Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2025.04.15/-ны өдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
Энэ хуулийн хэрэгжилтийг үзээсэй гэж бодож байсан юм. Сөхөж харсан бололтой байна. Гэхдээ ЗГ-ын аргачлал байдаг гэж ойлголоо. Түүгээр хийгээд дүгнэлтүүд гарч. Энэ 4 дүгнэлттэй санал нэг байна. Гэхдээ энэ аргачлалаар хийхэд хэрэгжилтийн хувийг тооцож болдог уу?
Инновацийн анхдагч хуулийг 2012 онд батлахад П.Ганзориг гишүүн бид 2 ажлын хэсэгт нь байсан. Сонгуулийн өмнө нэлээн яаралтай баталсан. Тухайн үед сонгуулийн хугацаа урт, чуулган ажлаа эрт дуусгадаг байлаа. Энэ хуулийн амин сүнс нь болсон хэсгийг 2013 оноос эхлэн хасч танасаар байгаад бурхан гэж бодвол шүншиггүй болчихсон тийм л хууль санагдаад байгаа юм. Учир нь санхүүжилтийн асуудал байхгүй, бүхэл бүтэн бүлгийг хассан, батлагдсанаас жилийн дараа Инновацийн сангийн тухай заалтыг нь хасаад ШУ, технологийн сангаас алдаг оног санхүүжүүлээд төсөл нь ч алдаг оног. Зарим жилдээ санхүүжилт байхгүй. Ийм байдалтай төсөл болчихоод байгаа юм. Энэ хуулийг агуулгын хувьд шинэчлэхтэй бүрэн дүүрэн санал нэг байна. Тэр тусмаа ЗГ-ын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт ШУ-ны Паркийн тухай хуулийг оруулна гэсэн ажил явж байгаа. Тэгэхээр Инновацийн хуулиас бас нэг бүлэг нь байхгүй болчих юм. Тэгэхээр уг хуулиа юун дээр авч үлдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Шинэчилсэн найруулгын асуудал энүүхэн энд байгаа юм. Ямартай ч үнэлээд үзсэнд баярлалаа. Судалгаан дээр шүүмжилмээр зүйлс байна. Инновацийн үйл ажиллагааны хэрэгжилтийг монголчууд тоодоггүй болохоос биш хамгийн сайн хийсэн газар бол БНХАУ. ШУ-ны Паркаас эхлэн өндөр техногийн бүс гэсэн 3, 4 давхар бүтэцтэй. Манай улсад стартап яагаад явахгүй байна гэдгийг Инноваци хариуцсан яамны хүмүүсээс асуумаар байна. ШУ, технологийн салбарын хамгийн эмзэг цэг нь санхүүжилтийн ганцхан эх үүсвэртэй байгаа явдал гэдгийг ЮНЕСКО-ийн экспертүүд 2 удаа тодорхойлсон. Ганц эх үүсвэр нь сан байгаад байдаг. Өөр эх үүсвэр гаргах тал дээр хамтарч ажилламаар байна.