Р.Бурмаа: Ерөнхий сайд хариуцлагаас бултахыг санаархаж байна
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.09.29

Р.Бурмаа: Ерөнхий сайд хариуцлагаас бултахыг санаархаж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын эхээр олон нийтэд хандан үг хэлэхдээ Засгийн газрын бүтцийг өөрчлөхөө мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдлийг олон нийт сайшаан хүлээн авсан ч бүтцийн өөрчлөлтийн асуудал УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтаагүй юм.

Харин түүний энэхүү мэдэгдлийг “Хариуцлагаас бултахыг санаархсан үйлдэл” хэмээн УИХ-ын гишүүн Р.Бурмаа тодорхойлов. Тэрбээр хэлэхдээ“Ерөнхий сайд Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ гэж байгаа нь хариуцлагыг өөрөөсөө зайлуулж, өөрөө цэвэр үлдэхийг санаархсан үйлдэл.

Сайд нартай хариуцлагаа ярихаас өмнө Ерөнхий сайд өөрөө өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавих нь чухал байна. Ажил хэрэгч шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй ордны хуйвалдаан хүчээ авч байна гэж хэлсэн нь тэр хүний дутагдал гэхээс яахав” гэлээ.

Өөрөөр хэлбэл, Р.Бурмаа гишүүн бол Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг гишүүний нэг. Тэр ч утгаараа Ерөнхий сайд олон нийтэд мэдэгдэл хийхдээ“Ордны хуйвалдаан хүчээ авч байна” гэсэн утгатай үг хэлснийг эрс шүүмжилж байгаагаа ч дуулгасан.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагаа болохгүй, буруу явж байгааг хэлж, шүүмжилсэн хүнд Ерөнхий сайд ямар нэгэн хоч өгч, түүнд бурууг тохохыг санаархаж байгаа нь байж болохгүй явдал гэдгийг тэрбээр тодотгосон.