Ж.Батсуурь: МАН анхнаасаа засгийн бүтцийг цомхон болгохыг шаардаж байсан
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Цөөнхийн бүлгийнхэн төрийн бүтэц улам л данхайж байгааг шүүмжилж ирсэн. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох нь тодорхой боллоо. Үүнд та ямар бодолтой байна вэ?
МАН-ынхан анхнаасаа Засгийн газрын бүтцийг цомхон болгох шаардлагатай гэдэг санал тавьж байсан. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаад гүйцэтгэх засаглалын тэргүүн дүгнэлт хийж байгаа нь сайн хэрэг.
Одоохондоо бүх зүйл тодорхой болоогүй байна. Монгол Улс хүн ам цөөтэй. Гэтэл төр улам л данхайгаад байдаг. Засгийн газрын яамдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор орон нутагт агентлагууд нэмэгдсэн. Бодит байдал дээр тоо ихсээд чанар нь сайжраагүй. Мэдээж зардал бол тодорхой хэмжээгээр өсч байгаа.
Тиймээс Засгийн газарт бодит хэмнэлт хийх шаардлага урган гарч байна. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, төсвийн орлого тааруухан байна. Цалингаа тавьж чадахгүйдээ тултал доройтож магадгүй. Ийм байдалд битгий хүрээсэй гэж би хүсч байна.
-Чиг үүрэг нэгтэй яамдыг нэгтгэнэ гэсэн мэдээлэл байна. Ямар яамдыг нэгтгэх бол?
Монгол Улс буцалтгүй тусламж авдаг ядуу орон байхаа больсон
Ер нь дэд бүтцийн томоохон яамд зайлшгүй тусдаа байх шаардлагатай. Халамжийн ч гэмээр юм уу энэ олон яамыг нэгтгээд дотроо газар болгон хуваагаад үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхэд буруудахгүй. Манайх хүн ам цөөтэй учраас чиг үүрэг давхардсан олон яам байхын хэрэг байгаа эсэх нь эргэлзээтэй.
-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэхээр фракцийн зарчмаар албан тушаалд очсон дарга нар баахан бужигнаж таарна гэсэн таамаг их байна?
Энэ бол төр барьж байгаа улс төрийн намын дотоод асуудал шүү дээ. Мөрийн хөтөлбөрөө тухайн улс төрийн нам ямар зарчмаар хэрэгжүүлэх нь өөрийнх нь мэдэх хэрэг. Тиймээс би энд тайлбар хэлэх нь зохимжгүй болов уу.
Салбарын сайд нар улс төрийн албан тушаалтнууд байдаг. Бусад багаа мэргэжлийн хүнээр бүрдүүлээсэй гэж хүсч байна. Уг нь төрийн ажлыг мэргэжлийн төвшинд хийх ёстой л доо. Гэтэл улс төрийн зорилгоор албан тушаалтнуудыг томилоод байгаад эмзэглэдэг.
-Засгийн газар хөдөлж эхлэх нь гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Одоо хамтарсан засаг байгуулагдах юм биш биз гэсэн таамаг ч явж байна. Таны хариулт ямар байх бол?
Хүмүүс хэлбэр талаас нь сонирхоод байх юм. Үнэхээр ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж, эдийн засгийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг багасгах юм бол ямар ч Засгийн газар байсан яахав дээ.
Салбарын сайд нар улс төрийн албан тушаалтнууд байдаг. Бусад багаа мэргэжлийн хүнээр бүрдүүлээсэй гэж хүсч байна
Хамгийн гол нь үр дүнд хүрч л байвал хамтарсан Засгийн газар байгуулахад болохгүй гэх зүйлгүй.
-Танай бүлгийн хурлаар энэ тухай албан ёсоор ярилцсан уу?
Огт ярилцаагүй. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдэлд МАН-тай хамтарна гэсэн яриа гараагүй. Гэхдээ улс орон, ард түмний амьдралд ахиц дэвшил гарна гэвэл хамтрахад буруудахгүй гэж байгаа юм.
Түүнээс биш албан ёсоор санал тавьсан юм байхгүй. Тийм зүйл ч болохгүй болов уу.
-Хоёр хөршийн Төрийн тэргүүн нарын айлчлалаас таны хувьд хамгийн чухал нь ямар асуудал байв?
Өмнөх харилцаандаа дүгнэлт хийсэн. Аль, аль тал нь дутуу анхаарч ирсэн зүйл бий гэдгийг ярилцсан. Орос, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” байна. Монголын ард түмний аж амьдралд түүхэн үүрэг гүйцэтгэсэн компани. Одоо техник технологийн талд шийдэх асуудал байгааг талууд хүлээн зөвшөөрч байгаа.
Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч ойрын хугацаанд хос төмөр замтай болгож, цахилгаанжуулна гэдгээ зарлалаа. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, бараа эргэлтийг сайжруулах ач холбогдолтой. Үүнийг би маш том үр дүн гэж харж байгаа. Олон иргэн төмөр замаар хойноос урагш хүртэл явж байна. Хамгийн хямд төсөр тээвэр.
Улаанбаатар төмөр замыг цахилгаажуулах, хос болгоход олон хүнийг боломжийн цалинтай ажлын байраар хангаж байна гэсэн үг. Манайхан хоёр хөршийн Төрийн тэргүүн нар ирэхээрээ буцалтгүй тусламж гээд баахан мөнгө өгчихөөд буцдаг гэсэн буруу ойлголттой байсан. Тиймээс ч энэ удаагийн айлчлалаар зээл, тусламж ярьсангүй гэж гайхаж байж магадгүй.
Монгол Улс буцалтгүй тусламж авдаг ядуу орон байхаа больсон. Зэрэглэл нь өөр болсон. Харин зах зээлийн зарчмаар үйлдвэрлэлийн бага хүүтэй зээл авахыг үгүйсгэхгүй. Хоёр хөршийн удирдагчийн айлчлалын талаар судлаач, эрдэмтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьж, байр сууриа илэрхийлж байна.
Засгийн газраас айлчлалын хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлэх, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан байна лээ. Хоёр талаасаа хүчин чармайлт гаргавал ажил хэрэг бүтэмжтэй байна гэдэгт итгэлтэй байна.
-Саяхан гадаадын хөрөнгө оруулагчдын хэд хэдэн томоохон уулзалт боллоо. Та ч зарим уулзалтад оролцож байсан. Хөрөнгө оруулагчдын хандлага ямар байх шиг байна вэ?
Хөрөнгө оруулалт татах талд бидэнд алдсан зүйл бий. Уул уурхайн лицензийг цуцалсан, манай компаниуд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахад туршлага дутсан зүйл байгаа. Одоо үүнийгээ бид засч залруулж байна. Газрын тосны салбарын хөрөнгө оруулагчдын томоохон уулзалт болж өнгөрлөө.
Энэ хуралдаанд би оролцсон. 300 гаруй гадаадын хөрөнгө оруулагч ирсэн байна лээ. Уулзалтын танхим дүүрэн зарим хүнд суудал олдохгүй байгаа харагдсан. Үүнээс дүгнэхэд газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхолтой компани цөөнгүй байна.
Энэ бол хонгилын үзүүрт гэрэл тусч буйн илрэл. Хууль эрх зүйн орчноо эргэн харж, Газрын тосны тухай хуулийг боловсрууллаа. Ашигт малтмалын салбарт баримтлах бодлогыг тодорхой болгосон.
Гадаадын хөрөнгө оруулагчдад монголчууд хуулийг дээдэлдэг ард түмэн гэдгээ ойлгуулахад бүх асуудал шийдлээ олно гэж бодож байна. Аль, аль тал нь хариуцлагатай байх ёстой.
Тухайн компани нөхөн сэргээлтээ хийдэггүй, Монгол Улсад хуулийн дагуу татвараа төлөхгүй байвал асуудалтай шүү дээ. Тэгэхээр хуулиа бүх шатандаа хэрэгжүүлдэг шударга болвол улс орон хөгжихөд амархан юм байна.
-Хууль эрх зүйн орчноос гадна улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээхэд нөлөөлж байгаа болов уу?
Гадаадын хөрөнгө оруулагчдын айдаг зүйлийн нэг яах аргагүй улс төрийн тогтворгүй байдал. Нэг Засгийн газрын сайд нь өөр юм яриад өмнөх нь өөрийнхөөрөө зүтгээд байдаг дүр зураг харагддаг. Би 20 гаруй жил үргэлжилсэн төрийн тогтолцооны гажгийн талаар хэд хэдэн цуврал нийтлэл хэвлүүлсэн.
Одоо энэ талаар ном гаргаж хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг хэдхэн минутад ярих сэдэв биш л дээ. Наад захын жишээ хэлэхэд УИХ 76 гишүүнтэй, долоон байнгын хороотой. Би өнгөрсөн дөрвөн жил Эдийн засгийн байнгын хороонд ажиллаж байсан.
Хуульч байлаа гэхэд инженерийн боловсрол дутагдана. Инженер байлаа гэхэд хууль, эдийн засгийн мэдлэг шаардлагатай
Энэ байнгын хороо төмөр зам, хот байгуулалт, тээвэр, ашигт малтмал, уул уурхай, барилга гэх мэт дааж давашгүй олон салбар байдаг. Салбар болгонд томоохон өөрчлөлтийн шинж чанартай хуулийн төслүүд орж ирдэг. Байнгын хорооны гишүүдэд хуулиа судалж, ойлгох зав гардаггүй.
Тэгэхээр Эдийн засгийн байнгын хороог хоёр, гурав хуваах ёстой гэж боддог. Заримдаа сэтгүүлчид тааралдахаараа энэ хуулийн 46.1-т юу гэж заасан бэ гэхмэтчилэн асуудаг. Яг үнэндээ хуулиа цээжлэх нь байтугай заримдаа гүйлгэж харж ч амжихгүй тийм их материал орж ирдэг.
УИХ-д бүгдээрээ мэргэжлийн хүн байж таарахгүй. Хуульч байлаа гэхэд инженерийн боловсрол дутагдана. Инженер байлаа гэхэд хууль, эдийн засгийн мэдлэг шаардлагатай. Ямар ч униварсаль хүн байлаа гэсэн бүх боловсрол, эдийн засаг, нийгэм гээд бүх салбарт анхаарал хандуулах боломжгүй шүү дээ.