Х.Бат-Ялалт: Иргэний нийгмийн байгууллагад хянах эрхийг өгөөч
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
2014.09.11

Х.Бат-Ялалт: Иргэний нийгмийн байгууллагад хянах эрхийг өгөөч

Хүсэл зоригоо нэгтгэе” хөдөлгөөнөөс “Эх орондоо эзэн болцгооё”  цуглааныг өнөөдөр Чингисийн талбай дээр зохион байгууллаа. “Иргэдийн шударга шүүх”  ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай цуглааны үеэр ярилцсан юм.

-Нийт хэдэн байгууллага  цуглаанд оролцож байна вэ?

Манайд нэгдсэн 50 гаруй ТББ оролцож байна. Харин энд  хамтрах гэрээ байгуулаагүй ч маш олон байгууллага биднийг  дэмжихээр ирсэн.

-Уг жагсаал цуглааны гол зорилго нь юу вэ?

Бид олон жижиг төрийн бус байгууллага байснаас чадвартай нэг том байгууллагатай байя гэсэн үүднээс нэгдэж ажиллах болсон. Тиймээс ч бид төрийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, судалдаг, дэмжлэг үзүүлдэг төрийн албан хаагчийн үйл ажиллагааг хянах эрх мэдлийг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн 2016 оны сонгуулийн сонгогчийн үнэмлэх хянагч, эрх мэдлийг гүйцэтгэдэг, төрийн албан хаагчаас төрийн нууцад хамаарахгүй мэдээ мэдээллийг шаарддаг эрхийг олгодог үнэмлэхтэй болохын төлөө тэмцэж байна.

-Иргэдийн зүгээс танай жагсаал цуглааны талаар ямар санал бодолтой байна, хэрхэн хүлээн авч байна вэ?

Иргэдээс танай энэ жагсаал өмнөх жагсагчдаас юугаараа ялгаатай вэ, төрийн өндөрлөгт гараад л алга болох уу, жагсаалд оролцвол мөнгө өгөх үү зэрэг  хэд хэдэн асуултыг тавьж байсан.

Харин бид эрх мэдэлтнийг хянах эрхийн төлөө тэмцэж байгаа мөн хэзээ ч мөнгө өгөхгүй. Ганц удаа л жагсаад зогсохгүй хариуцлагатай, шударга, хяналттай байх зарчмийн төлөө бид үргэлжлүүлэн тэмцсээр байх болно.

Цуглаанд 50 гаруй ТББ оролцлоо

-Уг жагсаалын хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт шаардлага, хүсэлтийг хүргүүлж байгаа гэсэн. Үүний тухай дурдвал?

Ерөнхийлөгчид нэгдүгээрт, бидний зүгээс санаачилж буй Иргэний хяналтын байгууллагын  тухай хуулийг хэлэлцүүлж өгөөч. Хоёрдугаарт, Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжиж өгөөч гэсэн хүсэлтийг хүргүүлж байгаа.

Харин ерөнхий сайдад улс төрийн өндөр ухамсар гарган хийж чадахгүй байгаа ажлаасаа татгалзаж,  сүүлийн үед үрэн таран хийсэн их хэмжээний мөнгөнийхөө тайланг тавиач гэсэн шаардлагуудыг хүргүүлж байна. Гэхдээ тэмцлийн гол агуулга нь дараагийн гарч ирж байгаа гишүүд ямар ч хараа хяналтгүйгээр дураараа ажиллах боломжийг нь хязгаарлахад оршиж байгаа юм.

-Шаардлага, хүсэлтийн хариуг хэдий хэр хугацааны дараа авах  вэ?

Энэ сарын 20-ны дотор  хүлээн авна. Бид монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн гуравдугаар зүйлийг үндэслэн шаардлага хүргүүлсэн. Үүнд нийгмийн ашиг сонирхлын тулд нийгмийн хэсэг бүлгүүдийн улс төрийн намуудыг зөвшилд хүргэх ажлыг санаачлан хийх үүрэгтэй гэж заасан байдаг.

Энэ үүргийнхээ дагуу үндэсний эв нэгдлийг хангагч, илэрхийлэгчийнхээ хувьд биднээс гаргаж буй санал санаачлагын хүрээнд биднийг хүлээн авч уулзаж,  дэмжээч гэж хүсч байна. Хэрэв бидний шаардлагыг дэмжихгүй бол суулт өлсгөлөн зэрэг шат шатны тэмцлийн хэлбэрийг сонгох болно.