Уул уурхайн салбар 2017 оноос сэргэнэ гэв
“Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам” нэртэй хэлэлцүүлэг болов.
2014.10.23

Уул уурхайн салбар 2017 оноос сэргэнэ гэв

“Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам” нэртэй хэлэлцүүлэг өчигдөр, Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ- ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, эдийн засагч Ч.Хашчулуун, Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Т.Галсандорж нарын эрхмүүдээс гадна уул уурхайн компаниудын төлөөлөл оролцсон юм.

Ч.Хашчулуун, Т.Галсандорж нарын хүмүүс илтгэл тавилаа. Илтгэлүүдээс ирэх жил нүүрсний үнийн уналт хэвээр үргэлжилнэ, нүүрснээс олох ёстой мөнгөнөөс 150 сая ам.доллар дутуу олсон, боловсруулах салбар муу хөгжсөн учраас дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадахгүй байна гэсэн бараан голдуу мэдээ сонсогдов. 2016, 2017 оноос л уул уурхай сэргэх магадлалтай гэсэн таамгийг судлаачдаас гадна уул уурхайн компанийнхан хэлж байлаа.

Илтгэлүүд дуусч хэлэлцүүлэг эхлэхийн өмнө зохион байгуулагчдын зүгээс УИХ-д хүргүүлэх зөвлөмжийн төслөө сонсгосон нь зарим оролцогчид таалагдсангүй. Хэлэлцүүлэг өрнүүлсний дараа юуг яаж бичихээшийдэх ёстой гэцгээв. Зөвлөмжид Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг цаг алдалгүй үргэлжлүүлэх, Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчийн асуудлыг оноос өмнө улстөрийн хамааралгүйгээр шийдэх, стратегийн ордоос иргэддээ давуу эрхийн хвьцаа олгох,  урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах гэдэг дээр “Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд санал нийлсэнгүй.

Алтны салбарт тулгамдаж байгаа гол нэг асуудал бий. Гурван чуулган дараалж чуулган бүрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад ордог ч шийдэгдээгүй өнөөдрийг хүрлээ. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг баталъя, батлахгүй гэдэг нөхцөл байдал өнөөг хүртэл шийдэгдээгүй явсаар байгаа.

Тухайн үедээ зохих хууль, журам, дүрмийнх нь дагуу зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлж, хөрөнгө оруулсан алтны 220 лиценз урт нэртэй хуульд орчихсон. Нийт нөөц нь гэвэл 130 орчим тонн. Эдийн засагт эргэлдэх мөнгөн дүнгээр нь яривал маш том тоо гарна. Аль хэдийнэ хүчингүйд тооцогдох ёстой энэ хууль олон жилийн нүүр үзлээ. Өнөөдрийг хүртэл хамгийн гол саадыг нь манай намынхан өөрсдөө тавьж байна. Үүн дээр хэтэрхий популизм хийж байгааг намынхаа нөхдөд шууд хэлчихье.

Амьдралд наалдахгүй хууль гаргасан Б.Бат-Эрдэнэ аварга мэтийн гишүүд хууль нь хэрэгжихгүй болонгуут биелүүлээгүй улсыг нь шоронд хий, бууд гэх маягийн ойлголт руу явуулах гээд байна. Ийм харгис, булхайтай, эдийн засаг нь хүнд, эрх зүйн хувьд буруу ойлголттой нөхцөлд уул уурхайг мянга магтан дуулаад явахгүй. Өнгөрсөн чуулганаар батлагдсан рояалтийн хөнгөлөлт дээр манай намын гишүүдийн бараг нь эсрэг санал өгсөн. Эдийн засаг руугаа ойлгомжгүй ханддаг энэ хандлагадаа анхаараач" гэж ярилаа.

Уул уурхайд хөрөнгө оруулагчдын ассоциацийн ерөнхийлөгч Т.Лхагва пэг сонин статистик хэлэв. Улсын хэмжээнд лиценз эзэмшдэг 2779 компани байдаг гэнэ. 1337 нь урт нэртэй хуульд орсон, 300-500 лицензийг улсын нөөц гэсэн ангилалд хамруулж үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон аж. 106 лицензийг нэмэхээр уул уурхайн хүчинтэй лицензүүдийн 60-70 хувь нь үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгаа юм байна. Тэрээр “Байдал ийм байхад эдийн засгийг хямраахгүй яах билээ. Надад гурван санал байна. Өмчийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилахгүй. Ашиглалтын лиценз авна гэдэг гучин жилийн виз авч байна гэсэн.

Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдад ямар нэг зовлонгүйгээр ажлаа явуулах боломж олгож итгэл төрүүлэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт гэж яриад нэмэргүй. Нэгэнт хуулийн дагуу олгосон лицензүүдийг элдэв хоригоос чөлөөлж үйл ажиллагааг нь явуулмаар

байна. Төр хяналт зохицуулалтын үүргээ сайн гүйцэтгэхэд л болох асуудал. Яамдад юм шийдэх чадвартай нэг ч ажилтан алга. Үгүй гэдэг ганц үг хэлэхийн тулд тэнд олон хүн ажиллах хэрэг байна уу. Бизнесүүд өнгөрсөн хоёр жил яамдын хооронд гүйдэг, эсвэл шүүхийн хаалга сахидаг боллоо. Бүтээж байгуулах уралдаанд зарцуулах алтан цагаа ийм дэмий юманд зарж байна” гэж ярилаа.

Түүний ярианаас анзаарахад орон нутгийн дарамт шахалт их байдаг бололтой. “Манай засаг даргын тамгын газрын байрыг шинээр барьж өгөөд үйлдвэрээ байгуул” гэх Засаг дарга ч таардаг гэнэ. Нэг талаас орон нутгийн эрх мэдлийг хязгаарлах, нөгөө талдаа эдийн засгийн эрх мэдлийг орон нутагт өгөх хэрэгтэй гэсэн саналыг Уул уурхайд хөрөнгө оруулагчдын ассоциацийн ерөнхийлөгч хэлэлцүүлэг зохион байгуулсан МАН-ынханд дуулгав.

Тэрээр “Уул уурхайн салбарынхантай харилцсан компаниудаас татвар, нийгмийн даатгалын өргүй газар байхгүй. Геологи хайгуул, өрөмдлөгийн компаниудыг тендерт орох гэхээр татвар, нийгмийн даатгалаасаа тодорхойлолт аваад ир гэдэг. Тодорхойлолт авах гэхээр өртэй гээд өгдөггүй. Өртэй гэсэн ч тодорхойлолт ч хамаагүй өгчих гэхээр огт өгөхгүй гэсэн хариу хэлдэг. Тэгэхээр энэ хүмүүс яаж амьдрах вэ. Үйлдвэр нь зогссон бол  тулд нэг тендерт ч юм уу ороод жаахан ажил хийе гэж бодно доо.

Гэтэл үлдсэн бүх боломжийг нь ингээд хаачихаж байна. Тэгэхээр уул уурхайн салбарынхан. тэр дундаа лицензийг нь гацаасан компаниудад онцгойлон хандаж татвар төлөлтийг нь хойшлуулж өгөөч. Энэ асуудлаар өчнөөн компани шүүх рүү очсон. Шүүх дээр очихоор өмч хөрөнгийг чинь хураана энэ тэр гээд бөөн асуудал үүсээд байна МАН энэ асуудлаар УИХ-тай хамтарч ажиллаж тодорхой шийдэлд хүрнэ гэж найдах байна. Тэгэхгүй бол эдийн засаг өнөөдрийнхөөсөө ч дордож мэднэ” гэж ярилаа.