Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, “Розенбауэр” компанийн гүйцэтгэх захирал Херберт Пөлингер нар гарын үсэг зурлаа.
2014.10.29
Онцгой байдлын салбарт 5.2 сая еврогийн техник хэрэгслийн шинэчлэл хийгдэнэ
Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар хоорондын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-нд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, “Розенбауэр” компанийн гүйцэтгэх захирал Херберт Пөлингер нар гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл нь нийт 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий дөрвөн төрлийн 16 автомашин, дагалдах 2000 гаруй тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэгдэх ажээ.
Монголын эрс тэс уур амьсгалд тохируулан үйлдвэрлэгдэх евро стандартын эдгээр автомашин техник хэрэгсэл 2015 оны 09 дүгээр сар гэхэд манай улсад нийлүүлэгдэж эхлэх юм байна. Хөнгөлөлттэй зээлийн төсөлд Улаанбаатар хотоос гадна Архангай, Булган, Хөвсгөл, Орхон зэрэг 11 аймаг хамрагдаж, 2015 онд евро стандартын техник хэрэгслээр хангагдахаар боллоо.