Г.Баярсайхан Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний III чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.12.12

Г.Баярсайхан Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний III чуулганд оролцлоо

Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний III чуулган өчигдөр Улаанбаатар хотноо боллоо.

Улсын хэмжээнд 19 аймаг, нийслэлийн 166 сумын нутгийг хамарсан 27.2 сая га талбай бүхий 99 хэсэг газрыг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулаад байгаа нь улсын нийт газар нутгийн  17.4 хувийг эзэлж байна. Тус чуулганд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан оролцож, нээлтийн үг хэллээ.

Тэрээр нээлтийн үгэндээ “Улсын тусгай хамгаалалтад авч байгаа гол зорилго, үндэслэл нь тухайн газрын байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгалийн баялгийг арвижуулах, хадгалахын зэрэгцээ доройтсон орчныг нөхөн сэргээх, түүх, соёлын өвийг хамгаалахад оршиж байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай асуудал нь байгаль хамгаалах бодлогын цөмд нь байх ёстой. Газар нутгаа улсын тусгай хамгаалалтад хамруулах нь нутгийн ард иргэд, нутгийн захиргааны байгууллагуудын хүсэл сонирхолд нийцэж байдаг юм. Энэ нь үндсэндээ газар нутгаа байгалийн баялгийн зүй бус олборлолтод өртүүлэхгүй байх, төрсөн нутгаа  унаган төрхөөр нь хадгалан үлдээх гэсэн чин хүсэл юм” гэсэн юм.

Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан 65 газар нутгийн хамгаалалтын менежментийг хуулийн дагуу 30 хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж байгаа юм байна.