Эрчим хүчний яаманд 14.0 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар V цахилгаан станцын газрын асуудлыг хэлэлцсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулснаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор V цахилгаан станц барьж байгуулах тухай тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Ургах наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тиймээс яам цахилгаан станц барихаар техник эдийн засгийн үндэслэл болон зураг төслийн ажлаа эхлүүлжээ. Өмнө нь энэ газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар “Люкс нью проперти солюшн” компани эзэмшиж байсан бөгөөд 2010 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Тус компани газар эзэмших эрхийг нь түдгэлзүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасны дагуу Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн Шүүхийн тогтоолоор нийслэлйин Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтний танилцуулснаар тус компанийн газар эзэмших эрхийг цуцалсан ч өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг авсаар байжээ.
5 дугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг саадгүй явуулахын тулд тус компанитай харилцан ойлголцож, Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын замын 8,0 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргалаа.
Мөн 5 дугаар цахилгаан станцыг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын зүүн талбайд 14,0 га газрыг Эрчим хүчний яаманд 3 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.