УИХ-ын 72 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар ярилцлаа
Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх, үнэ чөлөөлөх тухай УИХ-аас 2010 оны 12 дугаар сард батлан гаргасан 72 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Эрчим хүчний салбарын удирдлагууд, үйлдвэр, компаний захирлуудтай уулзаж, ярилцлаа.
Уулзалтын эхэнд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар УИХ-ын 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар яам, салбарын хэмжээнд хийсэн ажлын тайланг танилцууллаа.
Уулзалтад УИХ-ын ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Д.Дорждүрэв, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нарын зэрэг албаны хүмүүс оролцож, УИХ-ын 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлийн талаар санал бодлоо илэрхийллээ.
УИХ-ын 72 дугаар тогтоолоор 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эрчим хүчний үнэ тариф бүрэн чөлөөлөгдсөн байх учиртай
Дашрамд дурдахад УИХ-ын 72 дугаар тогтоолоор 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эрчим хүчний үнэ тариф бүрэн чөлөөлөгдсөн байх учиртай. Харамсалтай нь тодорхой нөхцөл байдлын улмаас энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр 2014 оны долдугаар сараас эрчим хүчний үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь салбарын алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Хамгийн гол нь үйлдвэр, компаний захирлууд үр ашгаа дээшлүүлж, зардлаа хэмнэх бодлого барьснаар үнэ чөлөөлөх асуудалд түлхэц болох ёстой гэж ажлын хэсгийнхэн үзэж байна.