Ө.Энхтүвшин: Н.Алтанхуяг сайд Үндсэн хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, баталсан
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшинтэй сэтгүүлч Э.Дагиймаагийн хийсэн ярилцлага TV-5 телевизээр 2013.04.12-нд гарсан юм. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Өнөөдөр \2013.04.12.\ УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Ингэснээр Ерөнхий сайдын суудал ганхаж эхэллээ гэж ярилцаж байна. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг тавихаасаа илүүтэй Засгийн газрыг шахаж ажиллуулах боломж байгаагүй юм болов уу ч гэж мөн яригдаж байна?
-Цаг хугацааны хувьд хэр оновчтой юм бэ гэсэн асуулт тавьж байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш найман сар илүү хугацаа өнгөрлөө. Энэ хооронд бид нэлээн харлаа, харах ч ёстой. Ажиллах боломжийг нь олгох ёстой. Дөнгөж байгуулагдсанаас нь хойш огцрох хэрэгтэй, аль нэг сайдыг нь унагана гээд байвал тийм ч зарчимтай асуудал биш л дээ. Ийм ч учраас бидний зүгээс Засгийн газрыг бүрдүүлэхэд анхнаас нь оролцож, төсвийг нь баталж, тодотгол хийж өгсөн, дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг нь батлуулахад мөн оролцсон.
Ер нь Засгийн газрын хэвийн үйл ажиллагаагаа явуулах бүх талын боломжийг хангаж өгсөн. Ингэхгүй байж ч болохгүй л дээ. Үүнээс хойш найман сар өнгөрлөө, энэ бол бага хугацаа биш юм. Энэ хооронд тодорхой, нааштай үр дүнгүүд харагдсан байх ёстой.
Ард түмний аж амьдрал хэрхэн дээшлэв, иргэдийн худалдан авах чадвар өссөн үү, хууль биелүүлэх, шударга ёсыг дээдлэх талаар ямар ахиц гаргав, улс орны тогтвортой байдал болон үндэсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллав гэсэн шалгуураар дүгнэх юм бол энэ Засгийн газар муу ажилласан гэж үзэж байгаа. Тийм учраас, цааш нь хараад суух юм бол дэндүү идэвхгүй хэрэг болно. Засгийн газар хууль зөрчиж байна, муу ажиллаж байна. Цаашид алдаагаа засах ахиц, төлөв харагдахгүй байна. Иймд бид тал бүрээс нь ярилцаж байгаад Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг тавиад байна.
-УИХ-ын хаврын чуулган нээгдээд удаагүй байна. Нээлтийн үеэр МАН-ынхан жагсаалд оролцлоо, Ерөнхий сайдтай хариуцлага тооцох арван шалтгааныг тоочсон шаардлагыг та уншиж, мэдээлсэн. Гэтэл түүнээс хойш долоо хоног өнгөрлөө. Хариуцлага тооцох тухай мэдэгдсэнээс хойш хэд хоногийн дараа Ерөнхий сайдыг огцруулах бичгээ та бүхэн өргөн барьсан байгаа. Яагаад ингэж саатсан юм бол, шалтгаан байсан уу?
-2013.04.05 буюу хаврын чуулганы нээлтийн үеэр бид хэвлэлийн бага хурал хийсэн. Төв талбайд олон мянган иргэд оролцсон жагсаал цуглаан болсон. Тэндээс арван зүйл бүхий шаардах бичгийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Бид Хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд, Засгийн газартай хариуцлага тооцох цаг нь болсон гэж хэлсэн. Мөн УИХ дахь олонхийн бүлэг, УИХ-ын дарга бас ингэж ажиллаач ээ гэдгийг ч дурдсан. Тэгээд найм хоносон. Тэр хооронд бид харж, хүлээсэн. Ямар хариу өгөх бол, яаж ажиллах бол гэж. Гэтэл юу болсныг бүгд мэдэж байгаа. Ерөнхий сайд ууланд аялахаар явж, эрэл сурал, хайгуул болцгоон олон сая төгрөгийн зардал чирэгдэл гаргалаа.
Засгийн газар хууль зөрчиж байна, муу ажиллаж байна. Цаашид алдаагаа засах ахиц, төлөв харагдахгүй байна.
Уг нь Ерөнхий сайдыг орон нутагт хаваржилтын байдалтай биечлэн танилцахаар явсан гэж ойлгож байтал үгүй болох нь мэдэгдлээ. Үүний дараа болсон АН-ын бүлгийн хурлаас харин сонин гэмээр мэдэгдэл гаргаж байна билээ. МАН-ын бүлгийн зүгээс болон ард иргэдийн тавьж буй шаардлага, асуудлыг ярилцахаас илүүтэй эсрэгээрээ айлгах маягтай, та нарыг ингэвэл бид бас ийм асуудал гаргаж тавина гэсэн агуулга бүхий зүйлүүдийг олонхийн бүлэг хэлж байсан.
Эрдэнэтийн асуудал, Тавантолгой, Чалкотой хийсэн гэрээ, Солонгостой бензиний наймаа хийхдээ авилга авсан гэх явдал, хэвлэлээр Якунины захидлыг задалсан зэргийг шалгуулахаар Хууль зүйн сайдад үүрэг өгсөн зэргээс харахад учир байдлыг ярилцах нь бүү хэл бурууг бусдад түлхэх, айлган сүрдүүлэх гэсэн байдал илүү харагдлаа. Энэ нь Ерөнхий сайдтай та нар хариуцлага тооцно гэвэл, бид ингэнэ шүү гэснээс өөрцгүй үг гэж ойлгогдож байна.
-Ер нь ардчилсан нийгэмд Ерөнхий сайдууд өөрийн хийсэн буруутай үйлдэл, алхам зэргээсээ болж огцордог тохиол олон. Харин манайд зарим Ерөнхий сайд ганцхан захидлаас болж огцорч байсан түүх бий. Гэтэл энэ удаагийн Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг үзэхэд бараг арав гаруй асуудлыг гаргаж, хөндөж тавьсан байна. Эндээс гол асуудлыг нь тодруулж хэлэхгүй юу?
-Хэвлэлийн бага хурал дээр гаргаж тавьсан зургаан зүйл тэнд орж байгаа. Гэхдээ Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийг удаа дараа зөрчсөн асуудлыг гол нь бид ярьж байна. Үндсэн хуулийг Ерөнхий сайд хоёр удаа ноцтой зөрчсөн. Тухайлбал, иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Цэц хурлаа хийх гэж байхад нь Ерөнхий сайд гаргасан захирамжаа амжаад хоёронтаа хүчингүй болгосон.
Энэ нь өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэдгийгээ хүлээн зөвшөөрч, баталсан хэрэг юм. Нөгөө талаар дөрөв, таван хуулийн 30 гаруй зүйл, заалтыг зөрчөөд байна.
Жишээ нь, Төрийн албаны тухай хууль, Тагнуулын байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэхчлэн хэд хэдэн хуулийн зүйл, заалтыг зөрчөөд байгаа нь туйлын хариуцлагагүй явдал гэж бүрэн үзэх үндэстэй юм. Бусад оронд хэрэв Ерөнхий сайд нь ийм олон хууль зөрчсөн бол хэрхэх нь ойлгомжтой, харин ч бид өдий болтол дэндүү хүлээцтэй хандаж ирсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.
-Яриагаа та бидэнд хамгийн ойрын салбараас үргэлжлүүлье. Та бол өмнө нь хэвлэлийн салбарт ажиллаж байсан хүн. Монголын томоохон өдөр тутмын сонинд ажиллаж, үндэсний төв телевизийг удирдаж байлаа. Түрүүн таны ярианд гарсан Якунины захидалтай холбоотой асуудлыг АН-ын бүлгийн зүгээс тухайн сониныг буруутгасан байдлаар хандаж байна. Урьд нь хэвлэл мэдээллийг тойрсон ганц нэг хуулийн заалт зэргийг өөрчлөх талаар ярьдаг байсан бол одоо бүр сонины редакцийг тэр чигээр нь, сониныг нь тагнуул, цагдаагаар шалгуулах тухай ярьдаг болжээ. Үүнд та ямар бодолтой байгаа вэ?
-Ер нь бол Засгийн газрын ажил сул байгааг л харуулж буй хэрэг. Ерөнхий сайдад нь хаягласан нууцын зэрэглэлтэй захидал эзэндээ хүрэхээсээ өмнө сонин хэвлэлд гарч байна гэдэг нь Засгийн газрын хариуцлагагүй олон явдлын нэг илрэл. Төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж солиод баахан ур чадваргүй, сулхан хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн. Тэр хүмүүс нь ажлаа хийж чадахгүй байна. Тийм нууц чухал захидал задарсан бол бурууг бусдаас хайхаас илүү өөрсдөөсөө эрэх ёстой, дүгнэлт хийх хэрэгтэй баймаар. Харин хэвлэл мэдээлэл бол үүргээ биелүүлж байгаа бусуу, ил тод байх нь хэвлэл, мэдээллийнхний зарчим юм.
-Хэд хэдэн телевизийг хаалаа, сайтуудын сэтгэгдлийг ч хянаад эхэлсэн?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хаан боогдуулна гэдэг бол ардчиллын амин чухал үнэт зүйлийг зөрчиж байгаа хэрэг юм. Н.Алтанхуягийн Засгийн газар хууль бусаар дур зоргоор авирлах, хяналтгүй ажиллах, түүнийгээ олон нийтийн нүднээс нуух гэсэн хүсэлтэй байгаа нь ил болж байна. Урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хэвлэлийн эрх чөлөөнд халдсан явдал боллоо гэж олон нийт харж байгаа.
Сонин хэвлэлийнхний амыг боож, үдэхийг санаархах нь бүдүүлэг, ардчилсан зарчмаас гажсан үйл хөдлөл юм. Хэдхэн хоногийн дараа Монголд ардчилсан орнуудын тэргүүнүүд чуулж, томоохон арга хэмжээ зохиогдох гэж байна. Яг үүний өмнөхөн шинэчлэлийн Засгийн газар хэвлэлийн эсрэг ийм хориг арга хэмжээ авч байгааг юу гэж ойлгох вэ. Н.Алтанхуягийн Засгийн газрын байр суурийг илүү тод харуулаад өгч байгаа юм болов уу гэж бодогдож байна.
-Ерөнхийлөгч чуулганы хуралдааны нээлт дээр үг хэлсэн. Энэ үеэр МАН-ын бүлгийн гишүүд хурлыг орхиж гарсан. Энэ талаар та мөн тодорхой тайлбарыг хийж, өнөөгийн Монголын амьдралтай нийцэхээргүй зүйлийг Ерөнхийлөгч хэллээ гэсэн байгаа?
-Хуулийн засаглалтай орон боллоо, хараат бус шударга шүүхтэй боллоо гэж хэлсэн. Гэтэл Ерөнхий сайд нь өнөөдөр Үндсэн хууль тэргүүтэй ямар, ямар хуулийг зөрчөөд сууж байгаа билээ. Н.Алтанхуяг Ерөнхий сайд хууль зөрчихийг өөрөө үлгэрлэж байхад “хуулийн засаглалтай орон болж чадсан” тухай ойлголт үнэнд огт нийцэхгүй байгааг та бид харж байна. Шүүхийн байгууллагын тухайд ч тэр, шударга байхаасаа илүү нэг намын эрх ашигт нийцүүлэн асуудлыг шийдэж байгаа нь нууц биш шүү дээ. Сонгуулийн зарим тойргийн талаарх маргаантай асуудлыг шийдвэрлэсэн байдлаас үзсэн ч АН-ын талд л нөгөө шударга, хараат бус шүүх маань үйлчлээд буйг олон нийт харж байгаа.
Хүний амь нас, амьд явах үнэ цэнийг мэдэрдэг, хамгаалдаг төртэй боллоо гэж мэдэгдсэн. Гэтэл сүүлийн үеийн мэдээллээр бол хүний амь настай холбоотой төдийгүй нийт гарч байгаа гэмт хэргийн тоо урьд өмнөхөөсөө нэмэгдсэн байх жишээтэй. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л Хорих газарт хүн амьдаараа шатсан хэрэг гарсан. Гэр бүлээр нь шатаасан, түймэрдсэн ноцтой хэрэг гарч, элдэв гэмт явдлын улмаас хүмүүсийн амь үрэгдэж байна. Ийм байхад иргэдийнхээ амь нас, эрдэнэт хүний үнэ цэнийг мэдрэх тухай ярина гэдэг утгагүй.
Түүнчлэн Монгол Улсын нэр хүнд гадаадад өссөн тухай ярьсан ч энэ нь бас зөрчилтэй байсан.
Гадаадын хөрөнгө оруулалтын талаар дурдсан Ерөнхийлөгчийн үгийг анхаарвал “жилийн дотор хөрөнгө оруулалт жаран хувиар унасан” тухай мөн дурдагдсан.
Хэрэв үнэхээр манай улсын нэр хүнд дэлхийн тавцнаа өссөн юм бол түүнийг нь дагаад хөрөнгө оруулатын хэмжээ ч нэмэгдэх хандлага баймаар.
Мөн төрийн тухай хэлсэн удаа дараагийн үгнүүдээс нь харахад төр, иргэдийг хагаруулдах, ард түмний төрдөө итгэх итгэлийг сулруулахуйц ойлгомжгүй байдал ажиглагдаж байгаа. Төр буруутай, төр иргэний эрх ашгийг хохироодог, төрийн төлөө бус өөрсдийнхөө төлөө амьдарцгаа гэх зэргээр төрийг буруутгасан үг хэл нь Монгол Улсын төрийн тэргүүн хүний хувьд хэр зохимжтой юм бол. Уг нь төрийн тухай Үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Энийг бүх хүн мэдэж байгаа.
-Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд “хорхойссон баавгайн” талаар дурдагдсан. Үүнд эгдүүцсэн МАН-ын бүлгийн гишүүд хурал хаяж гарлаа ч гэж яригдсан?
-Ардын намын авилгачид гэж хэн юм бэ гэдгийг тодорхой гаргаад тавих хэрэгтэй, битүү зүйл яриад байдаг. Дөрвөн жил ярьж байна. Авилгатай тэмцэнэ гэдэг нэрээр Ардын намыг “намнах” аян ч явуулаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр. “Хорхойссон баавгай” нарын тухай ярьж байгаа бол тэр “баавгай нарыг ил тод хэлэх хэрэгтэй” Ерөнхийлөгч. “Баавгайнуудыг хөлнөөс нь татаад ч юмуу”, гаргаад ард түмэнд ил зарлах ёстой.
Жишээ нь, арван цэцэрлэг барих мөнгө идсэн хүн хэн бэ гэдгийг, ахмадуудын тэтгэврийн мөнгийг завшсан хүн хэн байна, тэр авилгачид хэн юм гэдгийг ил тод хэлэх хэрэгтэй. Битүү, ерөнхий яриад байж боломгүй, ер нь энэ асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэж бодож байгаа. Хүний өөрийн намын гэлгүй ярьж хэлж, байх ёстой. Хөдөлбөргүй баталж, нотлоод түүнийгээ мэдээлж, хэлэх хэрэгтэй, хариуцлага тооцох нь зүйтэй гэж бодож байна.
-УИХ-ын дэд дарга С.Баярцогтын талаар өнгөрсөн долоо хоногт мөн шуугиан тарьсан үйл явдал өрнөлөө, МАН-ын зүгээс үүнд ямар байр суурьтай байна вэ?
-С.Баярцогтын хувьд хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, тодорхой тайлбар хийж, хариуцлагаа хүлээнэ гэдгээ хэлсэн байна. Иймд С.Баярцогт УИХ-ын гишүүнээсээ огцрох хэрэгтэй. Энэ бол зарчимгүй явдал. Таван жил дараалан 2008 оноос хойш Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаад дахь дансаа мэдүүлээгүй юм бол энэ нь жижиг асуудал биш. Миний бодлоор С.Баярцогт огцрох нь зүйд нийцнэ.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбогдуулж та бүхэн инфляц, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар хөндөж, цалин тэтгэврийг нэмэхийг шаардсан?
Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй байхад юмны үнэ нэмэгдчихлээ. Бага цалинтай иргэд, төрийн албан хаагчид, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг тэгвэл одоо нэмэх хэрэгтэй байна.
-Ингэж урьд өмнө Засгийн газарт эрх, боломж олгож байсан түүх байгаагүй. Монгол банктай ярьж тохирсон өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах болон үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн гээд нийт нэг их наяд орчим төгрөгийн эрх энэ Засгийн газарт олгогдсон байгаа. Тэгтэл ийм их боломжийг өгөөд байхад Засгийн газар хариуцлагагүй ажилласан, үнийн өсөлтийг хязгаарлах талаар юу хийгээд энэ их мөнгө хаашаа оров?
Нэг их наяд бол бага тоо биш. Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй байхад юмны үнэ нэмэгдчихлээ. Бага цалинтай иргэд, төрийн албан хаагчид, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг тэгвэл одоо нэмэх хэрэгтэй байна. Жил өнгөрөөд байхад, цалин нэмэгдээгүй байхад ч бараа бүтээгдэхүүний үнэ зогсолтгүй нэмэгдсээр байгаа нь юутай холбоотой вэ гэдгийг судалж үзээд, арга хэмжээ авах хэрэгтэй.
-Чингис бондын мөнгө одоо хүртэл эргэлтэд ороогүй байна. Бараг сая төрсөн өлгийтэй хүүхэд болгон өрөнд унах боллоо гэлцэж байна?
-Монголчууд өмнөх өрнөөсөө арай гэж салж, амьсгаа авахтайгаа болтол дахиад хэдэн үеэрээ дамжин төлөх их хэмжээний өрөнд орчихлоо. Энэ Засгийн газар ард түмнийг тийм их өрөнд унагачихлаа. Ер нь хаанаас нь ч төлсөн, монгол хүний халааснаас л тэр их мөнгө төлөгдөнө. Монгол Улс л өрийг төлж таарна. Гучин долоо орчим тэрбум төгрөг одоогоор хүүд нь яваад байгаа гэсэн тоо байна.
Тооцоо судалгаа муутай, хугацааг зөв баримжаалаагүй, эзэн хаяггүй гэмээр нэг ийм асуудал яваад байна. Авсан мөнгөө юунд зарцуулах нь тодорхойгүй байна. Тэгтэл саяхан АН-ын бүлгийн даргын ярианд, бондын 1,5 тэрбум долларыг аваагүй бол Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэх байлаа гэж дурдагдсан. Энэ юу гэсэн үг вэ. Нөгөө бондын мөнгийг урсгал зардалд зарцуулсан байх нь уу тэгэхээр, гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурснаас гадна дотоодын бизнесийн үйл ажиллагаа явагдахад хүндрэл учирч байх шиг?
-Манай улсыг зүглэх гаднын хөрөнгө оруулалт саатахаас гадна дотоодын хөрөнгө оруулалт ч мөн зогсч, бизнесийн орчин муудаж байна. Энэ талаар харин Ерөнхийлөгч чуулганы хуралдаан дээр зохистой үг хэлж байгаа харагдсан. Том жижиг гэлтгүй бизнесийн үйл ажиллагааг өрнүүлэхэд, дотоодын баялаг үйлдвэрлэгчид, үндэсний компаниудаа дэмжихэд Засгийн газар тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Ялангуяа дэлхийн эдийн засгийн хямралаас сэргийлсэн цогц арга хэмжээ авах ёстой. Тэгэхгүй бол ямар үр дагавар гарах нь ойлгомжтой.
-Бид хоёр хөршөөсөө шалтгаалахгүй байх учиргүй ард түмэн. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн нэгэн хариуцлагагүй мэдэгдэл хэвлэл, мэдээллийнхний хараанд өртөж, хүмүүсийн дургүйцлийг хүргээд авна лээ?
ОХУ, БНХАУ гэсэн энэ хоёр том гүрний удирдагчид уулзаад бүс нутгийн харилцааны тухайд томоохон асуудал харилцан ярилцаж байх үеэр манай Ерөнхий сайд тэр асуудлыг “бидэнд хамаагүй, тэр хоёр нөхөр уулзаа л биз” гэсэн үгээр тодорхойлсон.
-ОХУ, БНХАУ гэсэн энэ хоёр том гүрний удирдагчид уулзаад бүс нутгийн харилцааны тухайд томоохон асуудал харилцан ярилцаж байх үеэр манай Ерөнхий сайд тэр асуудлыг “бидэнд хамаагүй, тэр хоёр нөхөр уулзаа л биз” гэсэн үгээр тодорхойлж, тийм хариуцлагагүй үг хэлээд сууж байгаа нь туйлын зохимжгүй, ойлгомжгүй, бүдүүлэг зүйл болсон. Бодвол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд ярьсан байх, үгүй бол энэ нь Ерөнхий сайд хүний хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд байж боломгүй алдаа гаргасан буруутай үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.
Тэр тусмаа манай урд хөршийн тав дахь үеийн шинэ удирдлага гарч ирээд “хөршүүд хамтдаа хөгжье” гэсэн үзэл баримтлал барьж буйгаа илэрхийлсэн байгаа үед. Саяхан БНХАУ-д ажлын айлчлал хийхэд ч хөрш улс орнуудын хамтын үйл ажиллагаа, хамтран ажиллаж, хөгжилд хамтрах тухай их дурдагдаж байна билээ. Монгол улсыг урд, хойд хоёр хөршөөс нь ангид авч үзэх аргагүй тийм гадаад бодлого бидэнд үйлчилж байдгийг ямар ч төрийн зүтгэлтэн мартах учиргүй юм.
-Нэгэнт гадаад бодлогын асуудал руу орсоных БНАСАУ-тай холбоотой үйл явц дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Манайх энэ тал дээр бас л чимээгүй байх шиг. Уг нь бол Өмнөд Солонгост манай улсын иргэд олноороо ажиллаж, амьдардаг гээд олон асуудал бий шүү дээ?
-Тиймээ, энэ бол бүс нутгийн асуудал, Монгол улс Зүүн хойд Азийн улс орнуудын нэгд багтдагийн хувьд дуугай суугаад байх боломжгүй л дээ. Ийм цаг үед үгээ хэлж, байр сууриа илэрхийлэх нь чухал гэж үзээд манай намын зүгээс урьд өмнө сайн харилцаатай явж ирсэн БНАСАУ-ын Хөдөлмөрийн намд хандаж, хойд Солонгосын удирдагчдад асуудлыг эв аяар нь, улс төр дипломатын агуулгаар нь шийдээч ээ гэсэн утга бүхий захидал явуулсан байгаа.
Энэ бол аль нэг намын даргын тавих асуудал мөн юм уу гэсэн зүйл яригдаж байх шиг байсан. Гэтэл энд монгол хүний л тухай асуудал тавигдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй, хичнээн хүн өмнөд Солонгост манайхаас ажилладаг билээ, хичнээн ар гэр тэднийгээ гээд санаашран суугаа билээ. Уг нь бол Монгол Улсын Засгийн газрын л санаа тавих асуудал баймаар.
-Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал тавьсан ч олонхиороо түрий бариад үлдээвэл та бүхний хийх дараагийн алхмыг сонирхож болох уу?
-Яаж хэлэлцэх нь УИХ-ын асуудал. Олонхи юм чинь аваад үлдчих байх гэсэн ойлголтоор бид асуудалд хандаж болохгүй л дээ. Мэдээж олонхиос хамаарах нь тодорхой. Ерөнхий сайд нь хууль зөрчиж байгааг мэдсээр байж, харсаар байтал ард түмний аж амьдрал доройтоод, улс орны ирээдүй улам л бүдгэрээд байхад асуудлыг гар гаж тавихаас өөр гарцгүй юм. Хэрэв зөв, үнэн бодит байдлын төлөө дуугарч, засч залруулахын төлөө сөрөг хүчин болж явахгүй юм бол 25-уулаа бид УИХ-д суухын хэрэг бий юү гэдгийг ч анхаарах хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдчихлаа. Сонгууль ч бараг хаяанд ирсэн байна?
-Сонгуулийн хуулийн дагуу тавдугаар сарын хоёрноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж эхэлнэ. Иймд нам нэлээд шуурхай ажиллах шаардлагатай болж байгаа. Ялангуяа олон нийтээс санал авч хэлэлцүүлж буй “ямар шалгуурыг хангасан хүн Ерөнхийлөгчид нэр дэвших” тухай асуулгын дүнг гаргаж мэдээлнэ. Энэ асуулга нэлээд эрчтэй явагдаж байна. Ингээд намын бага хурлыг тавдугаар сарын хоёрноос тавны хооронд хийхээр урьдчилсан байдлаар ярьж байгаа.
-АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодорхой болчихсон гэж олон нийт үзэж байгаа. Харин МАН энэ удаа ямархуу чансаатай хүнийг гаргаж ирэхээр ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Нэр дэвшүүлэх хүний чансааны тухай асууж байна. Түрүүн хэлсэн олон нийтийн санал асуулгын тухайд сөхөж хэлэхэд, одоогоор мэдэгдээд буй дийлэнх олонхийн саналыг ерөнхийд нь базаж хэлэх юм бол, хэд хэдэн шалгуур хангасан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа нь харагдсан.
Намын үүрүүдээс ирүүлсэн баримт, саналууд, хүмүүсийн ирж уулзаж, биечлэн ярьж байгаа асуудлууд, хэлсэн ярьсан санал бодол зэргээс үзэхэд ам ажлын нэгдлийг хангадаг хүн байх хэрэгтэй, гоё ярихаас илүү үнэнийг хэлдэг хүн байвал дээр, монголчуудыг талцуулдаггүй, эв нэгдлийг хангагч, шударга хүн байх, хууль бус зүйлд оролцоогүй нэр цэвэр хүн байх, хувийн болоод бусад эрх ашгийг хойш тавьж чаддаг хүн байх зэрэг шалгуурыг хамгийн их давтамжтай илэрхийлсэн байсан. Эдгээрийг бид нэр дэвшүүлэхдээ удирдлага болгож ажиллана.
-МАН-ыг МАХН-тай хамтран эвсэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухайд ярилцаж байна. Цаашид танай хоёр намууд нэгдэх асуудал ер нь юу болж байгаа бол?
-Энэ нь одоо яриа хэлэлцээний түвшинд явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар эцэслэн шийдэгдсэн зүйлгүй байгаа ч хэлэлцээ нэлээд сайн үргэлжилж байна. Зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцох тухайд ч бус цаашдаа хоёр нам нэгдэж үйл ажиллагаа явуулах нь МАН, МАХН-ын ч асуудал биш юм. Монголчууд талцаж, хуваагдсанаар сайн үр дүн гарахгүй гэдэг нь энгийнээр бодсон хэнд ч ойлгомжтой зүйл.
-Өнөөдөр Парламент бас элэг бүтэн болоогүй байна. Өвөрхангайн тойргийн асуудал дээр Г.Батхүү УИХ-ын гишүүний тангарагаа өргөөд удчихлаа. Харин С.Чинзоригийн асуудал таг чиг байгаад байдаг?
-Ярьж тохирсон бол тэрийгээ биелүүлэх хэрэгтэй. Энэ бол нуугаад байх зүйл биш л дээ. Гэтэл явсаар байгаад хэрэг явдал арай өөрөөр эргэх шинжтэй болж, Д.Зоригт гишүүний тангараг өргөх гээд бэлтгэж байгаа тухай чимээлж байх шиг. С.Чинзоригийн хувьд хууль зөрчсөн асуудалгүй, ялсан гэдэг нь илэрхий байтал АН янз бүрийн асуудал гаргаж тавьсаар байгаад, ер нь л хүчинд автуулсан маягтай асуудал шийдэгдэх тийшээ болж байх шиг байна. Энэ Засгийн газрын ажил бүтэл муутай, хэлсэн ярьснаа мартаад, төлөвлөснөө хэрэгжүүлэхгүй байгаа шиг Өвөрхангайн тойргийн асуудал ч тохирсон ярьснаа умартаж эргэж буцсан, бараг залилангийн асуудал болоод удаж байна.