.

Бид шууд хөрөнгө оруулж оролцож байгаа зүйл байхгүй ч шууд бусаар санал бодлоо илэрхийлээд явж байсан, цаашдаа ч өөр бусад төслүүдэд Олон улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллах боломж гарвал бид нээлттэй байх болно гэв.

Уулзалтад Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Баярбат, Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхтүвшин нар байлцав.