Л.Гантөмөр: БШУ-ы салбарт 2014 онд 13.9 тэрбум төгрөгөөр 122 их засварын ажлыг хэрэгжүүлж байна
Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2014.09.01

Л.Гантөмөр: БШУ-ы салбарт 2014 онд 13.9 тэрбум төгрөгөөр 122 их засварын ажлыг хэрэгжүүлж байна

БШУ-ы сайд Л.Ган­төмөрөөс 2014-2015 оны шинэ хичээлийн жилийн бэлтгэл л хэрхэн хан­гагдаж байгаа болон, энэ хичээлийн жилд БШУ-ы яамны зүгээс боловсролын салбарт ямархуу шинэчлэл хэрэгжүүлэхээр зорьж бай­гаа талаар тайлбар, мэ­­дээллийг нь сонсов.

Ши­­нэч­­лэлийн Засгийн газ­раас хэрэгжүүлж байгаа бо­ловсролын шинэчлэлийн хүрээнд залуу сайдын тол­гойлсон яам ихээхэн хүч чармайлт гарган багагүй зүйл хийж амжуулаад бай­гаа юм байна. 

Гэхдээ хичээлийн ши­нэ жил эхэлж байхад нийс­лэлийн олон сургуулийн засварын ажил хараахан дуусаагүй байгааг ч Л.Ган­төмөр сайдын ярианаас ойлгосон юм.

-Сайд аа, хоёулаа ярилц­лагаа сүүлийн өд­рүү­дийн дуулиан болоод байгаа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгийн хангамж, хү­рэл­­цээний талаархи асуул­таар эхлэх үү?

-За тэгье ээ. 2014-2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 1112 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, сур­гуулийн өм­нөх боловсролын бай­гууллагад нийт 201 967 хүүхэд хамрагдана. Энэ нь өнгөрсөн хи­чээлийн жилийнхээс цэцэрлэгийн тоо 45, хамрагдах хүүхдийн тоо 8200-гаар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Нийслэлийн хэмжээнд цэцэр­лэгийн насны 106 000 хүүхэд бай­гаагийн 75600 нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд энэ хи­чээлийн жилд хамраг­далтын хувь 76.5-д хүрэх ханд­лагатай байна. 

Сургуулийн өмнөх бо­ловсролд хамрагдах хүүх­дийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад найман мянга орчим хүүхдээр нэ­мэгдсэн хэдий ч 10 хүү­хэд тутмын гурав нь цэцэр­лэггүй үлдэж байна.

Энэ хичээлийн жилд цэцэр­лэгийн насны 256 мянган хүү­хэд байгаагаас 202 мянга нь сур­гуулийн өмнөх боловсролд хам­рагдана. Үүнээс 156.0 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20.0 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25.8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдана.

2013-2014 оны хи­чээлийн жилд ерөнхий бо­ловсролын 40 ла­боратори сургуулийн 1680 багш бага боловсролын шинэчилсэн хө­төлбөрийг туршин хэ­рэгжүүллээ. 

Бага боловсролын цөм хөтөлбөрөө батлан, багш нэг бүрт хэвлэн хүр­гэж, 860 гаруй сургагч багш нар үндэсний хэмжээнд 13310 багш, удирдлагуудад бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн сур­галтыг амжилттай зохион бай­гууллаа.

Яам, цэцэрлэгийн хан­гамж, хүрэ­л­цээг сайжруулах талаар чадлынхаа хэрээр л ажиллаж ирлээ. Хамгийн сүүлд л гэхэд манай яамны захиалгаар БЗД-ийн 21 дүгээр хороонд 100 хүүхдийн хоёр цэцэрлэг ашиглалтад орлоо.

Ингэснээр тус дүүргийн 200 хүүхэд энэ намар гэртээ биш цэцэрлэгт өнжих боломж бүрдэж байгаа юм. Хүн амын тоогоороо нэгдүгээрт ордог Баянзүрх дүүрэгт жил бүр л цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа тухай иргэд шүүмжилдэг.

Тиймээс БШУЯ, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэг­жүүлж байгаа. Төс­лийн үр дүнд энэ намартаа багтааж хүн ам олноор суурьш­сан, цэцэрлэгийн хүртээмж бага­тай дүүрэг, хороодод 17 шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулна.

-Бага боловсролын та­лаар багагүй ан­хаарч, сургалтын хөтөлбөрийг нь шинэчлэх болсон тухай өмнө нь ярьж байсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?

2014-2015 оны хичээ­лийн жилд үндсэний хэмжээнд бага боловсролын шинэчилсэн хөтөл­бөрөөр хичээллэхээрээ онцлогтой. Бага боловсролын шинэ­чилсэн хөтөлбөр дараах онцлогтой.

Сургалтын хөтөл­бөрийн оронд боловсролын хөтөлбөртэй болж, боловсролын нийтлэг удир­дам­жийн оронд ерөнхий чиг­лэл өгдөг, мэдлэг шалгахын оронд чадварыг үнэлдэг болж, сургахын оронд суралцах, хичээллэхийн оронд турших, цээжилж сурал­цахын оронд бие биедээ нөлөөлөх, олж нээн суралцдаг үйл явц өрнөж байна.

Бага бо­ловсролын сур­галтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг нийс­лэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн холбогдох хүмүүст БШУ-ны Сайдын 01 тоот албан даалгаврыг хүргүүлсэн.

-Энэ жилийн тухайд нэгдүгээр ангид хэчнээн сурагч шинээр элсэн су­ралцах вэ. Тэдний талаар ямар анхаарал хандуулж байгаа вэ?

-2014-2015 оны хи­чээлийн жилд ерөнхий бо­ловсролын сур­гуулийн нэг­дүгээр ангид 59352 сурагч шинээр элсэн суралцана. Энэ жилийн хувьд хүү­хэд нэг бүрийн авьяас, сонирхлыг хөгжүүлэхийн тулд “Ном”, “Авьяас” хө­төлбөрийн хүрээнд ерөн­хий боловсролын 756 сургуулийн 430 000 сурагч 121 төрлийн секц дугуйланд, хамрагдахаар байгаа нь нийт хүүхдийн 90 орчим хувь нь болж байгаа юм. Энэ хичээлийн жилээс дунд ангийнхан ангийн номын сантай болно.

Төрийн өмчийн 220 сургуульд тус бүр 10 сая, 764 цэцэрлэгт тус бүр хоёр сая төгрөг олгож багш, суралцагчид өөрсдөө сонгон хи­чээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авсан.

Тө­рийн өмчийн сур­гуулиудад 128 фи­зикийн лаборатори, 128 химийн лаборатори, 110 сургуульд ухаалаг хөгжмийн самбар, 1000 морин хуур зэрэг тоног төхөөрөмж олгосон бол удахгүй 100 физик, 100 химийн лаборатори болон бусад тоног төхөө­рөм­жүүдийг ний­лүүлэхээр бэлтгэж бай­на.

Хүүхдэд зориулсан утга зо­хиолын уралдаан зарлаж, роман, тууж, өгүүллэг, баримтат өгүүллэг, яруу найраг, орчуулгын зохиолын төрлүүдээр нийт 61 бүтээл шал­гаруулаад байна.

-Дүрэмт хувцасны ту­хайд жи­лийн жилд бага­гүй маргаан дагуулдаг. Бас сурах бичгийн хүрэлцээ, хангамж ямархуу байдалтай байгаа бол?

-Сурах бичиг, дүрэмт хувцасны бэлтгэл 100 хувь хангагдсан. Энэ хичээлийн жилд ерөнхий бо­ловсролын сургуулиудад 95 нэрийн 2 148 661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100 431 ширхэг багшийн ном тус тус хэвлэн нийлүүлж байна.

Зах зээлд худалдаалагдах су­рах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг байгаа. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд энэ онд хуучин үнээрээ борлуулагдана.

Өнгөрсөн жилд 497.000 су­рагчийн 38 хувь болох 189000 су­рагч шинэ дүрэмт хувцсаар хан­гагдсан. 2014-2015 оны хичээ­лийн жилд 186104 сурагч шинээр захиалга өгсөн.

Энэ хи­чээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон. Дүрэмт хувцасны худалдаа, борлуулалт улс орон даяар хийгдэж байна. Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн оны үнэтэй адил түвшинд байгаа. Энэ асуудал ямар нэгэн хүндрэл, бэрхшээл дагуулахгүй байх аа. 

- Их, дээд сургуульд элсэгч­дийн онооны та­лаар эцэг эхчүүд сайн ойлгоогүйгээс хэл ам татал­даг. Ер нь босго оноо нь хэд болсон юм бэ? 

-Элсэлтийн ерөнхий шалгалтад 400-аас дээш оноо авсан элсэгч их, дээд сургуульд элсэн орох эрх­тэй болсон. Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилээс нийт их, дээд сургууль, коллежийн ба­ка­лаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт босго оноо 400 байхаар БШУ-ны сайдын тушаал гарсан ба босго оноог жил бүр шинэчлэн тогтоох болно.

-Зарим эрэлт хэрэгцээтэй инже­­нер, багш зэрэг мэргэжилтэн бэлт­гэхэд БШУ-ны яамны зүгээс ямар нэгэн хөнгөлөлт, урам­шуу­лал үзүүлэх үү?

-Энэ их чухал асуудал бо­лоод байгаа. Энэ ч утгаар нь Багшийн сургуульд өндөр оноо­той оюутнуудыг тэтгэлгээр су­рал­­­цуулж эхэлж байна. Багш бэл­т­гэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд 650, 750-аас дээш оноо авч 70,100 хувийн сургалтын төл­бөрийн тэтгэлэг, мөн хөдөө, орон нутагт багшлах дадлагын амь­жиргааны зардлын 100 хувийн тэтгэлэгтэй 2000 гаруй оюутан суралцаж байгаа.

-Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад олон оюутан сургахаар болоод байгаа. Энэ талаар тайл­барлахгүй юу?

-Дэлхийн жишигт хүрсэн инже­нерийн хөтөлбөрт монгол оюут­нуудыг суралцуулах юм. “Инженер, технологийн дээд бо­ловсрол” төслийг Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Бүртгэл эхэлсэн эхний тав хоногт 270 гаруй залуучууд материалаа бүрдүүлж өгсөн байна лээ. Бүртгэл ирэх лхагва гараг хүртэл үргэлжилнэ.

Бид энэхүү төслийн үр дүнг дараах байдлаар тодорхойлж байгаа. Үүнд инженер бэлтгэх хөтөлбөр олон улсын жишигт хүрнэ. Аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий 1000 инженер, техникийн ажилтан бэлтгэгдэнэ. Тэргүүлэх 20 чиглэлээр олон улсын хамтарсан судалгаа хийг­дэж, бодит үр дүнг практикт шил­жүүлнэ. 

Монгол-Германы хам­тарсан технологийн дээд сур­гууль 2014-2015 оны хичээлийн жилд уул уурхайн инженер, меха­ник инженер, байгаль орчны инже­нерийн үндсэн ангиа эхлүүлж 100 гаруй оюутан дэлхийн шилдэг их сургуулиудын хөтөлбөртэй ижил түвшний хөтөлбөрт суралцана.

-Дэлхийн шилдэг их сур­гуу­лиудад олон тооны оюутан суралцуулахаар яригдаж байсан. Тэр ажил хэрэгжиж байгаа юу?

-Дэлхийн шилдэг 100 их сургуульд Монголын нэг үеийн залуучууд хамтдаа суралцахаар болоод байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан сургах ту­хай” 78 дугаар зарлигийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн 85 оюутан суралцахаар болсон.

Гадаадын 13 оронд Засгийн газар хоорондын гэрээгээр инженер, технологи, байгалийн ухаан, анагаах ухааны нарийн мэргэж­лийн чиглэлээр суралцуулах бод­логын дагуу 710 хүн суралцах эрхээ авчихсан байгаа. Удахгүй тэд эх орноосоо мордоно.

-Монголын их, дээд сур­гуу­лиудын сургалтын бааз, тех­нологийг сайжруулах талаар ямар бодлого барьж байгаа вэ?

-Дээд боловсролын ши­нэч­лэ­лийн хөтөлбөрийн хүрээнд их сур­­гуулиудын сургалт, судалгааны дэд бүтцийг сайжруулах зорилгоор 20 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийгдсэн.

Тус санхүүжилтээр МУИС-ийн лазерийн лаборатори, ХААИС-ийн дэргэд машин суд­лалын сорилтын лаборатори, ШУТИС-ийн дэргэд био­меха­никийн лаборатори, МУБИС-д бай­галийн ухааны сургалтын ла­боратори, АШУҮИС-ийн дэргэд амьд эсийн дүрслэлийн лаборатори байгуулж дээд боловсролын сур­галт, судалгааны орчин эрс сайжирлаа.

Цөм технологийн нийт 40 гаруй төслийг шинээр сонгон шал­гаруулж 1.6 тэрбум төгрөгийн санхүү­жилт олгоод байна. Үүнээс анагаах ухааны салбарын найм, байгалийн ухааны салбарын тав, нийг­мийн ухааны тав, хөдөө аж ахуйн сал­барын 15, техник тех­но­логийн салбарын найман төслийг шинээр хэрэгжүүлээд байна.

Судалгааны дэд бүтцийг хөг­жүүлэхэд зориулан 1.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газар боловсролын шинэчлэлийг онц­гойлон анхаарч байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэг­дүүлэхийн тулд нийтдээ хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгааг товчхон дүг­нэхгүй юу?

-Засгийн газраас цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэг­дүүлэхэд онцгой анхаарч байна. 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 193 төсөл арга хэмжээг хэ­рэгжүүлэхээр 213.9 тэрбум төгрөг батлагдсан.

Дэлхийн банкны хөрөнгөөр 17 цэцэрлэгийн барилга, нийслэлийн хөрөнгөөр 31 барилга, үүнээс 16 цогцолбор, гурван сургууль, 12 цэцэрлэг, концессийн гэрээгээр 82 цэцэрлэг, сургуулийн барилгын хөрөнгө, санхүү шийдэгдсэн. Үүнээс 2014 онд 20 цогцолборт ажил хийгдэхээс 10 нь буулгах, дөр­вөн сургууль, гурван цэцэрлэг, гурван өргөтгөлийн ажил хийгдэнэ. 

Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд улсын хэмжээнд 5415 ор бүхий 60 цэцэрлэг, 21056 суудал бүхий 46 сургууль, 1955 ор бүхий 19 дотуур байр, 22 спорт заалыг барьж ашиглалтад оруулсан.

2014 онд улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 30586 суудалтай 65 сургууль, 12275 ортой 102 цэцэрлэг, 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль-цэцэр­лэгийн цог­цолбор, 2785 ортой 24 дотуур байр, 12 спорт заал нийт 219 барилгын барилга угс­ралтын ажил хийгдэж байна. Үүнээс 2014 онд 8648 суудал бүхий 18 сургууль, 5235 ор бү­хий 45 цэцэрлэг, 2785 ортой 24 дотуур байр, зургаан спорт заал ашиглалтанд орно.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2014 онд 13,9 тэрбум төг­рөгөөр боловсролын 122 их зас­варын ажлыг хэрэгжүүлж байна. Үүнээс 66 сургууль, 46 цэцэрлэг, дөрвөн дотуур байр, зургаан спорт заал, нийт 122 барилгад их засвар хийж байна.

Улсын хэмжээнд засварын ажлын гүйцэтгэл 70 орчим хувь­тай байна. Улаанбаатар хотод 2014 онд 39 сургууль, 41 цэцэрлэгийн их засварын ажил хийгдэж, дуусах шатандаа явж байна. 

-Бидний урилгыг хүлээн авч тодорхой тайлбар өгсөнд баярлалаа.