ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо
2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, анхаарах асуудлын талаар ярилцлаа.
2014.08.27

ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо

Эрчим хүчний яамны ээлжит шуурхай зөвлөгөөн салбарын үйлдвэр, компаниудын удирлагыг оролцуулан өргөтгөсөн байдлаар боллоо.

Салбарын хэмжээнд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, анхаарах асуудлын талаар ярилцсан энэ зөвлөгөөнд Эрчим хүчний М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон ЭХЯ-ны бусад газар хэлтсийн дарга нар оролцож, мэдээ, мэдээлэл сонсч, тодорхой үүрэг даалгавар өглөө.

Энэ жилийн өвлийн бэлтгэлийг хангахад Дулааны цахилгаан станцууд, Дулааны станцууд 4,6 тэрбум төгрөгийн засвар шинэчлэлийн ажил, Цахилгаан дамжуулах сүлжээ болон түгээх сүлжээ компаниуд 2.3 тэрбум орчим төгрөгийн засвар шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц хөдөө орон нутагт 60 гаруй хувьтай, Улаанбаатар хотод 90 гаруй хувьтай байна.  

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв шуурхай зөвлөлгөөнд оролцогчдад хандан өвөлжилтийн бэлтгэл ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 25 гэхэд бүрэн дуусгах үүрэг өгч төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа засвар шинэчлэлийн ажилд онцгой анхаарч, нүүрсний өр төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулахыг ДЦС-ын удирдлагуудад анхааруулав.

Түүнчлэн эрчим хүчний найдвартай байдлыг хангахын тулд  аваарын нөөцийг дор бүрдээ бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд М.Сономпил үйлдвэр компанийн удирдлагуудад хандаж хэлэхдээ энэ оны дөрөвдүгээр сард гаргасан Эрчим хүчний сайдын албан даалгаварын биелэлтэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгоод өвөлжилтийн бэлтгэл ажлыг дүгнэх гол шалгуур үзүүлэлт нь энэ албан даалгаварын хэрэгжилт байх болно гэдгийг анхааруулав.

Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр компаниудыг хувьчлах талаар сонсогдож байгаа мэдээллүүдэд няцаалт өглөө

Түүнчлэн цаашид эрчим хүчний үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж, эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулахад Эрчим хүчний зохицуулах хороо тодорхой үүрэг хариуцлага хүлээж ажиллах хэрэгтэй байна  гэв.

Эцэст нь эрчим хүчний салбарын зарим үйлдвэр компаниудыг хувьчлах талаар сонсогдож байгаа мэдээллүүдэд няцаалт өгч, ойрын хугацаанд энэ талаар ямар нэгэн алхам хийгдэхгүй гэж мэдэгдлээ.