Кабинетаа "зөв" бүрдүүлэх ёстойг гишүүд сануулав
Зургийг inet.mn -ээс авав. Зурагчин Ц.Батбаатар
2014.11.21

Кабинетаа "зөв" бүрдүүлэх ёстойг гишүүд сануулав

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэд УИХ-ын гишүүд нэр дэвшигчдэд хандан санал хэллээ.

А.Бакей: Кабинетийн зарчмаар ажлуулаж чаддаг байх хэрэгтэй

Зарим зүйлийг анхаарч ажиллаач ээ гэсэн хүсэлт хэлмээр байна. Хамгийн түрүүнд багаа зөв бүрдүүлээрэй. Мэргэжлийн, улс орны төлөө сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүсээр багаа бүрдүүлж, мөн тэднийгээ кабинетийн зарчмаар ажлуулж чаддаг байх хэрэгтэй.

Нөгөө талаасаа зангаргатай ажиллах хэрэгтэй. Хэтэрхий аар саар, тулга тойрсон асуудлаар хөөцөлдөж, том асуудлыг анзаарахгүй өнгөрөөвөл үр дүнд хүрэхгүй. Холын харж ажилаарай...Казах түмэн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулж ирсэн, одоо ч оруулж байгаа. Үндэсний цөөнхийн тулгамдсан асуудал маш их байна. Үүнд онцгой анхаарал хандуулж төр засгийн шийдвэр гаргах төвшинд үндэсний цөөнхийн оролцоог нэмэгдүүлэх талд анхаарахыг хүсье.

Ч.Улаан: Баруун тал хоосон байгаа чинь дэмжлэг биш шүү

“Эвсэл байгуулсан зарчимдаа тулгуурлан би дэмжиж байгаа. Ийм хүнд үед ачаа үүрэх эр зориг гаргасанд нь Ч.Сайханбилэг сайдад талархаж, хүндэтгэлтэй хандаж байна.

Өмнөх ажлынхаа сайныг үргэжилүүлээд, саарыг нь сайжруулаад аваад яваасай. Бужигнуулж ажиллаж болохгүй. Ялангуяа мэргэжлийн хүмүүсээ түшиглэж ажиллахаас өөр арга зам байхгүй шүү.

“Ухаантай хүн сууж байгаа мөчрөө тайрч болдоггүй” гэдгийг мэдэх биз ээ Та. Энэ богино хугацаанд 20,30 жилийн гажуудлыг засаж амжихгүй. Тиймээс юм бүхэн рүү орж хүчээ тарамдуулж болохгүй.

Хамгийн ажлын тулгамдсан асуудал шийдэх ноён нуруу шүү. Сангийн яам бол таны гал тогоо. Ард түмний өдөр тутмын хэрэглээ болсон хоол унд тэнд буцалж байгааг анхаараарай. Хол алдаж, хөвж болохгүй шүү. Ерөнхий сайд болон Засгийн газраас маш их зүйл хүлээгээд хэрэггүй шүү дээ Гишүүдээ.

Энэ боломжыг чинь Цаг хугацаа, нөхцөл боломж, чадвар чадавхи нь хязгаарлачихсан байгаа. УИХ өөрөө маш хязгаарлагдмал орчин нөхцөл бий болгочихсон. Эдийн засагт шинэ нөхцөл нээх боломж байхгүй, зөвхөн амьдралыг дөнгөн залгах залгуулах тийм л орон зай үлдээчихсэн...Гадаад, дотоод нөхцөл байдал чинь хязгаарлагдмал байгаа. Баруун тал хоосон байгаа чинь дэмжлэг биш шүү.... Оюутолгой бидний толгойны хорт хавдар болсон. Хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Амьдрал залгуулах нь нэн тулгамдсан асуудал болсон. Хямралын үед ажиллаж сурах хэрэгтэй.