Сарын дараа “халагдах” оюутан цэргүүд хэдий нь бие, сэтгэлээрээ ясны цэргүүд болжээ.
2014.07.25

“Оюутан-цэрэг” -үүд цэргийн албаа амжилттай хааж байна

“Оюутан цэрэг”-үүд цэргийн дүрэм, цэргийн мэргэжлийн бэлтгэл, тактик гээд номын дуу сонсоно, мөн жагсаалын бэлтгэл, биеийн тамир, буудлага, холбоо, галын болон инженерийн бэлтгэл гээд зав чөлөөгүй дасгал сургуулилтдаа хамрагдана.

Мөн жагсаалын дуу сурч, захны даавуу, хувцас хэрэглэлээ өөд нь татаж, цэвэр цэмцгэрийг сахина. Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хэд хэд оролцсон туршлагатай сургагч офицеруудаасаа амьд гарах арга ухаан, зайлшгүй нөхцөлд эрсдэл багатай хэрхэн зохицох зэрэг амьдралын хар ухаанд суралцана.

Ийнхүү оюутан цэргүүдийн нэг өдөр өчүүхэн ч сул чөлөөгүй, үр дүнтэй, эрч хүч дүүрэн өнгөрнө. Сарын дараа “халагдах” оюутан цэргүүд хэдий нь бие, сэтгэлээрээ ясны цэргүүд болжээ. 

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхны шанг татагчид болох нийслэлийн есөн дүүргийн, 42 их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 410 оюутан-цэрэг “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтандаа хамрагдан, цэргийн албаа хааж байгаа нь энэ.

Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хоёр сарын хугацаанд үндсэн хичээлийнхээ зэрэгцээ 96 цагийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт ороод ийнхүү хоёрдугаар шатны бэлтгэл буюу цэргийн анхан шатны бэлтгэл сургалт, цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээлүүдэд хамрагдаж байна.

Оюутан цэргүүд  2014 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд 560 цагийн  есөн төрлийн хичээлийг судалж байна.

“Оюутан цэрэг” сургалтын төвийн даргаар 119 дүгээр ангийн захирагч, хурандаа  Д.Энхбаатар, “Оюутан цэрэг” сургалтын төвийн штабын даргаар дэд хурандаа С.Жаргалсайхан нар ажиллаж байна. Цэргийн эрдмийн хичээлүүдийг дандаа шилдэг офицерууд заадаг. Жишээ нь, энхийг сахиулах ажиллагаанд гурвантаа оролцсон туршлагатай офицер, салаан захирагч А.Баяртогтох цэргүүдэд амьд гарах арга ухааны хичээл зааж байх үед нь бид очлоо.

Тэрбээр цэргүүдэд хүн нэг бүрийн хэрэглэл болох цуваа ашиглан нэгээс 12 хүртэлх хүний майхан хийх, бороо шороо, халуун хүйтнээс хэрхэн найдвартай хамгаалж болох талаар сургалт явуулж байлаа. Энэ мэтчилэн цэргийн алба хаах хугацаандаа сурсан мэдсэн бүхэн эргээд энгийн амьдралд хэрэг болох нь тодорхой.

Оюутан-цэргүүдийн хэнтэй нь уулзсан энэхүү хөтөлбөрт хамрагдсанаа аз завшаантай явдал гээд, тэсвэр тэвчээр, ачаалал даах чадвар, бусадтай харьцах харьцаа, амьдралыг үзэх үзэл, эх орноо хайрлах, ойлгох ойлголт, цэргийн албаны тухай мэдлэг мэдээлэлд орсон дэвшилт өөрчлөлтөө ам уралдан ярьцгааж байлаа.

 Ямартай ч, энэхүү хөтөлбөрийг анх санаачлахдаа монгол залуу болгон эх оронч, эх орон, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг,  зэр зэвсэгтэй харьцаж чаддаг, бие бялдар сайтай, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисын түүх шаштирыг мэддэг, эх оронч үзэлтэй, эх орны цэрэг болж төлөвшүүлэх зорилгоо биелүүлж эхэлсэн нь харагдаж байлаа.

Тэдний амнаас хүнд хэцүү, шантарсан бэрхшээсэн гэсэн үгс унахгүй байгаа нь эх орноо батлан хамгаалах эр цэргийн үүргээ ухамсарласан, цэргийн алба таалагдсаны шинж биз ээ. Тэд үе тэнгийнхээ залууст

“Оюутан-цэрэг”хөтөлбөр

“Заавал оюутан цэрэг болоорой. Эсвэл жилийн цэргийн албаа хаагаарай. Тэгэхгүй бол маш их зүйл алдах юм байна шүү. Цэргийн албанаас харин олон зүйлийг олно” гэснийг дамжуулъя даа.

Баянхонгор аймгаас нийслэл хотноо оюутан болж ирээд, СУИС-ийн дуулаачийн нэгдүгээр дамжаанд суралцаж байгаа оюутан-цэрэг Г.Алтанхундага “Эх орноо хайрлана, хамгаална гэж цээжээ хоосон дэлдэх хэрэггүй, гагцхүү үнэн сэтгэлээсээ ганц ч болов сайн үйл хийхэд л эх орны төлөө хийж байгаа чиний хувь нэмэр тэр” гээд Богд суманд суугаа хайрт аав ээждээ мэнд хүргэж, эр цэргийн алба хаах, эх орны төлөө зүтгэх эр хүн болгож төрүүлж, өсгөсөнд баярлалаа гэж байна лээ.

Түүний адил зүг зүгээс хуран цугларсан 400 гаруй оюутан-цэрэг удахгүй халагдан, оюутны ширээнээ, сургуульдаа эргэн очно. Зуны амралтаа амарч зугаалж, доргиж наргиж өнгөрөөсөн үеийнхнээсээ харин тэд нэг шат илүү алхсан байх болно. Оюутан байхдаа цэргийн албаа хаалаа гэж...

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар хамтарсан тушаал гаргаж, 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхэлсэн нь ийнхүү амжилттай үргэлжилж байна.

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын ангийноюутан залуус сурахын зэрэгцээ цэргийн албаа хааж, цаг хугацаа, эдийн засгаа хэмнэхийн зэрэгцээ төгсмөгцөө төрийн албанд шууд ажиллах зэрэг олон боломж нээгдэх юм. Түүнчлэн гадаадын цэргийн их, дээд сургуульд суралцах сонгон шалгаруулалтанд оролцох, дайчилгааны нөөцийн мэргэжлийн бэлтгэл болон бэлтгэл офицеруудын сургалтанд хамрагдах, цаашлаад Энхийг сахиулах олон улсын ажиллагаанд ч оролцох боломж нээгдэж байгаа юм.

Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 1990 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болж байгаа юм. Иймдсуралцахын зэрэгцээ цэргийн алба хаах боломж олгож буй “Оюутан-цэрэг”хөтөлбөр цаг үеэ олсон арга хэмжээ болж байгаа талаар оюутан залуус, эцэг эхчүүд талархаж байна.