Ж.Эрдэнэбат: Тусгай сангуудыг цэгцлэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.11.11

Ж.Эрдэнэбат: Тусгай сангуудыг цэгцлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбатаас зарим асуултад хариулт авлаа.

-2015 оны төсвийг батлах хуулийн хугацаа тулчихлаа. Гэтэл төсвөө батлуулах Ерөнхий сайд алга, Сангийн сайд ч алга. Ер нь төсвийн хэлэлцүүлэг ямар шатандаа явна вэ?

Төсөв гэдэг өөрөө хууль. Засгийн газар төслөө өргөн барьчихна гэдэг УИХ-ын эрх мэдэлд шилжиж байна гэсэн үг.

Нэг талдаа бүсээ чангалахаас өөр арга алга. 

УИХ одоо яриад шийднэ. Төсөл өргөн барьсан Ерөнхий сайд нь огцорсон, Сангийн сайд байхгүй гэдэг өөрөө асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ орлож байгаа хүмүүс нь тайлбараа хийгээд явЖ байна. Ер нь бол өргөн барьсан ирэх оны төсвийн хувьд хэцүүхэн л байна. Засгийн газар 2013, 2014 оны төсвийн хуулиа хэрэгжүүлж чадаагүй.

Маш олон тэрбум төгрөгөөр төсөв тасарсан. Үүнээс болж маш олон үйл ажиллагааг санхүүжүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, төсөв өөрөө эдийн засгаа тэтгэдэг зорилгоо биелүүлэхээ больсон.

Дээр нь төсвийн хөрөнгө оруулалтаар ажил үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь банкны өрөнд баригдчихсан их л хүнд байна. Энэ бүх байдал 2015 онд дахиад л давтагдахаар байна.

-Юу гэсэн үг вэ?

Ганц л жишээ хэлье. 2014 оны орлого төвлөрөхгүй, төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй нь тодорхой байгаа. Ойролцоогоор нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого тасарна. Гэтэл 2015 онд энэ оны төсвийн орлогын төлөвлөгөөн дээр дахиад 160 тэрбумыг нэмсэн байна.

Иймэрхүү л төлөвлөлттэй төсөв орж ирсэн. Өөрөөр хэлбэл, данхайсан төсвөө танахгүй нь. Нөгөө талдаа эдийн засаг уналтад орж, гадаадын хөрөнгө оруулалт татарлаа. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч үйл ажиллагаагаа зогсоож байна. Ийм үед энэ онд төлөвлөснөөсөө ихийг олно гэдэг бүтэхгүй зүйл.

-Бүсээ чангална гэсэн үг үү?

Нэг талдаа бүсээ чангалахаас өөр арга алга. Гэтэл нөгөө талдаа үнийн өндөр өсөлтийг дагаад цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх зайлшгүй шаардлага байна. Энэ мэт зөрчилтэй зүйл төсвийн хуульд олон бий.

-Хөрөнгө оруулалт ямархуу байх нь вэ. Хямралын үед хөрөнгө оруулалтаа нэмж, урсгал зардлаа танах ёстой байтал 2015 оны төсөв дээр энэ бүхэн эсрэгээрээ орж ирсэн гэх юм.

Хөрөнгө оруулалт гэдэг өөрөө төсвөөс эдийн засгийг тэтгэж буй нэг хэлбэр. Тодорхой хэмжээний хөрөнгөөр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж эдийн засгаа дэмждэг. Гэвч сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50- 60 хувьтай л явна. 2011, 2012 онд эхэлсэн ажлууд өнөөдрийг хүртэл дуусаагүй явна.

Ганц л жишээ хэлье. 2014 оны орлого төвлөрөхгүй, төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй нь тодорхой байгаа.

Энэ нь эргээд аж ахуйн нэгжүүддээ дарамт болсоор байна. Өөрөөр хэлбэл, манайд шууд хөрөнгөө гаргаад ажил хийчих компани тун цөөхөн. Бүгд л банкнаас зээл авдаг. Гэтэл төр нь мөнгөө өгөхгүй болохоор банкны зээл, хүүндээ "шатаж", банкууд ч дагаад эрсдэлд орж байна. Аль аль нь дампуурлын байдалд орж байна.

-Төсвийн урсгал зардлыг танах чиглэлд Зарлагын хяналтын дэд хороо ямар ажлууд хийж байна вэ ?

Урсгал зардлыг бид 2012 оны төвшинтэй харьцуулж үзэж байгаа. Тэгэхэд төрийн албан хаагчдын тоо 20 мянга орчмоор нэмэгдэж. Үүнээс шинээр барьсан сургууль, цэцэрлэгийн орон тоог хасаад үзвэл 12 мянгаар төрийн албан хаагч нэмэгдэж.

Энэ 12 мянган хүн зөвхөн цалин аваад зогсохгүй үйл ажиллагаа явуулахад цаасны, бичиг хэргийн, шуудангийн, тээврийн гээд бусад зардал гардаг. Энэ бүхэн төсөв дээр томоохон дарамт болсон. Дээр нь зарим урсгал зардлыг багагүй хэмжээнд нэмж оруулж иржээ.

Дотоод албан томилолтын зардлыг 2012 оныхтой харьцуулахад 10 тэрбумаар нэмсэн байх жишээтэй. Бас Засгийн газрын тусгай сангууд маш олон болж. Эдийн засгаа дэмжиж байгаа, үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж байгаа сангууд нь байг гэж бодъё. Гэтэл үр дүнд хүрдэггүй сангууд ч байна.

Утаагүй болгоно гээд "Цэвэр агаар" санг байгуулсан. Жилдээ 30 гаруй тэрбум төгрөг энэ сангаар дамжуулдаг. Утаа буурч байна уу, үгүй шүү дээ. Яагаад гэвэл өнөөх сан нь зуух, түлш л тараах ажил хийх юм. Өөрөөр хэлбэл, утаа л үйлдвэрлэж байна.

Бараг жил болгон зарж байгаа тэр 20-30 тэрбумаа байшин барихад зарцуулсан бол арай өөр үр дүн гарна. Энэ мэт зардлыг эргэж харах зайлшгүй шаардлага байна. Тусгай сангуудыг цэгцлэх шаардлагатай.

-Ирэх жил өрийн дарамт нэмэгдэх нь гэж байгаа. Ямархуу дүр зурагтай байна вэ?

Улсын тесөв дээр маш их өрийн дарамт орж ирнэ. 1.8 их наяд төгрөгийн шилжих дотоод бондын үлдэгдэл бий. Ер нь бол Засгийн газрын нэр хүнд ч зах зээл дээр уначихаад байна.

2012 онд 7, 8 хувийн хүүтэй арилжаалагддаг байсан Засгийн газрын бондын хүү одоо 15 хувьтай болсон. Юу гэхээр Засгийн газарт үзүүлж буй итгэл буурчээ.