Хоёр сарын “виз”-тэй оюутан цэрэг
“Оюутан цэрэг” хөтөлбөр
2014.08.11

Хоёр сарын “виз”-тэй оюутан цэрэг

Монголд хоёр сарын карентин буюу тасралтгүй цэргийн бэлтгэл хийсэн тохиолдол анх удаа болж байна хэмээн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлагчид онцолсон юм. Өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн Алтанбулаг сумын 019 дүгээр цэргийн ангийг түшиглэн байгуулсан “Оюутан цэрэг”-ийн сургалтын төвд Монголын оюутны холбоо / МОХ/-ны төлөөлөлтэй хамт сэтгүүлчид очиж танилцсан юм.

Хотоос 70 орчим км зайтай болохоор машин дотор сонирхолтой яриа багагүй өрнөсөн юм. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлагч, МОХ-ны дэд тэргүүн Д.Батчулуун цэргийн сургууль төгссөн болохоор цэргийн бэлтгэл болон карентинд байх ямар байдаг талаар уйдахааргүй ярьж байв.

Тэрээр “Энэ хөтөлбөрийн талаархи мэдээллийг утсаар л авч байсан болохоос биш бодит байдал дээр нь очиж огт танилцаагүй. Тийм болохоор би ч бас оюутнууд өнгө зүс хэр орсныг мэдэхсэн гэхээс тэсэн ядан хүлээж байна.

Хэрэв оюутнуудын жин хасагдан шуугдаж, царай зүс нь жигд борлож, гутлынх нь өсгий, өлмий элэгдсэн байвал “жинхэнэ цэрэг” болсон гэсэн үг дээ” хэмээн ярьсан юм. Үүнийг нь л анзаарах ёстой шүү хэмээн тэрээр сэтгүүлчдэд зөвлөв.

Улсын хэмжээнд одоогоор 80 мянган эрэгтэй оюутан байдгаас анх 750 орчим нь “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлж хоёр сар хотод танхимын сургалтад хамрагдан, хичээл тасалж, хоцорсон цаашлаад эрүүл мэндээр тэнцээгүй шалтгаанаар 420 орчим оюутан үлдэж ийнхүү бэлтгэлд гарсан ажээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 13-нд  хоёрдугаар курсийн 418 оюутан цэрэг штаб буюу сургалтын төвдөө “ачигдаж” иржээ.

Оюутнуудыг ирэнгүүт ахлах офицерууд нь хүлээн авч дөрвөн рот, салаанд сургууль харгалзахгүй холь хуваагаад майханд нь оруулж унтуупс ажээ.

“Бид анх шөнө ирсэн болохоор хаана ч ирснээ мэдээгүй, ямартай хэсэг, хэсгээр нь хувааж, майханд оруу унтуулсан. Яг л кинон дээрээс үед байсан цэргийн амьдралын дүр зур санаанд бууж байсан шүү” хэмээн оюут цэргүүд хошигнон ярьж байсан. Энэхүү сургалтын төв нь 20 гаруй офицер, ахлагч, зургаан тогоочтой бөгөөд штабын дарга нь дэд хурандаа С.Жаргалсайхан ажээ.

Хоёр сарын турш дээрээс даалгавар авсан ахлагч, офицер болон цэргийн туслах ажилтнууд оюутан цэргүүдэд цэргийн амьдралын зах зухаас нь танилцуулж, сургуулилт бэлтгэлийг нь хариуцаж хийлгэсэн гэсэн үг. Нэг салаанд 25 цэрэг байдаг бөгөөд тэднийг хариуцах нэг ахлагчтай, цаашлаад дөрвөн рот болон хуваагдаж, рот бүрийг нэг офицер хариуцдаг байна.

Царай жигд борлож, гутал нь элэгдэж байв

Бид зорьсон газраа ирлээ. Штабын дарга С.Жаргалсайхан офицеруудын хамт биднийг угтан авч оюутнуудын амьдарч буй байрыг танилцуулж, дараа нь хооллоод жагсаал хийж, сүүлд нь тэдэнтэй уулзаж ярилцах боломжтой хэмээн “маршрутыг" ойлгомжтой товч, танилцуулсан.

Үүдэн дээр шалган нэвтрүүлэх цэгээр дамжин, штабын машины зогсоолд машинаа байрлуулаад, цааш алхацгаав. Энэхүү штабт 1000 цэрэг тангараг өргөх гэх мэт томоохон ёслол болдог, их том талбайтай, зай талбай ч ихтэй газар байв.

Хамгийн түрүүнд нүдэнд туссан байгууламж бол ногоон бризентэн материалаар хийж эгнүүлэн барьсан цэргийн майхнууд байв. Оюутан цэргүүд энд хоёр сарын турш амьдарч байгаа ажээ. Тэдний олонхи нь тухтай буйдан, зурагтын алсын  удирдлага компьютерийнхээ сандлаас буюу халуун устай, дулаан байшингаасаа шууд ийнхүү цэргийн майханд шилжсэн гэсэн үг.

Шөнөдөө үүднээсээ болон майхны доогуур салхи сийгэхээр зайтай, дээр нь хөнжил нь тийм ч зузаан биш байхыг хараад аргагүй л цэргийн амьдралын гүн рүү оюутнууд бага ч гэсэн оржээ гэсэн бодол төрж байв. Майхан бүрийн үүдэнд жижүүрийн цэрэг зогсч, хажуугаар нь өнгөрч буй ахлагч, офицеруудад ёс дэгтэй мэндэлж байсан.

Оюутан цэргүүдийн хувцас “Суварган цэнхэр уулс" кинон дээр гардаг шиг ногоон өнгөтэй, улаан таван хошуутай, шовх малгайтай байсан нь нүдэнд тусч байв.

1970, 1980-аад оныг санагдуулам. Хүүхдээ эргэж ирж байгаа аавууд хувцсыг хараад хуучнаа дурсч, уулга алдаж байсан гэсэн. Майхан дотроо гурван давхар хоёр эгнээ ортой, орыг жимбийтэл зассан бөгөөд толгойд нь шар өнгийн нүүр гарын « алчуурыг эвхэн тавьсан байв.

Мөн хананд үүдний ойролцоо зайд оо, сойзоо эмх цэгцтэй өлгөсөн уут нүдэнд туссан. Түүнчлэн үүдэнд нь буунуудаа дээр, дээрээс нь түшүүлэн тавьсан байсан. Хаалганы хажууд ширээ тавьж, дээр нь цэргийн бэлтгэлийн номуудыг өрж, хажууд нь нөүтбүүк тавьсан ажээ. “Манай оюутнууд энэ номуудыг үздэг.

Өглөө 6.30-д босч, 21.30 гэхэд унтдаг. Өдөрт 10 цагийн хичээл, сургуулилт ордог. Танхимд ганц хоёр цаг нь, үлдсэн нь бэлтгэлийн талбайд явагд- даг даа" хэмээн сургалт хариуцсан офицер, хошууч М.Лхагвасүрэн тайлбарласан. Бидний ирж байгааг сонссон ахлагчид цэргүүдээ амралтын байр буюу майхныхаа урд талын талбайд команд- лан жагсаасан юм.

Ирж явахдаа, машиндаа ярилцаж явснаа санаж, оюутан цэргүүдийн царайг ажиглахад нэг, нэгээсээ ялгар- мааргүй хөрслөг бор, гялалзсан царайтай, заримынх нь нүүрний арьс нь бүр хуурайшиж, холцруутсан байсан. 19, 20 настай гэхэд наснаасаа том ч юм уу гэмээр их л сүр, бараатай харагдаж байсан юм.

Гутлынх нь улыг шагайх шахам болж, араас нь анзаарвал, нээрээ л ийш, тийшээ далий гишгэгдэж, багагүй эдэлгээнд орсон байв. Ямартай ч оюутан цэргүүд “жинхэнэ цэрэг” болоход үзэх ёстой зүйлсийг биеэрээ үзэж, эр хүний давах ёстой давааг давж дээ хэмээн ахлагч, офицерууд дагалдан яваа бидэнд нухацтай хошигнон тайлбарласан юм.

Салхийг дуудах мэт сүрт жагсаал

Ийнхүү тэдний аж байдалтай танилцсаны дараагаар хоолоо идэхээр энэ жил шинээр барьсан 10130 цэргийн хоолны зааланд очив. Цэргийн штаб талбай томтой болохоор ч юм уу, эсвэл цэргүүдийг сайн гүйлгэхээр ингэдэг ч юм болов уу хоолны, цэрэг амьдрах байр, бие засах газар, гар нүүрээ угаадаг газар, эргэлтээр уулздаг хаалга гэх мэт бүгд хоорондоо бараг нэг буудлын зайтай байв.

Бид офицер, ахлагчдын ширээнд сууж, тэдэнд зориулж хийдэг хоолноос идэцгээв. Харин цэргүүдэд байгалийн гаралтай буюу тэжээл ихтэй бор гурил, гурвалжин будаагаар хийсэн, өглөөд нэгдүгээр хоол, өдөр нэг, хоёрдугаар, орой мөн нэг, эсвэл хоёрдугаар хоол өгдөг байна. Цэргүүд үүднээсээ талх, хоолоо аягалуулан авч нэг нэгээрээ ширээндээ ирж, өөрийнх нь салааныхан бүрдтэл ийнхүү хүлээж зогсдог ажээ.

Эхний цэрэг бараг 10 минут хэртэй зогссоны дараа ахпагч “Суугаад” гэсэн команд өгч, арай л гэж нэг ширээндээ сууж, тэд хооллоцгоов. Цэрэг гэдэг үг “Зэрэг” гэдэг үгнээс гаралтай болохоор өглөө босохоос эхлүүлээд ороо хураах, шүдээ угаах, дасгал, бэлтгэл хийх, хоол идэх бүр бие засах хүртэл цаг хугацаатай байдаг ажээ.

Иймээс энэ хоёр сар оюутан цэргүүд дэг журам, цаг хугацааг ашиглах, бие биедээ тусалж, дэмжих гэдгийг ягштал суралцсан гэдгийг хошууч М.Лхагвасүрэн онцолж байсан. Энэ нь ч үнэн бололтой. Оюутнуудын мэндлэх, ёслох цаанаа л нэг цэрэг хүний шинжийг агуулах мэт зэрэг бас хөдөлгөөн нь огцом.

Хоолны дараа бид цэргүүдийн жагсаалын талбайд очиж, жагсаалыг үзэж, сонирхсон юм. Тэр өдөр тэнгэрт үүл бүрхчихсэн, хааяа нэг бороо дусалсан, салхитай байсан. Талбайд 400 гаруй цэрэг дөрвөн ротод хуваагдан буугаа үүрч, жагссан байсан. Ахлагч, офицерууд жагсаалын дундуур явж, цэргүүдийн нэрийг дуудан “Тохойгоо тэгшил, гараа өргө, хөлөө нийлүүл, зэрэгц” гэх мэтээр командлан байсан.

Бүрхэг тэнгэрийн доор ярайтал жагсан, зэрэг алхах 400 цэрэг нэг л их сүр хүчтэй, салхийг дагуулж, дуудаж байгаа юм шиг санагдсан. Эсвэл тэнгэртэй холбоотой ч юм шиг, үнэхээр цаанаа л далдын хүчтэи. өмнө нь  ийм олон цэрэг нэг дор жагсч байхыг харж байгаагүй болохоор ч юм уу, нэг л сүрдмээр, харанхуйлан бүрхэх тэнгэрийн сүрийг улам тодруулах мэт бахархмаар байсан.

Оюутан цэргүүд хоёр сарын хугацаанд хугацаат цэргүүдийн бүх л дасгал, сургуулилтыг хийж үздэг, өдөр бүр 6-7 цаг хичээллэж үзсэн гэсэн. Жишээлбэл, тасгийн буудлага, таван км алхалт, гүйлт, окоп буюу гадаа нүх ухаж хонож үзэх, хээрийн нөхцөлд гал асаах, хүнсээ бэлтгэх, хүний амь аврах нөхцөлд юу хийх зэрэг бүгдийг үзэж амжсан ажээ.

Хоёрхон сар богино хугацаа гэж хэлэх хүн байгаа ч өөрийн биеэр хоёр сарын турш цэрэгжилтийн байдалд амьдарч, эр хүн болж төрснийхөө нэг давааг давж, хязгаараа эвдэнэ. гэдэг оюутны ширээндээ дөнгөж л дасч байгаа нэг, хоёрдугаар курсийн оюутнуудад амаргүй даваа байсныг оюутан цэргүүд хэлж байсан.

Эх орны тухай дуу  дагаж дуулах нь Эх оронч сэтгэлгээ  биш гэдгийг ойлгосон

Дулаахан гэр, халуун хөнжлөөсөө зарим нь бүр айлын бага болохоор «аав, ээждээ эрхэлдэг байсан “нөхөд" ингэж нэг л өдөр цэрэг болж хувирна гэдэг амаргүй даваа гэдэг нь мэдээж. Наад зах нь өглөө эрт босохоос эхлээд асуудал их байсныг ахлагчид хэлж байсан.

Бид жагсаалын дараа цэргүүдтэйгээ хамт өвсөн дээр сууцгааж, хоёр сарын хугацаанд гарсан өөрчлөлт хэр байсан талаар тэдний сэтгэгдлийг сонссон юм. Энэ үеэр сонирхолтой бас хөгжилтэй яриа их өрнөсөн.

Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ 14 хоногийн дараа эргэлтээр ирээд, олонхи нь “шок”-онд оржээ. Биднийг очиход Ш.Онон хэмээх 19 настай, хуулийн чиглэлээр суралцдаг хүүгээ эргэхээр аав П.Шинэбаяр, ээж И.Алтантуяа нар ирсэн байсан.

Н.Алтантуяа “Анхны эргэлтээр ирээд бондгор цагаан хүү минь борлоод горзойчихсон байхыг нь хараад өөрийн эрхгүй уйлчихсан юм. Харин аав нь гурван жил цэргийн алба хаасан хүн болохоороо ч юм уу тоож байгаа зүйл огт байгаагүй.

Тухайн үед хэцүү байсан ч одоо хүүгээ харахаар сайхан санагдаад байгаа юм. Миний хүү эр хүн болж байна гэж бодогдсон” хэмээн хүүгийнхээ зургийг бидэнд үзүүлсэн. Үнэхээр тийм байв. 80 кг жинтэй байсан Онон 14 хоногийн дотор 65 кг жинтэй болж, дээр нь борлосон байв.

Харин аав П.Шинэбаяр энэ талаар ярихдаа “Манай хүү төрийн албанд орж ажиллах хүсэлтэй. Гэтэл хүний үг даадаггүй, нэг л амархан уурлаж, бухимддаг байсан болохоор би хүүдээ энэ хөтөлбөрт хамрагдахыг санал болгоод, хүү маань ч өөрөө хөөцөлдөж, орсон” хэмээв. Анх хүүгээ хараад ээжийнх нь хошуу өмөлзөж, юунд ч хүүгээ аваад ирэв дээ хэмээн уйлж байсан бол өнөөдөр хүүтэйгээ аав, ээж хоёр их л өөр маягаар уулзав.

Аав, ээж нь духан дээр нь үнэрлээд, одоо хэдхэн хоног үлдлээ дээ, миний хүү, чих нь хүртэл борлочихож хэмээн имрээд, цааш нь дагуулж явж харагдсан. Оюутан цэрэг болоод залуучууд жин хасч, царай нь нэгээсээ ялгагдахааргүй борложээ.

Хамгийн тод жишээгээр И.Доржнамжилыг дурдаж байсан юм. И.Доржнамжил цэрэгт ирэхдээ 110 кг жинтэй байсан учир хоёр хүний хувцсыг эвдэж, өөрт нь зориулж оёж өгч байжээ. Тэрээр одоо 95 кг болж жин хассан байна. Мөн аав нь найман сар хүртэл нь байнга харж, өсгөдөг байсан хүүг нь ээж авч ирээд эргэхэд нэг ойтой хүү нь ааваа танихгүй байсан тохиолд гарсны нэг оюутан цэрэг ярьсан.

Тэрээр “Миний хүү намайг сарын дараа ирчихээд танилгүй бишүүрхээд, уйлаад байсан. Эцэг хүний хувьд энэ бас эегүй юм билээ” хэмээсэн. Оюутан цэргүүд дунд СУИС- аас хоёр оюутан байдаг бөгөөд нэг нь их сайхан дуулдаг, нөгөө нь шооч нь дэндсэн жүжигчний ангийн хүү байсан юм.

Бидэнд оюутан цэргүүд авъяас, чадвараа аль болох үлдээлгүй бүгдийг нь харуулахыг хичээсэн. СУИС-ийн нэг оюутан нь уудам талыг сэртэл сайхан дуулсан бол нөгөө залуу нь ахлагч, багш, зарим найзынхаа яриаг нь дуурайж, шоглож биднийг хөгжөөсөн.

Анх цэргүүд ирж байхдаа салаа, ротоо олохгүй төөрч будилдаг, захныхаа даавууг оёх гэж гараа хатгаж цус гаргадаг, зарим нь өглөө сэрж чадахгүй болохоор шөнө босч хувцсаа өмсдөг гэх мэтээр ам дамжин цуврах хөгжилтэй яриа олныг бидэнд сонирхуулсан юм. Дээр нь нэмж хэлэх хамгийн сайхан мэдээ нь "Эх орон гэдэг үгийн утгыг бид бага ч гэсэн ойлгосон.

Фэйсбүүкээр тараадаг эх орны талаархи мэдээллийг Like, share хийж, эх орны сэдэвт дуу дагаж дуулах нь эр оронч сэтгэлгээ биш юм билээ. Энэ хоёр сарын хугацаанд Монгол Улсынхаа иргэн нь, хамгаалах үүрэгтэй эр цэрэг нь гэдгээ бага ч гэсэн мэдэрч, бас хайртай хань, гэр бүлийнхэн, ээж, ааваа гомдоож, зовоож байснаа бодохоор харамсах шиг болсон.

Дээр нь хүний үг сонсч, тэвчээртэй болоход хоёр сарын цэргийн амьдрал бага ч гэсэн нөлөөлсөн” хэмээн оюутан цэргүүд сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм. Бидний аавын үед өмсдөг байсан ногоон хувцсаар гоёсон, таван хошуутай малгайтай, хоёр сарын “виз”- тэйгээр ийнхүү цэрэг болдог цэргүүдийн залгамж тасрахгүй үргэлжлэх болтугай.

Энэхүү хөтөлбөрийг жилээс жилд өргөжүүлж байнгын ажиллагсадтай цэргийн штаб байгуулж, жилд 500 хүртэлх оюутан хүлээж авч, 2-4 сарын турш эндээ байрлаж, цэргийн амьдралтай танилцуулахаар        ажиллана гэдгээ албаныхан онцолсон.

Эр хүний давах ёстой давааг давж, өөрийнхөө тэвчээр, хатуужлын хязгаарыг “шалгаж” үзсэн анхны 418 оюутан цэрэгт баяр хүргэе гэдгээ ахлагч, офицерууд нь дамжуулж хэлсэн.