Хүүхдийн “Мини парламент”-ын III хуралдаан амжилттай хуралдлаа
Хүүхэд багачуудын дунд тулгамдаж буй асуудлуудыг тэдний оролцоотойгоор тодорхойлж, шийдвэр гаргагчдад уламжлан шийдвэрлүүлэх тогтолцоог бий болгох зорилгоор Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан Аймгийн ИТХ-ын дэргэд байгуулагдсан хүүхдийн “Мини парламент”-ын III хуралдаан 2014 оны 10-р сарын 17-нд Нутгийн удирдлагын ордны “Говь” танхимд боллоо.
Өмнөговь аймгийн хүүхдийн “Мини парламент”-ын дарга Эрдмийн гэгээ сургуулийн 12б ангийн сурагч Б.Пүрэвжав хуралдааныг нээж үг хэлсний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглэснээр хуралдаан эхэллээ.
“Мини парламент”-ын III хуралдаанд Аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, ИТХ-ын төлөөлөгчдийн ажлын албаны дарга Д.Мядагсүрэн, БГ-ын дарга Д.Баасанхүү, ХГБХХ-ийн дарга Б.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн ахлах мэргэжилтэн Т.Мөнгөнтуул нар оролцлоо.
Хуралдааны эхэнд Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг II хуралдаанаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн талаар тайлан мэдээлэл хийлээ.
III хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Үүнд:
1. 2015 онд Аймгийн хүүхдийн чуулган зохион байгуулах асуудал төлөөлөгчдийн 100% санал авч саналыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлэхээр боллоо.
2. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг оролцуулан аймгийн хэмжээнд их цэвэрлэгээг хагас жил тутам зохион байгуулах асуудлыг хэлэлцэж, 10-р сарын 25-нд эхний цэвэрлэгээг хийх шийдвэр гаргалаа.
3. “Мини парламент”-ын 5 хороо тус бүр “ Сурагчдын ёс зүйн хүмүүжил “сэдвээр хэлэлцэж дараагийн хуралдаанд санал оруулахаар боллоо.