Д.Батцогт: Эрчим хүчний яамыг Уул уурхайн яамтай нэгтгэх нь буруу
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, Д.Батцогт нар өнгөрсөн баасан гаригт ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар хэвлэлийн хурал зарлаж, мэдээлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-МҮАН засгаас гарна гэх мэдээлэл байна. Тус бүлэгт байсан гишүүний хувьд танд энэ талаар мэдээлэл байна уу?
-Надад ямар ч мэдээлэл алга. Гэхдээ Засгийн газрын шинэ бүтэц яригдаж байгаатай холбоотой тийм зүйл яригдаж байж магадгүй юм. Харин бүлгийн тухайд би бүлгээсээ гараад бүтэн хаврын чуулган өнгөрлөө. Нэгэнт гарчихаад эргээд буцаж орно гэсэн асуудал байхгүй.
-Тэгвэл Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөд таны байр суурь ямар байна вэ. Хэрвээ МҮАН засгаас гарвал байдал хэрхэн өөрчлөгдөх бол?
-Дээр хэлсэн МҮАН засгаас гарах талаар сонсоогүй учраас ярих зүйл алга. Энэ бол тухайн нам, эвслийн дотоодын өөрсдийнх нь асуудал. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал бол өнөөдөр хамгийн их бүтээн байгуулалт хийж байгаа хөгжлийн яамдуудаа нэгтгээд, нийгмийн халамжийн яамдуудаа үлдээж байгаад шүүмжлэлтэй л хандаж байна.
-Ерөнхий сайдын оруулж ирсэн хуулийн төслөөр зургаан яамыг нэгтгэж гурав болгосон. Үүнээс өөр ямар гаргалаа байгаа гэж харж байгаа юм?
-Ер нь өөрчлье гэвэл зөндөөн л юм байна л даа. Хэрвээ миний саналыг асуудаг бол шүү дээ. Тухайлбал, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам гээд юу хийдэг нь тодорхой бус болчихсон яам байна. Бараг нэг фракц бүлэглэлийн яам болчихсон. Миний хувьд хүнд үйлдвэр нь тусдаа байх ёстой гэсэн байр суурьтай байна. Хүнс , хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гэж байвал жинхэнэ утгаараа ажиллах болов уу. Хүнд үйлдвэрээ бодоод хөдөө аж ахуйгаа охигдуулаад байна. Мөн Эрүүл мэндийн яам бол хэзээд бие тамирын спорттой хамт явж ирсэн.
Ингэж явах нь зөв зүйтэй гэсэн бодолтой байна. Үүнээс гадна Эрчим хүчний яам, Уул уурхайн яамыг нэгтгэх нь буруу.
Яагаад гэвэл Эрчим хүчний яам дангаараа цахилгаан станцуудыг олноор байгуулья, цаашлаад эрчим хүч экспортолдог больё гэж зорьж байгаа тохиолдолд Эрчим хүчний яамыг дангаар нь явуулж, хөгжүүлэх нь зөв. Уул уурхай бол тэртэй, тэргүй том салбар. Манай улсын эдийн засаг уул уурхайтай дэндүү гүнзгий холбогдсон.
Тиймээс Уул уурхайн яамыг Хүнд үйлдвэрийн яамтай нэгтгэх нь зөв гэж хувь гишүүний хувьд бодож байна. Ерөнхий сайдын оруулж ирсэн төсөл миний саналаас хол явж байна.
-Тэгвэл та энэ асуудал дээр өөрийн үзэл бодол, байр сууриа хэрхэн илэрхийлэх юм бэ?
-Бүлгийн хуралдаанд суухгүй ч гэсэн УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороон дээр үзэл бодлоо илэрхийлээд л явж байгаа. Тэгэхээр тухайн бүлгүүд дотроо энэ асуудлаа яаж ярьж байгаа нь надад сонин биш.