Х.Бат-Ялалт: Төрийг хянах эрх мэдлийг бидэнд өгөх ёстой
Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн өчигдөр Чингисийн талбайд “Эх орондоо эзэн болцгооё” уриатай тайван жагсаал хийлээ. Уг хөдөлгөөнд 50 гаруй төрийн бус байгууллага нэгдсэн бөгөөд тэд төрийн дотоод хяналт шалгалтыг иргэний нийгмийн байгуулагад шилжүүл гэсэн шаардлага тавьж байгаа юм байна.
Энэхүү шаардлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлэх бөгөөд түүний бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгчээ. Шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн өөр хэлбэр сонгох тухайгаа ч дуулгасан ажээ. Мөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, газар болон түүнийг ашиглах, хуваарилахтай холбоотой асуудал, хууль зүйн салбарын талаар асуулга хүргүүлжээ. “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Х.Бат-Ялалтаас дараах зүйлийг тодрууллаа.
-Та энэ жагсаалынхаа зорилгыг юу гэж тодорхойлж байна вэ?
Бидний гол зорилго бол албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх юм. Тиймээс албан тушаалтан, төрийн албанд тавьдаг дотоод хяналтыг иргэний нийгмийн байгууллагад шилжүүл гэдэг шаардлагыг тавьж байгаа юм.
Тэгэхгүй болохоор улстөрчдийн нөлөөнд орчихсон төрийн албан хаагчид хууль зөрчих, эрх мэдлээ хэтрүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх зэрэг олон зөрчил гаргаж байна. Бид эрх мэдлийн төлөө бус эрх мэдэлтнийг хянах эрх мэдлийг түмэнд олгооч гэж тэмцэж байгаа юм.
-Бүх төрийн бус байгууллага оролцсон уу ?
Тийм ээ. Олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага нэгд байгаа. Бид төрийн алдааг шүүмжилж, илчилж ажилладаг. Одоо илчлээд зогсохгүй хариуцлага хүлээлгэдэг болъё гэж байна.
Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн сахилга бат, харилцаа, ёс зүйн болон мэргэжлийн алдаанд үнэлэлт өгдөг болоход иргэний нийгмийн байгууллагын үүргийг чиглүүлье гэж байгаа юм.
Бид эрх мэдлийн төлөө бус эрх мэдэлтнийг хянах эрх мэдлийг түмэнд олгооч гэж тэмцэж байгаа юм.
-Бусад оронд ийм жишиг байдаг уу?
Иргэний нийгмийн байгууллага нь төрөө хянадаг жишиг аль эрт тогтсон. Манайд л төрд тавих хяналт шалгалт байхгүй байгаа юм.
Төр өөрийгөө хянах, шалгах боломж ч бага. Тэд улстөржиж эрх барьж байгаа нам нь ялагдсанаа шийтгэх маягаар ажиллаж улс төрийн эрх мэдэл бусдаас хараат болчихоод байгаа учраас ингэж тэмцээд байна.
-Хэрвээ шаардлагыг хүлээн авахгүй яах вэ?
Манай удирдах зөвлөл 21 хүнтэй. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд Удирдах зөвлөл хуралдаж дараагийн шийдвэрээ гаргана