Д.Оюунхорол: Монголын түүхэнд ийм муу Засгийн газар байгаагүй
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.05.29

Д.Оюунхорол: Монголын түүхэнд ийм муу Засгийн газар байгаагүй

УИХ дахь МАН-ын Бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, гишүүн Н.Номтойбаяр нар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай уулзаж цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, тэдний тэмцлийг дэмжиж, хамтран ажиллах талаар тохиролцсон юм. Ажилгүйдэл, ядуурал эрчимтэй өсч байгаа энэ үед Засгийн газарт шаардлага тавьж, хамтран тэмцэх талаар талууд тохиролцсоны дараа УИХ дахь МАН-ын Бүлгийн дэд дарга Д.Оюунхоролоос цөөн асуултад хариулт авсан юм.

-УИХ дахь МАН-ын Бүлгийн зүгээс МҮЭ-ийн холбооны ерөн­хийлөгчтэй уулзаж хамтран ажиллах талаар тохиролцсон энэ удаагийн уулзалтаас ямар үр дүн гарах бол?

-Маш тодорхой зорилго, шаардлага дэвшүүлж хамт­ран ажиллана. Яг одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2014 оны Төсөвт тодотгол хийж байгаа чухам энэ үед Засгийн газрын зүгээс цалин, тэтгэвэр нэ­мэгдүүлэх талаар ямар ч асуудал оруулж ирээгүй байгааг МҮЭ шүүмжилж, энэ талаарх мэдэгдэл ирүүл­сэнтэй бид дөн­гөж сая танилцлаа. МАН-ын Бүлгийн зүгээс МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа эдгээр шаардлагыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллана.

-Монгол Улсын эдийн засаг хүндэрч байгаа талаар бараг л амтай болгон нь ярьж байна. УИХ дахь сөрөг хүчний зүгээс эдийн засгийн өнөөгийн нөх­цөл байдалд ямар бодитой дүн шилжилгээ, тооцоо хийж байгаа вэ?

-Монгол Улсын эдийн засаг урьд өмнө байгаагүйгээр хямарсныг та бид өдөр бүр, алхам тутамдаа мэдэрч бай­на. Инфляцийн түвшин ойрол­цоогоор 12.5 хувиас дээшээ гараад явчихлаа. Монгол төгрөгийн худалдан авах чадвар 33 орчим хувиар унаж, ам. долларын ханш өнөөдрийн байдлаар 1838 төг­рөгт хүрчихлээ. Тэгвэл өр­гөн хэрэглээний бараа бүтээг­дэхүүний үнэ 40 хувиар өсч, бизнесийн орчин өдөр ирэх тусам огцом муудаж байна.

-Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хо­ногийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд 20 хонож, эхний үр дүн гарах арай л болоогүй байхад УИХ дахь сөрөг хүчний зүгээс асуудлыг улам хурцатгах бай­дал үүсгээд байгаа юм биш үү?

-Бидэнд биш Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэв­түүлсэн эрх баригчдад энэ асуултыг тавих ёстой. Тэд­ний хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн эхний 10 хоногт 2006 оноос олон улс болон орон нутагт агаарын тээврийн үйлчилгээ эрхэлсээр ирсэн “Изинис Эйрвэйз” компани дам­пуурлаа зарласан нь энэ Засгийн газар Монгол Улсыг ямар сүйрлийн ирмэгт аваачаад байгаагийн хамгийн тодорхой баримт юм. Зөвхөн энэ компани дампуурснаар 350 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шил­жиж байгаа.

Зөвхөн “Изинис Эйрвэйз” компанийн дам­пуур­лын ард наад зах нь 350 өрхийн амь­жиргаа хүндэрч байгаа хэрэг шүү дээ.

Агаарын тээврийн үйл­чилгээ эрхэлж байсан ком­панийн 350 гаруй ажилчин гэдэг бол ихэнх нь 40 орчим насны ид хийж бүтээх насандаа яваа шижигнэсэн сайхан за­луу­чууд шүү дээ. Зөвхөн “Изинис Эйрвэйз” компанийн дам­пуур­лын ард наад зах нь 350 өрхийн амь­жиргаа хүндэрч байгаа хэрэг шүү дээ.

Зөвхөн энэ компани гэлтгүй Монголын толгой 10 орчим компани их бага хэмжээгээр хүмүүсээ цомхотгож эхэлсэн. Хамгийн сүүлд Оюутолгой компани ажилчдынхаа 15 хувь буюу 250 ажилтнаа цомхотгосон тухай хэвлэлээр шуугиж байна.
Энэ бүхнээс үзвэл эдийн засгийг эрчимжүүлэх бус улам дордуулах 20 хоног дээрээ явж байна гэж шулуухан дүгнэх ёстой.

-Та аж ахуйн нэгжүүдийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг батлагдсан өд­рөөсөө хэрэгжих ёстой гэж байсан. Ингэснээр арай дэн­дүү хавтгайрсан халамжийн бод­лого үйлчлээд эхэлнэ гэж бо­догдохгүй байна уу?

-Энэ нь хавтгайрсан халамж үзүүлэх тухай яриа биш юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 68700 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнээс 707 аж ахуйн нэгж дахиж сэргэх­гүйгээр бүрмөсөн хаалгаа хаасан. Харин 22700 аж ахуйн нэгж түр хаалгаа хааснаа зарласан байна. Яагаад түр хаалгаа барьж байгаа юм гэхээр “Бид унаж босож өнөөдрийг хүртэл зүтгэсэн болохоор арай ч бүрмөсөн хаалгаа хаачихаж үнэхээр чадахгүй байна. Ком­­панийнхаа өнгөрсөн бүх түү­хийг арай ч ингээд бүрмөсөн арчаад хаячихмааргүй байна. Арга ядсан сүүлчийнхээ аргыг хэрэглэж байна” гэцгээж бай­на.

Монгол Улсын эдийн зас­гийг нуруундаа үүрч яваа биз­несменүүдийн нийтлэг үнэн дүр зураг ийм л эмгэнэлтэй байдалд орчихоод байна.

Үүнд хэн буруутай вэ гэвэл энэ Засгийн газар л буруутай. Энд зориуд нэг зүйл хэлэхэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ Засгийн газар бүх чадлаараа маш сайн ажиллаад байхад сөрөг хүчин л бүхнийг харлуулж, бүх зүйлийг муу муухай харагдуулах гээд байна гэж одоогийн эрх ба­­ригчдад үйлчилдэг зарим хэв­лэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай бичсэн.

Гэтэл одоо бодит байдал ямар болов, ард түмний амьдрал хэрхэн доройтож байна. Энэ Засгийн газар үндсэндээ 2 тэрбум ам.долларын гадаад өр зээл тавьсан ч Монгол Улсын урьд өмнөх бүх Засгийн газруудын түүхэнд байгаагүйгээр муу ажиллаж байгаа.

-Таны ярианаас Монгол Улсын эдийн засаг хямралд орсон гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байгаа гэж ойлгогдож байна. Тэгж ойлгож болох уу?

-Манай бүлгийн зүгээс Монгол Улсын эдийн засагт бодитой хямрал нүүрлэлээ гэж жил гаруйн өмнөөс л анхаа­руулсаар ирсэн. Ерөнхий сай­даас эхлээд Эдийн засгийн хөгж­лийн сайд Н.Батбаяр зэрэг нөхөд “Эдийн засаг хямрах нь байтугай маш сайхан хөгжиж байна” гэж мугуйдлан зүтгэсээр ирснийг олон нийт мэдэж л байгаа. Ер нь аливаа улс орнууд эдийн засгийн хямралын үед хямралд нэн тэргүүнд өртөж болох салбар, хүн амын бүлгийн жагсаалтыг гаргаж ирдэг. Ажилгүйдэл, ядуурал хаана нүүрлэх нь вэ. Тэднийгээ нэн тэргүүнд хамгаалах эдийн засгийн эрчимжсэн арга хэм­жээ авдаг. Харамсалтай нь эрх баригчдын дэвшүүлсэн “Эзэн 100” хөтөлбөрийн 71 ажил дотор энэ талын үг, үсэг ганц ч байхгүй.

-Дөнгөж сая та бүхний МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай зөв­шилц­сөн цалин, тэтгэмжийг 30 ху­виар зайлшгүй нэмэгдүүлэх боломж, нөхцөл энэ Засгийн газарт бий юу

-Эрх баригчид боломжийг олж харахыг огтхон ч хүсэхгүй байгаа учраас шалтгаалан өнөө­­­дөр МҮЭ-ийн холбооны ерөн­­­хийлөгч Х.Амгаланбаатар дар­гатай уул­заж, цаашдынхаа хамтын тэмцлийн талаар зөв­лөлдлөө.

Сангийн сайд Ч.Улаан удахгүй оруулж ирэх Төсвийн тодотголоор энэ тухай дорвитой ярилцана гээд байгаа ч өнөөд­рийг хүртэл УИХ дээр энэ талаар мэдэгдэж, тодорч байгаа ганц ч асуудал байхгүй.
Өнөөдрийн МҮЭ-ийн оруулж ирж байгаа энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг яг бүтэн жил ярьж, тэмцсээр ирсэн. Инфляцитайгаа уялдуулж ца­лин, тэтгэмжийг нэмээч ээ гэ­хээр Ерөнхий сайдаас эхлээд халамжийг хавтгайруулахгүй гээд тас эсэргүүцсээр өнөөдрийг хүрсэн нь нууц биш.

-Та түрүүн агаарын тээв­рийн “Изинис Эйрвэйз” ком­пани дампуурсныг их л нухацтай авч үзнэ лээ. Тэр­тэй тэргүй олон компани хаал­гаа барьсаар байхад ганц ком­панийг тэгтлээ онцолдог нь цаанаа ямар нэгэн утга учиртай юм биш биз?

-Энэ компанийн дампуурал нь нийгэмд маш олон сөрөг үр нөлөөтэй юм. Зөвхөн хөдөө орон нутагт л гэхэд маш олон нислэг зогссон. Өнөөдөр 1000 км-ын цаанаас өвчтэй хүмүүсээ аваад ирдэг байсан хөдөөгийн иргэд ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үлдлээ. Одоо билет олдохгүй болж, эргээд онгоцны билетийн шагийн биз­нес цэцэглэнэ. Төр иргэддээ үйлчилж чадахгүй болж байгаа энэ эмгэнэлийн цаана магадгүй эрх баригч намын хэдхэн том олигархи зогсож байхыг ч үгүйсгэх аргагүй. Ганцхан ком­панийн дампуурлыг дагаад алс хол аймгуудын иргэдийн амьдралд шууд сөргөөр нө­лөөлөөд эхэлсэн. Надад өдөр болгон онгоцны билет олдохгүй байгаа тухай мэдээлэл ирж байна.

-Та түрүүн энэ Засгийн газрыг Монголын түүхэнд бай­­гаагүй муу ажиллаж бай­гаа гэсэн. Чухам ямар үзүү­лэл­­түүдээр нь тэгж дүгнэж байна?

Хамгийн товчхоноор тат­варын орлого сүүлийн хоёр жил бүрдээгүй. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө мөн сүүлийн хоёр жил 70-аас дээш хувь тасалсан. Түүхэндээ Монголын төр ингэж муу ажиллаж байсан удаагүй. Нөгөө талаар хамгийн их мөнгөн дээр сууж байгаа Засгийн газар.
Гэтэл төсвөөс гадуур асар их бохир мөнгө эргэлдэж байна. Эрх баригчид өнөөдөр “Өндөг тансаг хэ­рэглээ” гэж байгаа ч тун удах­гүй “Талх тансаг хэрэглээ бол­сон шүү” гэж хэ­лээд зогсож байж мэдэх л юм. Ийм л хүмүүс Монголын төрийг дэвсэлж байна.