НҮБ-ын хүүхдийн сангийн бүсийн захирал Даниэль Түүл Монгол улсад айлчилна
НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Даниэль Түүл 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Монгол улсад айлчилна.
Тэрээр айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг, ХАХНХ-ийн Сайд С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа нартай ажлын уулзалт хийхээр төлөвлөж байна.
Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн төсөл хэрэгжиж буй Налайх дүүргийн хүүхдийн аж байдалтай болон Хүүхдийн тусламжийн утас-108 үйл ажиллагаатай танилцах юм.
Даниэль Түүл нь Бангкок хотод байрладаг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал бөгөөд Зүүн Ази, Номхон далайн бүсийн нийт 28 орныг хамран ажилладаг НҮБ-ын Хүүхдийн сангийн 14 оффисын бүсийн болон дэлхийн хэмжээний үйл ажиллагааг хариуцан удирддаг.
Тэрээр АНУ-ын Аризонагийн их сургуулийг бакалавр, Голландын Гааг хот дахь Нийгмийн ухааны их сургуулийг магистр зэрэгтэй зэрэгтэй тус тус дүүргэсэн. Франц, Испани хэлтэй.
Бүсийн захиралаар томилогдохоосоо өмнө тэрээр Катманду дахь Өмнөд Азийн бүсийн захирлаар 4 жил ажиллаж байсан бөгөөд ингэхдээ Афганистан, Бангладеш, Бутан, Энэтхэг, Мальдив, Непал, Пакистан, Шри Ланка орнуудыг хариуцан ажиллаж байсан. 2010 оны 9-12 дугаар сарын хооронд Пакистанд болсон их үерийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Тусгай суурин төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан юм.
Үүнээс өмнө Даниэль Түүл Нью-Йорк дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Онцгой байдлын хөтөлбөрийн захирал байсан бөгөөд байгалийн болон хүнээс хамааралтай онцгой байдал, аюул гамшиг гарсан үед НҮБ-ын Хүүхдийн сангаас үзүүлэх дэлхийн хэмжээний хариу арга хэмжээг хариуцан ажиллаж байсан байна.
Түүнчлэн онцгой байдлын үед НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллага болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг удирдан зохион байгуулж, НҮБ-ын Хүүхдийн сангийн нийт ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж байсан.
Даниэль Түүл нь НҮБ-ын Хүүхдийн сангийн Дэлхийн удирдах багийн гишүүн юм. 2004-2006 оны НҮБ-ын Эрт анхааруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах багийн дарга, 2007 онд тэрээр НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр 4 сар ажилласан.
Ингэхдээ Онцгой байдлын хөтөлбөр, хөтөлбөрийн санхүүжилт, хувийн хэвшил ба олон нийтийн түншлэл, үнэлгээ, харилцаа, мэдээлэл зэрэг 7 салбарын үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцан удирдаж байсны сацуу давхар НҮБ-ын Хүүхдийн сангийн Удирдах зөвлөлийн харилцааг хариуцаж байсан болно.
Даниэль Түүл хүмүүнлэгийн асуудалд идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд НҮБ-ын Хүмүүнлэгийн ажлыг зохицуулах газраас саяхан гаргасан “Хүмүүнлэгийн ажилтнууд аюултай орчинд ажиллах арга зам” нэртэй тайлангийн Зөвлөх гишүүнээр ажилласан. Тэрээр Хүмүүнлэгийн тусламж ба хамгааллын мэргэжилтнүүд байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн юм.
Даниэль Түүл НҮБ-ын Хүүхдийн санд 15 жилийн турш ажиллахдаа дараах удирдах албан тушаалуудыг хашиж байсан. Үүнд:
• НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Кэрол Белламигийн Тамгын газрын дарга
• Руанда болон Мали улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч
• Танзани улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч