Д.Галсандорж: Шахааны бизнесийн үүр болно
Эрдэнэс Тавантолгойн талаар Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржоос тодрууллаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг стратегийн хөрөнгө оруулагчдад шилжүүлж, боловсруулах үйлдвэр бариулж, дэд бүтэц тавиулснаар нүүрсний экспортын нөхцөл хэрхэн сайжирна гэж харж байна вэ?
Манай холбооноос Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг нэг баяжуулах үйлдвэртэй, нэгдсэн маркетингтай нүүрсээ борлуулдаг, тээврийн дэд бүтэцтэй байх шаардлагатай гэж үздэг. Энэ саналаа ч олон удаа хэлж байсан. Ер нь нүүрсний экспортыг нэгдсэн боддогоор явуулах шаардлагатай юм. Ингэж “нэг цонх”-оор экспортолбол нүүрсээ үнэд хүргэж чадна. Тавантолгойн ордын өрсөлдөх чадвар ч сайжирна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа өндийх янз алга. Энэ компанийг мэргэжлийн менежментийн багаар удирдуулахгүй байна. Удирдлагууд нь худалдан авагч талтайгаа ч хэл амаа ололцдоггүй бололтой.
Хувийн хэвшилд менежментийг нь шилжүүлэх хэрэгтэй нь маргашгүй. “Монголиан майнинг корпорэшн" компанид “Эрдэнэс Тавантолгой”-н менежментийг өгөх нь гэж ярьж байна. Болохгүй зүйл огт байхгүй. Хамгийн сайн менежментийн багтай, шалгуурыг нь хангасан компани байх ёстой. Төрийн мэдэлд байгаад хэрэггүй. Шахааны бизнесийн үүр болно.