С.Одонтуяа гишүүний саналыг бичлэгээс үзнэ үү
2014.11.21

С.Одонтуяа: Шоугүй Засгийн газар байгаарай

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэд УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн асуусан асуулт, мөн саналыг хүргэж байна.

С.Одонтуяа: Бид эдийн засгийн онц байдал зарлах ёстой.

С.Одонтуяа асуув: Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүлгийн хуралд сууж байхад Манай Засгийн газрын гишүүд “Манайх шиг 10 хувийн өсөлттэй эдийн засагтай улс байхгүй. Та нар жаахан хүлээгээд бидний оруулж ирсэн бүх хууль тогтоомжыг дэмжээд өгөөч. Тэгвэл доллар 1350 хүрчихнэ, хувийн хэвшлийнхэн босоод ирнэ” гэж ярьсан. АН-д иргэд  төрийн энэ хүнд нөсөр тогтолцооноосоо салах байх гэж  бидэнд сонголт өгсөн. Үүнээсээ салаагүй, харин ч нэмэгдсэн. Харин одоо мөнгөгүй болж үүнээсээ салж байх шиг байна. Өнгөрсөн хоёр жилд бид бодлогын шинэчлэлийг хийж чадаагүй, яамдууд аж ахуйн ажил хийсээр байгаад таарсан. Бизнес эрхлэгчид АН-аас бизнесийн эрх чөлөөг нэмэхийг хамгийн их хүлээ байсан. Одоо улам хумигдчихлаа...Одоо иргэд танаас “Энэ Ерөнхий сайд хямралаас гаргаж чадах болов уу” л гэж харж байгаа. Миний харж байгаагаар өнөөдөр бид эдийн засгийн онц байдал зарлах ёстой.

Ч.Сайханбилэг хариулав: Танитай санал нэг байна. Бизнесийн орчинд эрх чөлөөтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Хүссэн хүсээгүй бүсээ чангалах болно

С.Одонтуяа: Шоугүй Засгийн газар байгаарай.

Санал хэллээ

Зоригтой, шийдэмгий Ерөнхий сайд байгаасай гэж хүсэж байна.

Сүүлийн 20 жил яагаад хөгжиж чадахгүй байгаагын учрыг Би УИХ-д орж ирээд ойлгож байна. Энэ нь хариуцлагын асуудал юм байна. Энэ ерөөсөө яригддаггүй юм байна. Бүлэг дээр ч, УИХ дээр ч яригддаггүй. Нэг албан тушаалтан, сайд дээр хариуцлага тооцъё гэхээр урвагчаар нь дууддаг, намын нэгдэл, хагаргалаа бутаргалаа гэж ярьдаг. Хэдэн улс төрч нь найз нөхөд, намынхаа эрх ашгийг бодоод улс орны эрх ашгийг хаячихдаг юм байна. Ингэж нэг хүн оруулж ирчихээд шахдагаа болих хэрэгтэй. Хоёроос гурван хүн оруулж ирж хараат бус, сонголт хийх боломж олгож ирдэг байх хэрэгтэй шүү...Хямралаас үүдэлтэй төрийн байгууллагын орон тооны цомхотголоос маш олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. Гудамжинд гардаг, моргейжийн зээлээ төлж чадахгүй болох вий, анхаараарай. Шоугүй Засгийн газар байгаарай.