2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн юм.
2014.08.13

Оюутан-цэргүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн юм.

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжийн оюутан–цэргүүд Цэргийн ерөнхий бэлтгэл хичээлийг хоёр кредит буюу 96 цаг үзэн онолын мэдлэг эзэмшиж, шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт тэнцээд зуны хугацаанд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд хээрийн байрлалд 12 кредит буюу 560 цагийн есөн төрлийн хичээл судалж Цэргийн тусгай бэлтгэлийн сургалтад хамрагдсан юм. 

Уг сургалтыг дүүргэсэн нийслэлийн 42 их, дээд сургуулийн 418 оюутан-дайчид өнөөдөр Чингисийн талбайд эр цэргийн тангараг өргөж, байлдааны жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв.

Оюутан-цэргийн тангараг өргөх ёслолд уг хөтөлбөрийг санааачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн тангараг өргөсөн оюутан-дайчдын ар гэрийнхэн оролцов.

Ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, оюутан-цэргүүдийг төлөөлж ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Ч.Баярбилэг нар үг хэллээ.

Тангараг өргөсний дараа оюутан-дайчид ёслолын жагсаал үйлдэж, жинхэнэ эр цэрэг болсноо Төрийн тэргүүн, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, багш нар, эцэг эхдээ харуулав.