75 жилийн тэртээ Монгол Улсын дорно зүгт дарийн утаа суунаглаж, олон эхнэр нөхрийнхөө хойноос шаналж, олон хүүхэд эцгийнхээ хойноос сарвайж, олон эх хүүгийнхээ хойноос харуусаж, олон зүрх “цусаар уйлсан" Энэ эх орон эрэлхэг эрсийн намнар олдсон гэдги
2014.09.01

Мартах учиргүй 1939 он

Эх орон... Хоёрхон үг ч гэлээ хэлэх, бодох бүрт омогшил төрдөг.

Харин энэ эх орон, эрх чөлөө бидэнд ямар их үнээр олдсон нь жилүүдийн уртад залуусын зүрх сэтгэлээс алсарсаар байх шиг. 75 жилийн тэртээ Монгол Улсын дорно зүгт дарийн утаа суунаглаж, олон эхнэр нөхрийнхөө хойноос шаналж, олон хүүхэд эцгийнхээ хойноос сарвайж, олон эх хүүгийнхээ хойноос харуусаж, олон зүрх “цусаар уйлсан" Энэ эх орон эрэлхэг эрсийн намнар олдсон гэдгийг бид мартах учиргүй.

Монголын газар нутаг руу дайрсан тулалдаан эх орноо гэх эрэлхэг эрсийн гавьяа, ЗХУ-ын дэмжлэгээр манай ялалтаар төгссөн.

Гэвч энэ ялалтыг авчирсан хүмүүс өдрөөс өдөрт цөөрсөөр байна.

Халх голын ялалтын 70 жилийн ойгоор тэд 139-үүлээ байжээ. Харин өдгөө 34-үүлэхнээ үлдэж. Төрөөс тэдний энгэрт зөвхөн одон медаль зүүгээд өнгөрөлгүй, ахмад дайчин бүрт хоёр сая төгрөг өгсөнд олон хүн талархаж байгаа. Түүнчлэн Засгийн газраас 61 дүгээр тогтоол гарган, ялалтын ойд зориулан 50 орчим арга хэмжээ зохион байгууллаа.

Тухайлбал, Хэнтий, Дорнод аймагт хүндэтгэлийн цуглаан, үлээвэр найрал хөгжмийн болон жагсаалын үзүүлэх тоглолт, зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас, хэрэглэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн гаргаж, дайнд халуун амь, бүлээн цусаа урсгасан дайчдын олон арван хөшөөнд цэцэг өргөж, Орос, Монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2014” хээрийн сургуулилалт болов.

Дорнод аймагт болсон Монгол, Орос цэргүүдийн хүндэтгэлийн жагсаалыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр нар болон аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүс үзэж сонирхсон юм.

Цэргүүдийн “Ура ура ура” гэх дуу дайны үеийн ялалтын уухай мэт сонсогдоно. Хэнтий, Дорнод аймаг нь Дэлхийн II дайны оргил болсон Халх голын байлдаанд хамгийн ойр суурин нь болж, ар талын үүрэг гүйцэтгэж Зайсан гэдэг. Бөмбөгдөлтийн ул мөр, нуувч одоо ч Дорнод аймагт байдаг юм билээ.

Мөн Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд нийслэл, дүүргээс томилогдсон Ажлын хэсгийнхэн Хэнтий, Дорнод аймагт ажиллаж, зүүн хязгаарт алба хааж байгаа цэрэг дайчдыг эргэв. Ингэхдээ гэрээс нь захиа, илгээмж авчирснаас гадна хүүдээ захих сэтгэлийн үгсийг дүрс бичлэгт буулгажээ.

“Миний хүү албаа сайн хаагаарай”, “Их юм сураад ирээрэй”, “Охин нь ийм том болсон. Аав аа гэж хэлд орсон” гэх үгсийг сонссон цэрэг эрс догдлон байгаа нь илт. Түүнчлэн тэдэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн гарын бэлгийг өгсөн юм.

Байлдаан биш дайн

Монгол, Зөвлөлтийн дайчид мөр зэрэгцэн Японы эздэн түрэмгийлэгчдийн төлөө тэмцэж байсныг дайн биш хилийн будлиан, өдөөн хатгалга, байлдаан гэж үздэг хүн цөөнгүй байдаг гэнэ. Манай Засгийн газрын 61 дүгээр тогтоол ч Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх гэж гарсан нь буруу хэмээн учир мэдэх хүмүүс шүүмжилж байв.

Учир нь байлдаан нь хугацаа, хамрах хүрээ далайцаараа бага.

Харин Халх голын тулалдаан нь Япон, Хятад ЗХУ, Монгол гээд дөрвөн улсын цэрэг оролцсон, дөрвөн сар үргэлжилж, зэвсэгт хүчний олон техник ашигласан гэдгээрээ яах аргагүй дайн гэнэ.

Монгол цэргийн музейн хамт олон дайнд оролцсон ч нэр нь үлдээгүй баатруудын талаар судалгаа хийж, Галдангийн Пунцаг, Сүрэнжавын Лувсандамба гэх мэт баатарлаг эрсийг алдаршуулахаар ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Халх голын ялалтын бэлгэ тэмдэг болсон орос, монгол цэргийн гар барьж байгаа зураг нь бодит хүмүүсийн зураг гэнэ. Монгол хүн нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Дэлгэрийн Дорж гэдэг хүн байсан бол орос хүн нь дэслэгч Василий гэж танкийн ротын захирагч хүн байсныг тогтоожээ.

Дайны үед нэртэй жанжид баатар эрс, цэргийн дарга нар хилс хэрэгт хэлмэгдэн дайсныхаа суманд биш, өөрийнхөө хүмүүст амиа алдаж байсан гашуун түүх бий.

Хэдий тэднийг цагаатгасан ч алдар нэрийг нь мөнхжүүлэх шаардлагатайг холбогдох албаныхан онцолж байлаа. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар “Ойг тэмдэглэхэд Монгол Улсын Засгийн газраас 300 гаруй сая төгрөг төсөвлөсөн. Ахмад дайчдад тэтгэмж өгч, дайнтай холбоотой хөшөөнүүдийг засаж, шинэчиллээ” гэв.

Цусаар гагнагдсан нөхөрлөл

120 км урт, 300 км өргөн газар нутгийг хамарсан Халх голын тулаанд нийт 70 мянга гаруй цэрэг оролцсоноос 16 мянган хүн нас барсны 5000 монгол, орос цэрэг байсан гэдэг албан бус тоо байна.

ОХУ-ын ахмад дайчин, В.Н.Григорьевич ‘Халх голын тулалдаанаар ЗХУ Монголын ард түмний өмнө хүлээсэн үүр- гээ биелүүлсэн. Дайн бол энэ ертөнцөд байх ёсгүй зүйл. Халх голын тулачдаан бол Монгол, Оросын цусаар гагнагдсан нөхөрлөл юм” гэв. Цусаар гагнагдсан нөхөрлөл одоо ч үргэлжилж буй.

Орос, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, түүх судлаач П.Н.Чуйко ЗХУ-ын хоёр удаагийн баатар С.И.Грецевецийн зургийг барьж, Дорнод аймагт байх Халх голын байл- даанд амиа алдсан Монгол, Зөвлөлтийн баатарлаг эрсийн хөшөөнд толгой гудайлган хүндэтгэл үзүүлэв.

Тэрбээр “Я.В.Смущкевич, Г.П.Кравченко, С.И.Грецевец нар Халх голын байлдаанд баатарлаг гавьяа байгуулж, амиа алдсан. Би энэ зураг болон бусад зүйлсийг Чойбалсангийн музейд хүлээлгэн өгөхөөр ирсэн. Грецевец Халх голын байлдааны ялалтад том үүрэг гүйцэтгэсэн нисгэгч.

Тэр өмнө нь Хятад, Испанид тулалдаж явсан туршлагатай нисгэгч байсан болохоор Халх голын байлдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний байгуулсан гавьяаг үнэлж, Сталин ЗХУ- ын баатар цол олгосон гэдэг. Грецевецээс өмнө хэн ч хоёр удаа ЗХУ-ын баатар болоогүй байсан. Монгол, Зөвлөлтийн ахан дүүсийн байгуулсан энэ ялалтыг бид мартах учиргүй” гэв.

Ерэн баатар 110-уулаа болжээ

Халхгол суманд дайны холбогдолтой 43 хөшөө байдгаас долоог нь сүүлийн жилүүдэд босгосон гэнэ. Ш.Сүрэнжав гуайн “Ерэн баатрын дууль”-ийн “гол дүр” Ерэн баатрын хөшөө энд сүндэрлэдэг. Ерэн баатар маань 110-уулаа болжээ. Хөшөө тийш очих ардын зам балраагүй, хэвээрээ.

Тус хөшөөг Халх голын, байлдааны 15 жилийн ойгоор Засгийн газрын шийдвэрийн дагуу босгосон. Харин 33 метр өргөн, 54 метр өндөр Ялалтын хөшөөг Халх голын байлдааны 45 жилийн ойгоор 1984 онд Эрдэнэтэд үйлдвэрлэсэн Монголын анхны зэсээр хийсэн. Нийт 104 тонн зэс оржээ.

Холбогдох албаны хүмүүс эдгээр хөшөө болон Ялалтын хөшөө, Наян баатрын хөшөө, Яковлевийн танкчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.

Мөн Халхгол сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва гардууллаа. Халх гол сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч М.Мөнх-Учрал Төрөлх нутагт минь Халх голын байлдааны аугаа ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж байгаад баяртай байна.

Хүүхдүүд бид эх орны минь дархан хил, тусгаар тогтнолыг хамгаалж өгсөн цэрэг, дайчид ахмад үеэ хэзээ ч мартахгүй. Халх гол сумын баатарлаг эхоронч иргэд, ахмад үеийнхний дайны Ялалтад оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд баяртай байна” гэв.