Д.Амарбаясгалан: 30,000 иргэн гарын үсэг зурснаар Хөшөөтийн уурхайг стратегийн ордод бүртгэх асуудлыг УИХ-д хэлэлцэнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Мөст сумын иргэдтэй энэ сарын 4-нд уулзаж, УИХ-ын намрын чуулганаар баталсан хуулиуд, баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
76 даргаас 126 төлөөлөгч болох зарчмын дагуу иргэдийнхээ санал хүсэлт, шүүмжлэлийг хүлээн авч, дуу хоолойг нь төлөөлөн ажиллах нь шинэ парламентын зорилго юм.
Сумын иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайн нүүрсийг ард иргэдийн амьжиргааны түвшинд тааруулан, нийлүүлдэг байх, стратегийн ордод бүртгэх талаар саналууд хэлж байна. Мөст сумын нэг өрх өвөлдөө 2 тн нүүрс хэрэглэдэг нь хүртээмжгүй байсан бол одоо 1 тн болгож бууруулжээ. Энэ нь иргэдэд улам хүндрэлтэй нөхцөлийг үүсгэж буй учраас шийдэлтэй шийдвэрүүд гаргах талд анхаарч өгөхийг хүсэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Энэ асуудлаар эхний ээлжинд аймгийн удирдлагуудтай уулзаж, Хөшөөтийн уурхайгаас нийлүүлэх асуудлыг судална. Мөн Хөшөөтийн уурхайг стратегийн ордод бүртгэх талаар иргэд D-parliament сайтад хандаж, гарын үсэг 30 000 болсон тохиолдолд УИХ хэлэлцэх боломжтой.
Энэ мэтчилэн иргэдийн амьдралд үүсэж буй хүндрэлийг заавал сонсож, холбогдох байгууллагад уламжлах нь шинэ парламентын үүрэг байх ёстой. УИХ-аас хэрэгжүүлж буй Гурван төгөлдөршлийн бодлого бол хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгож, хүний эрхийг хамгаалсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх явдал юм. Ингэж байж иргэдийнхээ эрхийг хангадаг, хамгаалдаг төртэй болно" хэмээн байр сууриа илэрхийлэв.