Г.Батхүү: МАН цөөнх байж үзээгүй учир төвөгтэй зүйл байгаа байх л даа
Өнгөрөгч баасан гаригт нээгдсэн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өрнөсөн үйл явцын дараа УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.
-Чуулганы нээлт нэлээд ширүүхэн боллоо. МАН-ынхны хийсэн энэхүү үйлдлийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Чуулган хуулийнхаа дагуу нээлтээ хийсэн. Ерөнхийлөгч үг хэллээ. Гэтэл МАН-ынхан хурал хаяж гарсан шалтаг, шалтгаанаа хэлсэнгүй. Уг нь тайлбар хийгээд "Ийм учраас бид гарлаа" гэдэг тогтсон заншил бий. Шуудхан хэлбэл, МАН-ынхан цөөнх шиг цөөнх байж чадахгүй байна. Цөөнх байж үзээгүй учир төвөгтэй зүйл байгаа байх л даа. Хүний үг сонсож сураагүй, дандаа олонхи байж, олонхиороо асуудлыг шийдээд сурчихсан учир түүндээ дасахгүй байгаа юм болов уу даа л гэж бодож байна.
Ер нь нам болон хувь хүмүүсийн хувьд санал бодол 100 хувь нийлж байх шаардлагагүй. Тийм бололцоо ч байхгүй. Эсрэг, сөрөг зүйл олон байж таарна. Гэхдээ би ганцхан зүйл дээр санал нэгддэг байгаасай гэж боддог юм. Энэ нь улс орны язгуур эрх ашиг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн биш байна. Ерөнхийлөгч ч сая хэлсэн. Бидэнд үүнээс илүү сайн байх бололцоо бий. Бид дотроо учраа ололцохгүй, үл ойлголцож, хөл гар нийлэхгүй байгаагаас болоод гадны хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Өөрсдийн сайн сайхан амьдралын бололцоог алдаж, Засгийн газрын хийх ажлыг чөдөрлөж байна. Угтаа энэ бүхэн нь аль нэг нам, хэн нэгэн хүний эрх ашгаас дээгүүр том асуудал гэдэгт дандаа нэгдэж байх ёстой. Өнөөдрийн чуулганы үеэр болсон үйл ажиллагаа ч гэсэн гадаад ертөнцөд таатай санагдахгүй байх гэж бодож байна даа.
-Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ "...хорхойтсон баавгай" гэсэн нь МАН-ынханд хүндээр тусах шиг болсон?
-Ерөнхийлөгчийн хэлсэн үг зөвхөн нийгмийг эсвэл сөрөг хүчнийг шүүмжлээгүй. Тэр байтугай олонхийг хүртэл хангалттай сайн шүүмжилсэн шүү дээ. Алдаа дутагдлаа олж харсан бол түүнийгээ засч залруул, хугацаатай ажлаа хурдан хий, гадаад дотоод хөрөнгө оруулагчдыг татах, тэдний ажиллах таатай, баталгаатай орчныг бүрдүүлэх, гадаадын зах зээл дээр бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй худалдах асуудал дээр цаг хугацаа алдаж байна гэх мэтчилэн олон шүүмжлэлийг хэлсэн.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн биш байна. Ерөнхийлөгч ч сая хэлсэн. Бидэнд үүнээс илүү сайн байх бололцоо бий.
Нэгэнт бид парламентын засаглалтай хойно, парламент бүхэлдээ энэ хариуцлагаа үүрэх ёстой. Түүнээс бус олонхи нь бүх хариуцлагыг үүрдэг байж боломгүй. Ард түмэн биднийг төрийн бодлогыг аваад яв гэж сонгосон л бол олонхи, цөөнх гэлгүй алдааг хамт л үүрнэ. Үнэхээр цөөнх шиг цөөнх байсан бол алдааг нь хэлж өгөөд хамт сууж байх ёстой. Харин бидэнд хамаагүй гэж үзэж байгаа бол энэ парламентад суугаад байх шаардлагагүй.
-Уг нь МАН-ынхан чуулганы хуралдаанд үг хэлье гэж УИХ-ын даргаас хүссэн гэсэн. Гэтэл тэднээр үг хэлүүлээгүй нь үнэхээр цөөнхийн үгийг сонсохгүй байгаагийн илэрхийлэл бус уу?
-Дэгтэй шүү дээ. Нээлтийн чуулганыг ямар процедураар явуулах вэ гэдэг нь өөрөө дэгтэй. Түүнээс бус З.Энхболдоос юм уу, хэн нэгэн хүнээс хамаарахгүй.
Цөөнхөд үүнээс илүү боломжууд зөндөө л байна шүү дээ. Тав дахь өдрийн үдээс хойш болгон Засгийн газрын цаг байна. Шаардлагатай бол асуулга тавьж, чуулганы хэлэлцэх асуудалд санал оруулж болно, байнгын хороод дээр ч саналаа илэрхийлж болно. Бүр шаардлагатай гэвэл бүлгийн хуралдаандаа сайд, дарга нарыг дуудаад мэдээлэл авч болно.
Түүнээс бус хаврын салхитай өдөр хөгшчүүлээ дааруулж, ядраамааргүй байгаа юм. Дотроо ажлаа хийцгээе л дээ. Үнэхээр парламентад суудалгүй, Төрийн ордны гадна байгаа бол ойлголгүй яахав. Гэтэл энд хангалттай суудал байгаа шүү дээ.
-Та цөөнх цөөнх шиг байж чадахгүй байна гэлээ. Цөөнх ямар байх ёстой юм бэ?
-Цөөнх үгээ дүрэм журмынхаа дагуу хэлдэг, эсэргүүцэх зүйлээ журмынхаа дагуу л эсэргүүцдэг байх хэрэгтэй. Эдний өнөөдөр хийж байгаа үйлдэл бол Л.Гүндалай ганцаараа байхдаа хэрэглэж байсан арга. Одоо бол МАН тийм ч цөөхүүлээ биш. Бүх байнгын хороодод байгаа, бүлэгтэй болчихсон. Тиймээс олгой хагаравч тогоон дотроо гэдгийн адилаар асуудлыг дугуй танхимдаа л ярих ёстой юм. Энэ мэт нийгэм, гадаад улс орон руу гаргаад байх юм бол эдгээрийг харж байгаа гадны хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлөх вэ.
Засаг нь дотроо ойлголцохгүй байвал бизнест ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг тэд мэднэ шүү дээ.
-МАН-ынхны үйлдлийн агуулга нь Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдыг огцруулахад л чиглэгдэж байсан?
-Засгийн газар огцрох ёстой гэвэл гарын үсгээ зураад, хуулийнхаа дагуу асуудлаа тавиад хэлэлцүүлэх хэрэгтэй. Ерөөс Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх эрхтэй байгууллага бий.
-Үнэхээр тэдний хэлж буйгаар энэ удаагийн Засгийн газар батаарын араас хөөцөлдөх, Төрийн ордонд иргэдийг нэвтрүүлэхээс өөр зүйл хийгээгүй гэдэгтэй та санал нэгдэж байгаа хэрэг үү?
-Юу ч хийдэггүй Засгийн газар гэж огт байдаггүй. Аливаа Засгийн газар бүр хийж, бүтээхийн төлөө ажиллаж байгаа. Харин хийсэн ажлын үр дүн нь ямар байна вэ гэдэг талаас нь л асуудлыг ярих байх.
Өнөөдрийн Засгийн газар байгуулагдаад долоон сар болж байна. Энэ хугацаанд юу хийсэн бэ гэдгийг бид ярьж болно. Гэхдээ ийм хугацаанд хийгээд үр дүн нь гарчихдаг ажил тийм ч олон биш. Эхлэл, алхам, суурь нь хийгдэж байгаа маш олон ажил бий. Би хувьдаа шинэчлэлийн Засгийн газар УИХ-аас баталж өгсөн ажлуудаа хийж байна л гэж ойлгож байгаа.
-Гэхдээ огцруулах 25 хүний гарын үсэг бүрдчихсэн гэсэн шүү дээ?
-Тэр талаар ёстой мэдэхгүй байна.
-МАН-ынхан гадаа жагсаж байна. Жагсагчдын тавьж байгаа нэг асуудал нь шүүхээр далайлгаж УИХ-д суудал авч байна гэсэн. Энэ нь таныг хэлж байгаа бололтой?
Өнөөдрийн Засгийн газар байгуулагдаад долоон сар болж байна. Энэ хугацаанд юу хийсэн бэ гэдгийг бид ярьж болно. Гэхдээ ийм хугацаанд хийгээд үр дүн нь гарчихдаг ажил тийм ч олон биш.
-Би өнөөдөр хуультай болж, баталсан хууль хэрэгжсэний үр дүнд гарч ирсэн гишүүн. Өмнө нь мөнгө тараасан хүн УИХ-ын гишүүн болоод л явдаг байсан. Харин ийм зөрчлийг зогсоох хуулийг түрүүчийн парламент баталсан. Хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүн болохгүй. Өөрөөр хэлбэл, би сайндаа биш, хууль хэрэгжсэн юм. Буруутан нь хуулийн дагуу шүүхийн өмнө хариуцлагаа хүлээсэн. Тиймээс би хэн нэгэн хүний саналыг булааж, урдуур нь орж ирсэн зүйл байхгүй. Нөгөө талаас би өөрийгөө УИХ-д сүүлд орж ирснээрээ хэн нэгний өмнө буруутай ч гэдэг юм уу, хуулийн өмнө буруутай гэж огт бодохгүй байна.
-Та гишүүн болсныхоо дараа Д.Зоригт бид хоёр нэг завин дээр байгаа гэж байсан. Тэгэхээр удахгүй Д.Зоригт гишүүн орж ирэх үү?
-Би авсан саналынхаа тоогоор гуравт байгаа юм. Харин луйвардуулсан саналын тоог хасчихлаар би нэгд орсон. Д.Зоригт бид хоёр хамт тангараг өргөх боломж байсан. Гэхдээ Д.Зоригт "Үнэхээр энэ хүмүүс өөрсдийгөө орох ёстой гээд байгаа бол хасагдсан улсуудын эхэнд байгаа С.Чинзориг ороод ир. Би тангаргаа өргөхгүй хүлээж байя. Тэгээд ч орж ирж чадахгүй бол миний хувьд тэртээ тэргүй хууль эрхзүйн орчин бүрдчихсэн байгаа учир тангаргаа өргөе. Хэрэв С.Чинзориг үнэхээр орж ирж чадна гэвэл асуудлаа шийдээд ороод ир" гэсэн хүлээлтийн байдалтай л байгаа. Д.Зоригтын хувьд өнөөдөр ч орж ирээд тангараг өргөхөд болохгүй зүйл байхгүй.
-Увсын хоёр гишүүний шүүх хурал боллоо. Ер нь цаашид асуудал МАН-ынхны талд шийдэгдэнэ гэсэн таамаг нийгэмд бий. Өөрөөр хэлбэл, Өвөрхангайг АН, Увсыг МАН гэсэн тохироо хийгдсэн гээд байгаа?
-Тийм зүйл байхгүй. Би лав тийм тохиролцоонд ороогүй.
-МАН-ынхны шүүмжилж байгаа өөр нэг зүйл бол өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийсэн хамгийн том ажил гэгдэх "Чингис бонд". Тэд хойч үедээ маш их өр үлдээж байна хэмээж байгаа. Тэр ч бүү хэл АН тэтгэвэрт гарахад бондын өр хүмүүсийн нуруун дээр ирнэ гэсэн?
-АН тэтгэвэрт гарахгүй. Бидний араас олон залуус гарч ирнэ. Хоёрдугаарт, "Чингис бонд" бага мөнгө биш. Харин үүнийг хэрхэн үр ашигтай зарцуулснаар л өр эсвэл баялаг болох эсэх нь шийдэгдэнэ. Үнэхээр буруу зарцуулаад үрэн таран хийчихвэл өр болно, зөв зарцуулаад баялаг бүтээдэг болчихвол өрөө төлөөд цаана нь асар их баялаг улс оронд үлдэх бололцоо бий. Тиймээс АН "Чингис бонд"-ыг зөв зарцуулж, өрөө дараад, баялгаа ч бүтээе гэсэн бодлогоор л ажлаа хийж байгаа.
-Гэхдээ үнэхээр бондын хүүнд жилд асар их хэмжээний ам.доллар төлөх ёстой болчихоод байгаа шүү дээ?
-Бондоор ямар баялаг бүтээж болохыг ярихгүй байгаа байхгүй юу. Зөвхөн хүүний л тухай яриад байна. Энэ бол амархан, тооны машин дээр бодоод л гаргачихна. Гэтэл өдөрт ямар хэмжээний нэмүү өртөг бүтээж, баялаг бий болгох вэ гэдгийг нарийн бодолцох ёстой юм.