С.Жавхланбаатар: Дараагийн BOOM салбар бол ЭРЧИМ ХҮЧ
Хөрөнгө оруулагчдын бүтцэд өөрчлөлт орж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатартай хөрөнгө оруулалт аль салбарт хэрхэн яаж нэмэгдэх талаар ярилцлаа.
Мэргэжил: Олон улсын эдийн засагч
Туршлага: 2009 онд Японтой байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн судалгааг ахлан эхлүүлсэн.Түүнчлэн, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсруулах ажилд гар бие оролцож, амжилттай батлуулжээ. Монгол Улсын Хөрөнгө оруулалтын бодлогыг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал /UNCTAD/-д танилцуулах ажлыг ахлан хэрэгжүүлсэн.
-Долларын ханш өнгөрсөн жилийн 7 сараас огцом өссөн. Эдийн засагчдын зүгээс хөрөнгө оруулалт буурснаас болж, валютын нөөц хомсдсон гэдгээр тайлбарлаж байгаа нь нийтлэг ажиглагдсан. Таны хувьд үүнийг ямар шалтгаантай гэж харж байгаа вэ?
Долларын ханшийн өсөлтийн шалтгааныг гадаад валютын нөөц багассантай холбон тайлбарлаж байна. Гадаад валютын нөөц аливаа улсад орж ирэх үндсэн хоёр суваг байдаг. Эхнийх нь экспорт, нөгөө нь гадны шууд хөрөнгө оруулалтыг татах чадвартай холбоотой. Тэгэхээр долларын ханшийн өсөлтийн ард буй нэг шалтгаан нь валютын нөөц мөн үү гэвэл мөн.
Гэхдээ энэ нь валют орж ирэхгүй байгаагийн шалтгаан нь юу гэдгийг бодоход хүргэнэ. Долларын ханшны өсөлт бууралт эдийн засгийн нэг илэрхийлэгч. Зүрхний бичлэгээр яривал нэг давтамж гэсэн үг. Гэхдээ зүрхний цаад өвчний шалтгааныг илэрхийлэгч биш.
Нөгөө талаас аливаа улсын хөрөнгө оруулалтыг татах бодлого нь нийгэм, эдийн засгийн бүх бодлоготойгоо уялдаатай байдаг. Сангийн юм уу, мөнгөний бодлого шиг шууд арга хэрэгсэл биш. Зах зээлд шууд хөндлөнгөөс оролцож чадахгүй. Тиймээс долларын ханшны өсөлт бууралтад гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь нөлөөлж байгаа нь үнэн боловч цаад буруутан нь биш.
Үндсэндээ долларын ханшийн савалгаанд Монголд мөнгөө байршуулаагүй хөндлөнгийн хүн буруутан болох учиргүй байх. Харин аль аль нь манай эдийн засгийн байдалд үнэлгээ өгч байгаа үзүүлэлтүүд юм.
-Танай http://investmongolia.com/сайт руу ороод мэдээлэл судалж байхад, манай улс татварын таатай орчинтой, хөрөнгө оруулагчийг хамгаалах эрх зүйн таатай орчноороо 21 дүгээрт/2013 он/жагсдаг гэсэн байсан. Тийм атал хөрөнгө оруулалт сүүлийн гурван жил эрчтэй буурсан. Дээрх байдлыг засахын тулд ямар арга хэмжээ авсан бэ?
Ерөнхий утгаараа гадаад валют хангалттай татаж чадахгүй байгаагийн шалтгаан нь зах зээлийн хэмжээ, өрсөлдөх чадвар сул, үйлдвэрлэл бага зэрэг асуудлыг хөндөж болно.
2010 онд Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь хөрөнгө оруулалтад тэсрэлт хийж, хэмжээг нь огцом өсгөсөн ч 2014 онд эргээд хэвийн байдалдаа орсон нь эдийн засагт тэр дундаа хөрөнгө оруулалтад мега төсөл ямар чухлыг харуулж байна. Огцом өсгөх үү, эсвэл жигд тогтвортой өсгөх үү гэдгийг анхаарах ёстой болж байна. 1995 оноос 2010 он хүртэл манай жилийн хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллараас давдаггүй ч байнгын өсөлттэй байсан. Оюутолгойн хэлэлцээр зурагдсаны дараа уул уурхайн хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдэж, 4,9 тэрбумд хүрсэн.
Төсөл хэрэгжээд дуусахаар эсхүл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахаар хөрөнгө оруулалт огцом буурч, доллараар “цутгуулсан” суваг нарийссан. Улмаар долларын ханш савлах, тогтворгүй байдал үүсэхэд нөлөөлж байна.
Тэгэхээр эндээс дүгнэлт хийхэд 2 зүйлийг хэлж байна. Нэг салбараас хэт хамааралтай байдлыг багасгах, нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалт татахуйц төслүүд бэлтгэх. Төсөл бэлтгэнэ гэдэг нь зүгээр ТЭЗҮ хийх асуудал биш гэж ойлгох хэрэгтэй, тухайн салбар дахь бидний бодлого, чиглэлтэй тэр төсөл хэрхэн уялдаж байгаа нь хамгийн чухал асуудал байна.
Уул уурхайгаас бусад салбарт том мега төсөл орж ирэх нь ховор тохиолдол байна. Гэхдээ урт болон дунд хугацааны төслүүдийг, тухайлбал 3-5 жилийн давтамжтай төслүүдийг салбар болгонд бэлтгэх нь зүйтэй болов уу.
Нөгөө талаас, урт удаан хугацааны хөрөнгө оруулалтыг эдийн засгийнхаа өөрийн тэлэлттэй нь уялдуулах шаардлага байна. Аливаа улсын хувьд хөрөнгө оруулалтыг шингээх хэмжээ сав нь хэр зэрэг тогтвортой, тодорхой байна тэр хэмжээгээр илүү их хөрөнгө татна.
-Хөрөнгө оруулалтын хууль хэрэгжээд нэг жил өнгөрлөө. Мөн эдийн засгийг эрчимжүүлэх аяны хүрээнд гацаанд орсон зарим чухал хуулиудыг баталчихлаа. Ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
Ирээдүйг мэдээж өөдрөгөөр төсөөлж байна. Засгийн газраас сүүлийн 2 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын бодлогоо гаргаад, хуульчлаад
олон улсад таниулах ажлыг хийлээ.
Монголын хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөж байна гэдгийг таниулах ажлыг нэлээдгүй хийж, 40 гаруй бизнес форум уулзалтыг дотоод гадаадад зохион байгууллаа. НҮБ болон хөрөнгө оруулагчдаас эерэг үнэлгээ авсан. Гэхдээ хэрэгжилт, гүйцэтгэл хамгийн чухал. Мөн бид дэлхийд туршигдаад амжилттай болсон үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж, хөрөнгө оруулагч нарт мэргэжлийн мэдээлэл, бодит зөвлөгөөгөгч байна.
Одоо салбар бүр дээр Хөрөнгө оруулалтын хуулийг дагаад суурь бодлогыг хэрхэн тусгах, хэрэгжүүлэхэд анхаарч байна. Тухайлбал, Газрын тос, Ашигт малтмалын хуулийг шинэчилсэн нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдыг хөдөлгөж эхэллээ. Энэ нь мөн газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуй гээд бүх салбаруудад хэрэгжих учиртай.
Судалгаагаар аливаа улсад орсон хөрөнгө оруулалтын урсгалын 50 гаруй хувийг дахин хөрөнгө оруулалт эзэлдэг байгаа юм. Иймээс нэгэнт Монголд орсон хөрөнгө оруулагчид руу чиглэсэн үйл ажиллагаанд онцгойлон анхаарч байна. Энэ ажлын хүрээнд Монголд аль хэдийн хөрөнгө оруулалт хийчихсэн хүмүүстэйгээ байнгын харилцаа холбоотой байхыг эрмэлзэж, тэдний санал гомдлыг сонсох ажлыг хийж байна.
Дүгнэж хэлэхэд бид суурь харилцаагаа өөрчилж, зөв гольдрил руу орсон тул ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байгаа.
-Өнгөрсөн жилийн хөрөнгө оруулагчдын чуулганаар хөдөө аж ахуйн салбарыг их сонирхож байгаа нь ажиглагдсан. Манайх газрын дээрх баялагаа хэрхэн зөв зүйтэй ашиглах гэж байна вэ.
Хөдөө аж ахуй бол хөрөнгө оруулалт татах боломж, түүхий эдтэй бодит салбар. Хөрөнгө оруулагч ирээд газар тариаланд хөрөнгө оруулж, ферм байгуулья гэхэд тэрийг дэмжих механизм бодлого нь тодорхой байх ёстой. Энэ хүрээнд нилээд ажлууд хийгдэж байна. Гол бодлоготойгоо уялдсан үйлдвэрлэлийн төслүүдийг дэмжих шаардлагатай юм уу гэж харж байна.
-Хоёр хөршийн тэргүүний айлчлалын үр дүнд 30 гаруй гэрээнд гарын үсэг зурагдсан. Аль аль салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийхээр харагдаж байгаа вэ?
Дээд өндөр хэмжээний айлчлалыг дагаад бизнес, хөрөнгө оруулалт сэргэдэг. Манай улсын хувьд хоёр хөрштэйгээ дээд хэмжээнд уулзалт хийсэн нь шууд бизнесийн идэвхийг нэмэгдүүлж байгаа нь мэдрэгдэж байна. Энэ бол айлчлалын шууд нөлөө. Харин дараагийн нөлөө нь мэдээж гарын үсэг зурсан баримт бичгийн хэрэгжилтээс харагдах учиртай. Ялангуяа, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр ойрын арван жилийн харилцааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлж, суурь болсон дэд бүтэцтэй холбоотой баримт бичгүүд байгуулагдлаа.
Далайд гарцгүй орны дэд бүтэц маш сайн байсан цагт өрсөлдөх чадвар нь дээшилдэг. Байгалиасаа далайд гарцгүй орон далайд гарцтай орноос аль ч нөхцөлд 30-40 хувийн өндөр зардалтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр дэд бүтэц, төмөр зам, агаарын тээвэр, авто замаараа өрсөлдөхүйц хэмжээний сайн байж чадвал далайд гарцгүй гэсэн нэрийг зах зээлийг холбосон улс гэдгээр солих боломж байна.
Ялангуяа транзит тээврийн асуудалд ахиц гарлаа. Үүн дээр барилга, эрчим хүч, боомт, чөлөөт бүс гээд төслүүдийг дамжаад хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид өөрсдөө хөдөлгөөнд орж байна.
-Энэ оны эхний долоон сарын байдлаар 180 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд шинээр байгуулагдсан. Тэд манай ямар салбарыг сонирхож байна вэ?
180 бол чамлахаар тоо биш. Өмнө нь жилдээ 1000 гаруй шинэ компани байгуулагддаг байсан. Гэхдээ тэр үеийн аж ахуйн нэгжүүдийн бизнесийн зорилго одоогийнхоос өөр байна. Зарим нь өөр шалтгаантай ч бий.
Ихэнхи нь уул уурхайн баялаг, шинэ зах зээл, түүхий эд хайж ирсэн. Харин өнөөдрийн хувьд нэгнийгээ дагаж хошуурах бус, тодорхой төслийг сонирхож ирэх нь илүү болсон. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын бүтцэд өөрчлөлт орж, чанарын хувьд дэвшил гарсан гэж хэлж болно. Илүү нэмүү өртөг шингээж, юм хийж бүтээе гэсэн бодит хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна.
Түүнээс гадна уул уурхайд бас шинэ давалгаа бий болж байна. Шууд нүүрс ухаад зарах биш, нүүрсийг боловсруулаад эрчим хүч үйлдвэрлэх дараагийн алхамд шилжиж байна. Энэ мэтээр хэрэглээний эдийн засаг маань нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэх тал руу явж эхэлсэн нь үнэхээр өөдрөг төсөөлөл юм.
Цаашлаад хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эмнэлэг болон боловсролын салбаруудад хөрөнгө оруулалт хийх асар их боломж байна гэж хөрөнгө оруулагчид харж байна.
-Ер нь дандаа хөрөнгө оруулалтыг татах талаар ярилаа. Нөгөө талдаа чанартай хөрөнгө оруулагчтай болохын тулд манай талаас ямар шаардлага тавьж байгаа вэ. Учир нь манай хөрөнгө оруулагчдын бүтцийг харахад нэлээдгүй хувь нь татваргүй бүсээс байгаа юм?
Мэдээж манай бодлого аль болох Монголд хөрөнгө үлдээе, хөрөнгө оруулалтыг шингээж, хоёр талдаа ашигтай байхыг чухалчилж байгаа. Судалгаагаар бол хөгжиж буй орнууд дэлхийн бүх хөрөнгө оруулалтын 50 хувийг шууд өөртөө татдаг. Америк улс хөрөнгө оруулалтыг татах чадвар, хэмжээгээр нэгт явдаг. Учир нь эдийн засгийн өөрийн амин хэлхээ нь хөрөнгө оруулалт болчихсон схемтэй.
Татваргүй бүсээс хөрөнгө оруулалт хийх нь байдаг, нийтлэг үзэгдэл. Гол нь тухайн улсаас гадагш хийж байгаа хөрөнгө оруулалтыг бас тооцох асуудал хөндөгдөнө. Бид өөрсдөө тоглоомын дүрмээ тодорхой байлгаж, өөрт ашигтай хөрөнгө оруулалтын төслийг хамтран амжилттай хэрэгжүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй болов уу. Энэ тохиолдолд хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулагчийн чанарын асуудал дагаад сайжирна гэж бодож байна.