Эх оронч үзлийн гүн гүнзгий итгэл үнэмшилтэй болгож өгч байгаад талархах учиртай
“Монгол цэргийн өдөрлөг” нэртэй өдөрлөг зохион байгуулагдлаа. Энэ өдөрлөгт нийслэлийн цэргийн хүрээний 27 анги нэгтгэлийн гурван үеийн цэрэг дайчид оролцсон юм.
Энэ үеэр залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, мөн батлан хамгаалах салбарт хийгдэж байгаа зарим нэгэн шинэчлэлтүүдийг танилцуулах зэргээр нийслэлийн 9 дүүргийн цэргийн штаб иргэдтэй нээлттэй ажиллалаа.
Нэг үеэ бодвол цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо өссөн. Энэ бол манай батлан хамгаалах салбарын чансаа жил ирэх тусам сайжирч, дэлхий нийтэд үнэлэгдэж байгаатай холбоотой гэж энэ үеэр албаныхан онцолсон. Монгол цэргийн өдөрлөгийн гол зорилго ч үүнд чиглэж байгаа гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Жинхэнээсээ эх оронч үзлийн гүн гүнзгий итгэл үнэмшилтэй болгож өгч байгаад талархах учиртай” хэмээн хэлсэн юм.
Цэргийн алба цаг үеэ дагаад албадлагын шинжээсээ илүү иргэнлэг болж байгаад иргэд талархалтай хандаж байгааг албаныхан ярьж байсан. Ялангуяа гэрээт цэрэг, ажлын байр, оюутан цэрэг зэрэг хөтөлбөрүүд нь цэргийн албаны ач холбогдлыг олон нийтэд сурталчилахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэлсэн.
Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарын хэлснээр “Монгол Улсын Засгийн газраас оюутан цэрэг хөтөлбөр баталсан. Энэ бол оюутнуудын сурч боловсрох хугацаанд нь цэргийн үүргээ биелүүлэх боломжийг олгож байгаагаараа энэ давуу талтай гэж би ойлгож байгаа.”
Цэргийн албыг биеэр хаах боломжгүй иргэд дүйцүүлэх албаар үүргээ гүйцэтгэдэг. Өнгөрсөн жил дүйцүүлэх албаар 1400 гаруй хүн 595 сая төгрөг тушаасан бол энэ жилийн эхний 6 сарын байдлаар л гэхэд 670 гаруй хүн дүйцүүлэх албанд 350-иад сая төгрөг төлсөн байна. Энэ мэтчилэн цэргийн албанд хандах олон нийтийн хандлага улам бүр бэхжиж байгааг Монгол цэргийн өдөрлөгийн хүрээнд онцолж байсан юм.