Ц.Даваасүрэн: Монголбанкинд хариуцлага тооцуулна
Сүүлийн өдрүүдэд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим гишүүдийн зүгээс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах талаар мэдэгдэл гаргаад байгаа. Харин бие даагчид энэ асуудалд ямар байр суурьтай байгааг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүнээс тодрууллаа.
-Эдийн засгийн нөхцөл байдлаас болж ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Төсвийн тодотголыг хийе гэсэн саналыг зарим гишүүн тавих болсон. Ер нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хэмжээнд байдал хүндэрчээ гэж ойлгож болох уу?
-Миний хувьд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг олж харахгүй байна.
Эдийн засгийн зургаан сарын гүйцэтгэлийг харахад экспортын орлого өмнөх үетэй харьцуулахад 22.8 хувь буюу 478 сая доллараар өссөн байна. Төсвийн орлогын гүйцэтгэл 87 хувь, тэнцлийн алдагдал 240 тэрбум төгрөг гарч.
Энэ үзүүлэлтүүдийг харахад Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлага болох төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас дээш болсон тохиолдолд төсөвт тодотгол хийнэ гэсэн хэмжээнээс хэтрээгүй байна. Тэгэхээр хууль эрх зүйн талаасаа бол төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байна гэсэн үг юм.
- Чуулган завсарлаж, саарал ордон нам жим байна. Ихэнх гишүүд гадаад, дотоодоор яваа бололтой. Таны хувьд чуулганы завсарлагаанаар юу хийж, ямар ажил амжуулж байна?
-Хэд хоног амрах санаатай байна. Аймгийнхаа уяачдын холбооны тэргүүний хувьд баярын дараа Хөвсгөл аймагт болсон Хангайн бүсийн даншиг наадам Хотгойдын хурдын бэлтгэл ажлыг хангах гээд өнгөрсөн долдугаар сард ажил ихтэй байлаа.
Мөн 90 жилийн ой тохиосон сумдаар орлоо. Саяхан Азийн номхон далайн орнуудын парламентчдын ассамлейн хуралд оролцоод ирсэн.
-Сүүлийн өдрүүдэд долларын ханш багагүй өслөө. Өнөөдөр / өчигдөр/-ийн байдлаар гэхэд 1899 төгрөгт хүрлээ. Долларын ханшийн өсөлт чухам юунаас болоод байна. Хэн энэ асуудлаар хариуцлага тооцох ёстой юм бэ?
-Долларын ханшийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж иргэдийн амьдралд ч хүндээр тусч байна.
Аж ахуйн нэгжүүд ханшийн зөрүүнээс асар их алдагдал хүлээж байна. Тэд ажилчдаа цомхотгож эхэллээ. Бие даагч гишүүд бид долларын ханшийн өсөлтөд Монголбанкийг буруутай гэж үзэж байгаа.
Тиймээс өнгөрсөн хаврын чуулганаар Н.Золжаргалыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан боловч харамсалтай нь хэлэлцүүлэлгүй чуулганыг завсарлуулсан.
Тиймээс С.Ганбаатар гишүүн УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэсэн бидний байр суурь хэвээрээ байгаа. Орлого сайтай баян хүмүүст ханшийн өсөлт мэдрэгдэхгүй.
Тэгвэл эмзэг бүлгийнхэн, тэтгэврийнхэн, цалингаараа амьдардаг хүмүүс долларын өсөлтөд хяргуулж байна. Эдийн засагт үүсээд байгаа хүндрэлүүд ам.долларын өсөлтөөс шууд хамааралтай. Ийм байхад бид юу гэж байр сууриа өөрчлөх билээ. Эдийн засгийг хүндрэл оруулсан шалтгааныг нэхэж, хариуцлага тооцох асуудлыг хатуу тавих болно.