Гишүүнээр сонгогдоно гэдэг улс төр хийгээд өг гэсэн үг биш
Eagle телевизийн “Гүүр” улс төрийн ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Яг одоо чуулган дээр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал яригдаж байна. Үүнийг бас хэт их улстөржүүлээд байна гэдгийг зарим гишүүд хэлж байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид өнгөрсөн хугацаанд цөөнгүй удаа цөөнх болж байсан. Гэхдээ цөөнхийн хийх ажил бол ерөнхий сайд ч юм уу Засгийн газрыг мөрдөж, мөшгихөөсөө илүү улс орноо хөгжүүлэх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө байдаг байсан.
МАН бол дандаа эрх барьж байсан учраас цөөнхийн байр суурин дээр ажиллах аргаа өнөөдрийг хүртэл олсонгүй.
Засгийн газрыг огцруулсанаар шийдэх асуудал байхгүй. Одоо нэг хоёр жил болоход МАН цөөнх болж ажиллаж сурах байх гэж бодож байна. Би бол Ерөнхийлөгчийн сонгуулийг их холоос эхлүүлж байна гэсэн дүр зургийг харж байна.
-МАН-ын гишүүдийн зүгээс тэднийг засаг барьж байхад иргэний нийгмийн оролцоо, шүүмжлэл их, хараа хяналт чанга байсан. Өнөөдөр дутмаг байна. Цөөнхөө сонсохгүй байна гэдэг шүүмжийг хэлж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Өмнө нь яагаад иргэний нийгмүүд жагсаал, цуглаан хийдэг байсан бэ гэхээр Засгийн газар иргэний нийгмийнхээ үгийг сонсдоггүй байсан. Дандаа ард түмнээс оноо цуглуулах ажил хийж байсан.
Өмнөх Засгийн газар ард түмнээс оноо цуглуулах ажил хийдэг байсан.
Одоо бол Ерөнхий сайд иргэдтэйгээ байнга уулзаж хэлэлцүүлэг хийж байна. Иргэний байгууллагуудын төлөөллийн саналуудыг байнга сонсч байна.
400 орчим санал санаачилгыг Ерөнхий сайд өөр дээрээ хүлээж авч мэдээлэл сонсож хамтарч ажиллаж байгаа.