Цэцэрлэгт бүртгүүлсэн нь
Өнгөрөгч амралтын өдрүүдээр БЗД-ийн 16-р хорооны 82-р цэцэрлэгийн үүдэнд ингэсхийж оочерлож хэд хонож үзэв. Шинээр 2 настай 75 хүүхэд авах орон тоотой боловч 160 орчим хүүхэд бүртгүүлэхээр оочерлож буй нь энэ. Энэ дараалалд ороогүй шууд 25-ны өдрөө ирэх хүүхдүүд ч цөөнгүй. Үлдэж буй 100-аад хүүхдийн хэд нь хувийн цэцэрлэгт ороод, хэд нь харах хүн хар гуйж явах юм, бүү мэд. Ямар ч байсан би хувьдаа ингэж зогсоод хүүхдээ оруулж чадаагүй.
Учир нь 25-нд бүртгүүлэхийн тулд 18-аас эхэлж энэ эцэг эхчүүд цэцэрлэгийн үүд манаж. Би гэж хүн анхны хүүхэд болохоор туршлагагүйтэж, 22-нд очоод шууд шахуу тоглоомноос хасагдаж. Сайндаа ч 22-нд очоогүй, хажуугаар нь өнгөрч яваад л мэдсэн хэрэг.
Ингэж өөрсөддөө шударга, нээллтэй зарчмаар бүртгүүлж байгаа явцыг үнэндээ шударга гэж хэлэхэд хэцүү. Шууд 25-ндаа очсон хүмүүсийн хувьд бол шударга бус л санагдана. Бас бүтэн 7 хоног 2-3 цагийн зайтай очиж бүртгүүлэх боломжгүй над шиг хүмүүст шударга биш, ажил албаа алдан байж 7 хонож буй хүмүүст ч шударга биш.
Түрүү жил 9-сараас 12 -р сард төрсөн болохоор 2 нас гүйцэт хүрээгүй шалтгаар цэцэрлэгт ороогүй, энэ жил 3 нас хүрсэн учир шинэ ангид орох боломжгүй завсрын үеийнхэнд бас шударга биш. Хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа гар цайлгаж 300-500 мянга өгч байгаа нь шударга биш, авч байгаа нь шударга биш (энэ намрын жижиг хахуулийн ханш нь ийм байгаа сурагтай )Энэ олон шударга биш зүйл ердөө л цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс болсон хэрэг.
Хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа гар цайлгаж 300-500 мянга өгч байгаа нь шударга биш, авч байгаа нь шударга биш
Цэцэрлэгүүдийн буруу ч биш, эрхлэгч нарын буруу ч биш, эцэг эхчүүдийн буруу ч биш. Нийлүүлэлт хангалттай бол ингэж оочерлохгүй, бас хүрэлцээтэй байгаад энэ жилүүд шиг ердөө нэг өдөр бүртгэсэн хэвээр бол бас л адил.
Энэ оны 5-сард манай хороонд байрлах бас нэг цэцэрлэг болох 21-р цэцэрлэгийг МХЕГ-аас барилга нь чанар хангахгүй гэж хаасан. Гэтэл одоо болтол шинэ цэцэрлэг баригдаагүй төдийгүй тэр байрыг ч нураагаагүй. Тэр цэцэрлэгт харьяалалтай хүүхдүүдийн ачаалал бусаддаа л очно. УИХ-ын гишүүд төсөв баталсан ч хугацаандаа тендэр зарлаагүй яам буруутай гэж суух.
Нөгөө талаараа 5-р сараас хойш, ийм зүйл болохыг мэдсээр хирнээ дүүргээс (төрөөс) цэцэрлэг шаардаж, яг үүн шигээ жагсаж, тэмцээгүй эцэг эхчүүд бид буруутай. Буруутай боловч жагсаж, тэмцээд суух завдалгүй, ажилаа хийж мөнгө олохгүй л бол хоосон хоночих гээд байгаа энэ нийгмээ бид яалтай вэ?
За, хөөрхий, улсын цэцэрлэгээс сугарчихлаа. Хувийн цэцэрлэгтээ өгнө өө. Өнгөрсөн жил би нийт 10 сар хүүхдээ хувийн цэцэрлэгт өгсөн. Хотын захдаа ордог хороо тул цэцэрлэгийн ханш 200-300 мянга. Хотын төвөөр 350 мянгаас 9 сая хүртэл үнэтэй. Нийлбэр дүнгээрээ өнгөрөгч онд 3 сая орчим төгрөг төлбөрт зарцуулжээ. Гэтэл тэр 10 сарын миний нийт орлого 6 сая гарантай. Мөнгө яахав ээ, хуруу хумсаа хугалаад ч болов, хүүхэддээ зарцуулна.
Гэвч, хичнээн хувийнх, надаар цалинжиж байгаа боловч тэд хэзээ ч сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлдэггүй. Би 10 сар цэцэрлэгт өгөхдөө 3 цэцэрлэг сольж, дунд нь нэг сар хувь хүнээр харуулсан. Нэг бол өлсгөдөг, нөгөө бол загнадаг, ихэнхдээ өдөржин зурагт үзүүлж \"хардаг\". Хүүхдэд өдөрт хэдэн цаг зурагт үзүүлэх ёстой стандарт ч мэддэггүй, мэдлээ ч барьдаггүй.
Би 10 сар цэцэрлэгт өгөхдөө 3 цэцэрлэг сольж, дунд нь нэг сар хувь хүнээр харуулсан
Цэцэрлэгийн байр нь орон сууцны 2-3 өрөө байр байдаг учир агааржуулалт муу г.м. Шаардлага тавиад нэмэртэй биш, өдөр бүр шаардлага тавиад хэн нэгэнтэй муудаж явах дарамттай. Харилцан итгэлцэл гэж зүйл үгүй.
Ерөөсөө л энэ бол бидний эх, хүүхдэд хандаж буй төрийн бодлогын нүүр царай. Хүн амаа өсгөнө л гэнэ, Монголын үрс маш олон болтугай л гэнэ. Гэвч иргэний нийгмийнхний ёжилж хэлдгээр \"саалиа бэлдэхээр саваа бэлд\" гэж үг байна. Шийдэх ёстой асуудалд эрэмбэ, дараа гэж зүйл байх ёстой.
Бүх асуудал л чухал. Гэхдээ эрэмбэ гэж байдаг. Хогны уут тараах нь зөв, эхлээд иргэд хогоо ууталж хаяж сурж байж хогны асуудал шийдэгддэг туршлага байдаг, гэтэл эрэмбэ ярьвал хогны уут тараах нь чухал уу, цэцэрлэг, эмнэлэг чухал уу? Хогны уутыг шүүмжлэх гэсэнгүй, эрэмбэ дарааны жишээ авсан төдий. Хоосон хонох гэж байгаа бол байгаа бага мөнгөөрөө 2 кг мах аваад хүүхэддээ хоол хийж өгөх нь зөв үү, 2 литр пиво авч өөрөө ууж суух нь зөв үү гэдэгтэй л адил.
Өнөөдөр би түр идэвхигүй болгосон ФБ-ээ нээн байж, ингэж бичлээ гээд чухам яг юунд хэрэгтэйг ч би мэдэхгүй байна. (мэдэхгүй биш итгэхгүй байна) Өөрөөр хэлбэл яг юу шийдэж чадахдаа эргэлзэж байна. Яг энэ талаар өнгөрөгч 3-р сарын 1-нд \"Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам-хөгжил-хүний эрх\" форум болж байсан.
Хүн амаа өсгөхийн тулд зөвхөн төрөлтийг механикаар өсгөхөд чиглэсэн бодлого бариад, зориуд нүдэн балай, чихэн дүлий яваад байх биш хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхдээ илүү анхаарвал яасан юм бэ гэж судалгаатай, суурьтай ярьцгаасан. Тэд сонсож л байсан, зарим нь ирж үг хэлж, гэрийг минь гийгүүлдэг та нар гэж хошхируулж ч суусан.
Гэвч энэ намар ахиад л ингээд бахь байдгаараа байх. Хөгжинө л гэх, энэ зориод байгаа хөгжилд хүн нь хаана байгаа юм, хүн нь байгаа юм бол хүний эрх нь хаана байгаа юм.