О.Баасанхүү: Нэг бол Чингэлтэй дүүрэг эмнэлэгтэй болно, эсвэл би намаасаа гарна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.12.18

О.Баасанхүү: Нэг бол Чингэлтэй дүүрэг эмнэлэгтэй болно, эсвэл би намаасаа гарна

Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сангийн сайд Ч.Улаан, Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах эсэх болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч өөрийн байр сууриа илэрхийллээ.

УИХ дахь МАХН-МҮАН–ын “Шударга ёс” эвсэл хуралдаж дээрх хоёр сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Харин О.Баасанхүү гишүүний хувьд бүлгийнхээ хуралд санаатай оролцоогүй нь намынхаа байр суурийг эсэргүүцсэндээ бус хоёр сайдыг огцруулах үндэслэлгүй гэдгийг мэдэх учраас хуралдаа оролцоогүй гэсэн тайлбарыг өгч байна.

О.Баасанхүү гишүүний анхаарал хандуулж буй өөр нэг асуудал бол Чингэлтэй дүүргийн эмнэлгийн барилгын маргаан юм.

Уг барилгыг Чингэлтэй дүүргээс булааж, эмнэлгийн бус зориулалтаар ашиглах төсвийг Ч.Улаан сайд гаргасан бөгөөд түүнийг нь Н.Батбаяр, Н.Удвал сайд нар өөгшүүлэн дэмжиж хууль зөрчсөн учир хариуцлага тооцохыг шаардаж буйгаа илэрхийлэв.

Тэрээр дээрх барилгыг эмнэлгийн барилга болгох шийдвэр гарахгүй бол  намаасаа гарна гэдгээ хэллээ.