Ард иргэдийн эрх ашигт нийцэж байвал хүн бүрт таалагдах албагүй
УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ.
Гишүүдийн зүгээс эдийн засгийн бодит хямралыг зогсоох арга замыг хэрхэн харж байгаа болон энэ талаар ямар бодлого барих, шинээр байгуулагдах Засгийн газрыг мэргэжлийн ёс зүй, сахилга баттай шударга хүмүүсээр бүрдүүлж чадах эсэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгой, Тавантолгойн асуудлыг яаж шийдэх, шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд юун дээр анхаарч ажиллах, эрчим хүчний үнийг хэзээ чөлөөлөх зэрэг олон асуудлыг хөндөж тавилаа.
X.Болорчулуун:Хүн бүрт таалагдах шийдвэр гаргах албагүй
Өнөөдөр Монгол Улсад ажилгүйдэл, ядуурал их байна. Улс орнууд зэр зэвсгийн хүчээр бусдыг эзлэхээ больсон. Эдийн засгийн довтлогооноор эзэлж байна. Урд, хойд хөршийнхөө бодлогыг харъя. Хүн бүрт таалагдах шийдвэр гаргах албагүй. Хамгийн гол нь Монголын баялагт Засгийн газрын өмнөөс битгий гарын үсэг зураад баталгаа өгчихөөрэй. Танд амжилт хүсье.
Г.Баярсайхан: Та шинэчлэлийн Засгийн газрын ямар ямар бодлогыг нь үргэлжүүлэх вэ?.
Үнэхээр ард түмний эрх ашигт нийцсэн, бүсээ чангалсан шийдвэр гаргаад ажиллаасай гэж хүсэж байна. Засгийн эрх барихдаа АН-д алдаа, оноо аль аль нь байсан. Гэсэн ч бид реформын шинж чанартай маш чухал шийдвэрүүдийг гаргаж байсан. “Шийдлийн засгийн газар” гэдэг юмуу нэрээр Засгийн газар явах байх. Та шинэчлэлийн Засгийн газрын ямар ямар бодлогыг нь үргэлжүүлэх вэ?. Тухайлбал ШУА-ын бүтэцийн өөрчлөлт, гудамж төсөл, мөн төрийн өмчийн хувчлалыг хэрхэх вэ?