Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд мэндчилгээ дэвшүүллээ
Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын Д.Оюунхорол
2014.12.18

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад Аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан аялал жуулчлалын салбарын үе үеийн ахмадууд, одоо ажиллаж буй ажилтан, албан хаагчид та бүхэнд хувийн зүгээс болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Анх 1954 онд “Жуулчдыг үйлчлэх товчоо” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан Монголын аялал жуулчлалын салбар нь хөгжлийн түүхэн үе шатуудыг туулан, мэргэшсэн байгууллага, хамт олноор эгнээгээ тэлж, Монгол Улсын нэрийг олон улсын зах зээлд сурталчлах, аяллын тодорхой бүтээгдэхүүнийг бий болгох, Монгол улсыг зорин ирэх жуулчдын тоог өсгөх замаар дэвшин хөгжиж ирлээ.

Монгол орон нийгэм, улс төрийн ардчилсан тогтолцоо, нээлттэй, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад сурталчилгааг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсний дүнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар хүрээгээ тэлж, олон арван салбарыг хамран эрчимтэй хөгжиж байна.

Даяаршиж буй өнөө үед олон улсын аялал жуулчлалын зах зээлд аялал жуулчлалын бутээгдэхүүнээ сурталчлах, түүний чанар, нэр төрлийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх, салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ”, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр ” зэрэг салбарын эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Аялал жуулчлалын салбарын нийт хамт олондоо энэхүү эрхэм үйлсэд хамтран хүчин зүтгэж, улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

             Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын

                                                    Д.Оюунхорол