Цэргийн алба хаах оюутнуудыг энэ сарыг дуустал бүртгэнэ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр МУИС-ийн төв байрны дугуй танхимд боллоо.
Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, их, дээд сургуулийн удирдлагууд оролцсон юм.
Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан нарт тус тус гардуулж, Монгол цэргийн баярын өдрийн мэнд дэвшүүлэв.
Тэрээр үргэлжлүүлэн “Энэ онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2223 жилийн ой тохиож байгаа. Монгол хүний түүх, Монгол Улсын түүх дандаа арми, цэрэгтэй холбоотой байдаг. Тийм учраас оюутан залуусыг эх орноо, тусгаар тогтнолоо, өөрийгөө, гэр бүлээ хамгаалж чаддаг бүх талын эрдэм мэдлэгтэй болох боломжийг нээж өгч байна. Тиймээс энэхүү хөтөлбөр нь гүн гүнзгий утга учиртай, алс хэтийн олон талын ач холбогдолтой чухал хөтөлбөр юм. Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийг хөтөлбөр болгосон Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ажлын хэсэгт оролцож ажилласан цэрэг, арми, оюутан залуусын байгууллага, холбогдох яамдын бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр, талархал илэрхийлье” гэв.
Мөн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлэн үг хэлсэн юм.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 1990 оноос хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болсон. Тиймээс оюутнуудыг суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах боломжийг энэхүү хөтөлбөр бий болгосон бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гарч уг хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрт хамрах хүсэлтэй оюутнууд сургуулийн удирдлага, харьяа дүүргийн цэргийн штабд хандаж бүртгүүлэх бөгөөд бүртгэл ирэх 4 дүгээр сарын нэгний өдөр хүртэл үргэлжилнэ.