Н.Алтанхуяг: Ажил хийдэггүй хүнийг хал гэж захисан
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэхийг шийдэх байв. Уг нь халуун сэдэв хэлэлцсэн боловч бодит байдалд унтаа хурал болов. Ерөнхий сайдыг огцруулах санал оруулсан МАН-ынхан өөрсдөө жижүүрийн асуулт илгээж, жинтэй үг цухуйлгасангүй. Бүтэн долоон цагийн турш Засгийн тэргүүнийг байцаасан ч хэлэлцсэн асуудлыг аль нэг талд нь шийдэж чадаагүй юм. Ерөнхий сайдыг огцруулах дорвитой, ул суурьтайхан шиг шалтгаан гаргаж чадаагүй бололтой.
Огцруулах санал гаргасан сөрөг хүчин хэлэлцүүлгээс завсарлага авчихав. Хуулийн дагуу бол завсарлага ажлын тав хоногт багтах учиртай. Иймээс ирэх долоо хоногт Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг эцэслэн шийдэх бололтой. МАН-ынхан Ерөнхий сайдаас “Төрийн албан хаагчдыг яагаад хоморголон халав. Таны ах, дүүсийн хүүхэд яахаараа тендерт ялдаг юм.
Засаг дарга нарыг хууль бусаар томилсон шийдвэрээ буцаасан чинь үнэн биз дээ. Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үг яагаад амнаасаа унагав” гэхчлэн байнгын хорооны хуралдаанаар ярьснаа тоть шиг давтан ярилаа. Хариуд нь Н.Алтанхуяг “Та нар бодитой юмаар шүүмжил. Замаа хэзээ барих гэж байна. Тавдугаар цахилгаан станц барих нь юу болж байна, түргэлээч гэх зэрэг ажил ярьсан шүүмжлэл хэлээч” гэсэн тайлбар хийв. Ингээд чуулганаар өрнөсөн яриаг тоймлон хүргэе.
Н.Энхболд:
- Н.Алтанхуяг сайд та бидэнтэй хамтарч ажиллая гэдэг. Тэгвэл хамтарч ажиллах бололцоогоо өгөөч дээ. Байнгын хороонд байх ёстой гишүүд маань тоо ёсоор гишүүн болж чадаагүй байна. Бид хуулиа мөрдөнө. Харин таны хууль бус шийдвэрээр ажилгүй болсон 7000 хүн хуулиа мөрдөөсэй гэж хүсч байгаа.
Н.Алтанхуяг:
-Хэдэн мянган хүн ажилгүй болсон тухай яриад байх юм. Нотлох баримттай, бичиг цаасаа гаргаад ирэх хэрэгтэй байна. Бид шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ бодитой шүүмжлэл хүлээж авах тухай ярьж байгаа юм шүү. Үүний оронд та нар барина гэсэн зам чинь ямар байна вэ, Тавдугаар цахилгаан станц чинь хаана байна гээд асуу л даа.
М.Батчимэг:
-Ерөнхий сайд огцорно гэдэг Засгийн газар огцорно гэсэн үг. Засгийн газар огцорвол улс үндэстэнд том донсолгоо авчирна. Сөрөг хүчин хариуцлагатай бодож асуудал тавьсан байх. Засгийн газар огцорлоо гэж бодоход гадаад ертөнцийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд ямар эерэг, болон сөрөг нөлөө авчирна гэж тооцсон бэ. Та нарын үндэслэл эдийн засгийн өсөлт, инфляцид хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг тооцов уу?
Д.Оюунхорол:
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
-Ерөнхий сайд та удаа дараа ийм нэг юм ярьж байгаа. Өмнөх Засгийн газрын алдааг бид засах гэж ядарч байна. Та бүхэн хүлээцтэй хандах ёстой. Бид ажил хийх гэж оролдож байна гэж. Гэхдээ та өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажилласан. Хэрвээ алдаатай гэж боддог бол өөртэй чинь холбоотой гэж боддог уу. Тэгж ярих юм бол МАН-ын Засгийн үед ард түмний амьдрал тодорхой хэмжээгээр сайжирсан гэдэгт хэн ч маргахгүй. Гэтэл өмнөхөө үгүйсгэсэн зүйл ярьж яваад эмзэглэж байна. Нөгөө талаас та бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Гэтэл ганц намын төлөө дуугардаг, ганцхан намын төлөө үйлчлэх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ?
Н.Алтанхуяг:
-Д.Оюунхорол оо, би хүнийг ажилд аваад халаад байдаг хүн биш. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартаа нэг л зүйл хэлж байгаа. Юу гэхээр зүгээр байгаа хүнийг ажлаас халахгүй шүү гэж. Харин ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг халах хэрэгтэй гэж захидаг. Түүнээс биш Ховд аймгийн Дарви суманд хоёр нөхөр маргалдаад нэгнээ халсан явдлыг надтай холбох нь өрөөсгөл юм.
Ж.Эрдэнэбат:
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
-Үндсэн хууль зөрчсөн үйлдлээ юу гэж тайлбарлах вэ. Үүнийг манай намынхан хэлээд байгаа юм биш шүү. Таны гаргасан шийдвэр Үндсэн хуульд харшлаад байна?
Н.Алтанхуяг:
-Үндсэн хууль зөрчөөгүй. 2004 онд Ардын нам, Ардчилсан нам хоёр хамтраад Засаг барьж байхад дөрвөн аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан. Энэ жишгийн дагуу хийсэн. Тагнуулын ерөнхий газрын дэд даргын томилгооны тухайд, Ерөнхий сайд нь нэг агентлагийн дэд даргыг томилох эрх бий. Хаврын чуулган эхлэхийн өмнө энэ Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн гэдэг цаас хэрэгтэй байсан учраас Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Хэний захиалгаар ийм үйлдэл хийгээд байгааг бид бүхэн мэдэж байгаа шүү дээ. Юуг нь нуудаг юм.
Ж.Энхбаяр:
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
-Тавантолгой компаниас Хятад руу нүүрс тээвэрлэх аж ахуй нэгжид таны эгчийн охины компани яагаад ялдаг юм бэ. Улсын компани зөөх бололцоотой байхад танай дүүгийн компани яагаад зөөх ёстой гэж. Шударга ёс хаана байна?
Н.Алтанхуяг:
-Энэ асуудлыг танайх бүлэг дотроо ярина биз дээ. 7000 мянган иргэн ажилгүй болсон гэсэн тоог олон нийтэд цацаад байна. Энэ бол худлаа. УИХ-ын чуулганд энэ асуудлыг нээлттэй ярих боломжтой. Ажил хийдэггүй, өглөө 8.00 цагт босоод ажилдаа ирдэггүй, амралтын өдөр бүр ажиллаж үзээгүй, авлига авдаг хүнийг л халсан. Энэ тоо 7000-д хүрэхгүй.
Г.Баярсайхан:
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
-МАН-ын гишүүдээс гаргасан үндэслэл нь огцрох үндэслэл болохгүй. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газрын байгуулагдсан цагаас хойш маш олон бүтээн байгуулалт хийнэ гэсэн. Энэ бүтээн байгуулалтын ажлаа эртхэн эхлэх шаардлагатай байна. Хавар гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байвал Ардчилсан нам доторхи гишүүд ч Засгийн газрыг огцруулах хүсэлт өргөн барихад болохгүй юм байхгүй.
С.Бямбацогт:
-Та төрийн албанаас хүн халахгүй, бас нэг ч хүн нэмж авахгүй гэж хэлж байсан. Гэтэл 109 хүнээр нэмэгдсэн. Хомороголон халахгүй гэсэн атал Ховд аймгийн бүх сургуул, цэцэрлэгийн эрхлэгчийн халжээ. Бичиг нь энэ байна. Захиргааны хэргийн шүүх хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрээ гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс ч албан тоот явуулсан байхад авч хэлэлцэхгүй байна. Ерөнхий сайд хуулиа хэрэгжүүлэхгүй болохоор доод албан тушаалтнууд ингэж байгаа хэрэг үү. Хариулт өгөөч.
Н.Алтанхуяг:
-Хоосон тоо ярьж хэрэггүй ээ. Нэг ч хүнээр орон тоо нэмэгдүүлэхгүй гэсэн, нэмээгүй. Ховд аймгийн Дарви суманд хоёр хүн маргалдаад нэгнээ халсан тухай надад яриад яах вэ. Шинэчлэлийн Засгийн газарт хүмүүсийг халах бодлого байхгүй. Ховдын хүмүүсийг би халаагүй. Тийм мэдэл байхгүй. Хууль зөрчөөд байгаа бол тэр хүмүүстэй хариуцлага тооцуул л даа. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал дээр ярьж Засаг даргатайгаа хариуцлага тооцох хэрэгтэй. Хөдөө баг дээр болсон зүйлийг хүртэл надад холбож наах хэрэггүй. Ховдод болсон үйл явдалд та бүхэн санаа тавь. Би ч асуудлыг судалъя.
Я.Содбаатар:
-Шатахууны үнэ удахгүй буурна, цаашид өсөхгүй гэж хэлсэн. Тавдугаар сараас хойш дахиад өсвөл ямар хариуцлага хүлээх вэ. Нөгөө талаас махны үнэ хэд хүрснийг мэдэх үү. Үнийг нь хэзээ буулгах вэ?
Н.Алтанхуяг:
-Нүүрсний үнийг 200 мянгаас 80 мянга болгож бууруулна гэдэг бол солиотой хүний хийх ажил. Тэгээд нүүрсээ худалдаж авч чадахгүй дугуй түлэх ёстой юм уу. Харин махны тухайд Х.Баттулга сайдын мессежийг хараадахъя.
Я.Содбаатар:
-Манай аав, ээж ах дүүс бүгд гэр хороололд амьдардаг. Тэнд бол нүүрсийг тонноор биш портероор ярьдаг юм. Та бусдаас ирж байгаа мессежийг зөв уншиж тайлбарлах ёстой” хэмээн Н.Алтанхуягийг огцруулах долоон цаг хэлэлцсэн ч МАН-ын завсарлага хүссэнээр энэ асуудал долоо хоногийн дараа шийдэгдэхээр болсон.