Монгол, Индонезийн парламентын бүлгийн дарга Индонезид ажиллав
УИХ-ын гишүүн, Монгол, Индонезийн Парламентын бүлгийн дарга О.Баасанхүү Бүгд Найрамдах Индонез Улсад ажиллав.
2014.11.03

Монгол, Индонезийн парламентын бүлгийн дарга Индонезид ажиллав

УИХ-ын гишүүн, Монгол, Индонезийн Парламентын бүлгийн дарга О.Баасанхүү 2014 оны 10 дугаар сарын 31-нд Бүгд Найрамдах Индонез Улсад ажиллаж, тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоо­рондын хамтын ажил­лагааны хорооны дарга хатагтай Нурхаяати Али Ассегафтай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол, Индо­незийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тог­тоох байгуул­лагуудын хам­тын ажил­лагаа чухал бо­лохыг тэмдэг­лээд, ашигт малтмалд тул­гуурласан эдийн засагтай орнуудын хувьд энэ салбарын хууль тогтоомжийн та­лаар харилцан туршлага солил­цох сонирхолтойгоо илэр­хийлэв. Мөн хоёр орны иргэд хоорондын харил­цааг идэвхжүүлэх зорилгоор Индонезид аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол Улсын иргэдэд тус улсын хил дээр виз олгох боломжийг судлахыг хүсэв.

Хатагтай Н.Ассегаф Парламент хоорондын хам­тын ажиллагааны даргаар томилогдсоноос хойших гадаадын анхны зочноор монголын төлөө­лөгч­дийг ийнхүү хүлээн авч буйд баяртайгаа илэрхийлэв. Хоёр орны харилцаа 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш амжилттай хөгжиж байгаа бөгөөд цаашид энэхүү харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт, тэр дундаа пар­ламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөг­жүүлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрбээр хоёр орны иргэд хоорондын солил­цоог нэмэгдүүлэхэд ви­зийн нөхцлийг хөнгөвчлөх саналыг дэмжиж, холбогдох арга хэмжээ авахаа мэдэгдэв.

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Индо­нез Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын Парламент хоорондын хамтын ажиллагааны хо­рооны дэд дарга М.Хафид нар тус тус оролцов.