“Шударга ёс” эвслийн бүлэг Цагаан суваргын ордын асуудлаар завсарлага авав
Цагаан суваргын зэс молибедины орд
2014.06.13

“Шударга ёс” эвслийн бүлэг Цагаан суваргын ордын асуудлаар завсарлага авав

УИХ-ын баасан гаригийн чуулганы хуралдаанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцсэн юм.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэнийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн байна. Төслийн нэрийг “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” гэж өөрчлөх санал мөн дэмжлэг авчээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Оюутолгойн Монголын талын 34 хувийн өр дийлдэхээ байчихсан, Тавантолгойн өр 850 тэрбум төгрөгт хүрчихсэн байж, Цагаан суваргын ордод төр 34 хүртэл хувь эзэмшье, түүндээ 350 сая ам.долларын санхүүжилт хийе гэж оруулж ирсэнийг үнэндээ ойлгохгүй байна. Түүгээр зогсохгүй 350 сая ам.долларыг бонд гаргаж, санхүүжүүлнэ гэдэг, Уул уурхайн сайдын толгойд яаж ийм санаа орж ирж байна вэ гэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үүний цаана үндэсний аюулгүй байдалтай холбоотой томоохон асуудал байгааг хэлж, энэ нь  стратегийн ордод төр хувь эзэмшихийг үгүй хийх, Оюутолгойд төр 34 хувь эзэмшихийг үгүй хийх, цаашдаад “Эрдэнэт” үйлдвэрт 51 хувь эзэмшиж байгааг үгүй хийх санаа явж байна гэлээ.

УИХ-ын гишүүн  Х.Болорчулуун ч мөн санал нэг байгаагаа илэрхийлэв. Тэрээр энэ тухай “ 40 жилийн өмнө биш дөрвөн жилийн өмнө Монгол стартегийн 15 орд газартай байна гэж заасан. Үүнд Эрдэнэтээс эхлээд энэ Цагаан суварга байгаа. Гайхаж байна. Гэтэл Ашигт малтмалын хуулийг хэлэлцэж байгаа яг энэ цаг үед ганцааранг нь оруулж байгаа юм байна. Цагаан суварагаас төр хувь авахгүйг гэж байгаа юм бол бусад 14 орд газраас ч авахгүй юм байна гэсэн ойлголт бас жишиг тогтох нь” гэсэн юм.

Эцэст нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэдэг заалтыг дэмжихгүй байгаа учраас завсарлага авлаа.

Ажлын тав хоногоор завсарлага авч байна” хэмээн мэдэгдсэн