Д.Оюунхорол: Махны экспортыг нэмэгдүүлбэл жилд 150-170 сая долларын орлого олох боломж бий
УИХ дахь Монгол- Хятадын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.08.12

Д.Оюунхорол: Махны экспортыг нэмэгдүүлбэл жилд 150-170 сая долларын орлого олох боломж бий

Шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэхээр “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусах шатандаа орж байна.

Энэхүү хөтөлбөрийг өнгөрсөн 5 дугаар сарын 8-нд Улсын Их Хурлаар баталсан бөгөөд үр дүнг дүгнэх хугацаа ойртлоо.

100 хоног дуусахад богино хугацаа үлдсэн хэдий  ч  эдийн засгийг дорвитой сайн эрчимжүүлж чадахгүй байна хэмээн сөрөг хүчин дүгнэж байна. 1800 байсан долларын ханш буусангүй харин ч 2000 болтлоо чангарлаа.

Хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг тун удахгүй манай улсад албан ёсны айлчлал хийх гэж буй  БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жин Пинд улс төрчид ихээхэн итгэл тавьж байна. Энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын  эдийн засгийн харилцаанд томоохон өөрчлөлт авчирна гэсэн  хүлээлт бий болоод байгаа юм.

Эдийн засгийн асуудлаар бид УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ дахь Монгол- Хятадын  бүлгийн дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.

Асуулт: Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Цаг зав гарган уулзаж байгаад баярлалаа. 2014 оны Улсын Их Хурлын ээлжит хаврын чуулган завсарлаад гишүүд тойрогтоо ажиллаж байна. МАН эдийн засгийг хэвтэрт орууллаа хэмээн сөрөг хүчний хувьд ихээхэн хатуу байр суурьтай байгаагаа олон удаа илэрхийлсэн. Засгийн газраас “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжүүлсэн ч дорвитой ахиц гарсангүй гэж иргэд шүүмжилж байна. Эдийн засгийн энэ хүндрэлээс гарах ямар гарц байна гэж та харж байна?

 Д.Оюунхорол: Бид уул уурхайн экспортод түшиглэхээсээ илүү мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж харж байна.

Ийм бололцоо бидэнд бий. Өнгөрсөн 2013 оны байдлаар хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоос Монгол Улс  267.3 сая ам.долларын орлого олсон нь экспортын нийт орлогын 8.6 хувийг эзэлсэн байгаа юм.

Үүнээс 3000 орчим тонн мах экспортолж 10 сая орчим долларын орлого олсон гэсэн статистик мэдээлэл байна. Тэгэхээр олон сая малтай манай улсын хувьд жилд экспортолж буй 3000 тонн махаа 40-60 мянган тонн болгон нэмэгдүүлж чадвал 150-170 сая орчим долларын орлого олох  бүрэн бололцоотой.

Асуулт: Махны экспорт нэмэгдсэнээр өөр ямар үр дүн гарах бол?

Д.Оюунхорол: Энэ бололцоог бодит байдал болгох нь нэг талаас одоогийн бэлчээрийн талхагдал доройтлыг бууруулах, нөгөө талаас мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх сонирхлыг дээшлүүлж малчдын орлого өсөх, бизнес сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор махны экспортыг нэмэгдүүлэхэд Хятад, Оросын засгийн газрын буцалтгүй тусламжаар малын халдварт, гоц халдварт өвчний асуудлыг шийдвэрлэх чухал асуудал ч тулгараад байна.

Асуулт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жин Пин манай улсад айлчлах гэж байна. Энэ айлчлал нь манай хоёр орны харилцааны хөгжилд шинэ үе шатыг нээнэ гэж олон хүн найдаж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Д.Оюунхорол: Үүнтэй санал нэг байна. Энэ удаагийн айлчлал үнэхээр Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэсэн хүлээлт бий болоод байна. Манай хоёр орны эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байна.

Манай экспортын дийлэнх хувийг манай улсын урд хөрш болох БНХАУ эзэлж, валютын орлого ч тэр хэмжээгээр нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа нүүрс, зэсийн баяжмал гэсэн бүтээгдэхүүн зонхилж байгаа ч сүүлийн 2 жилд  эдгээр бүтээгдэхүүний экспорт буурч дэлхийн зах зээлээс шууд хамаарч байна.

Тиймээс бид малчдын нийгэм соёлын болон аж амьдралыг дээшлүүлэхэд нарны болон цахилгаан эрчим хүчээр хангах, нэг малаас авах бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэргүүн туршлага, ололтыг Монголд нэвтрүүлэх асуудал нэн чухал байна гэж харж байна.

Асуулт: БНХАУ-ын ӨМӨЗО-ны ямар туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй вэ? Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ямар туршлагыг нэвтрүүлбэл үр өгөөжтэй гэж та дүгнэж байна вэ?

Д.Оюунхорол: Энэ чиглэлээр 2011 оноос ӨМӨЗО-ны Мал аж ахуй, газар тариалангийн хүрээлэнгээс “Монголын бэлчээрийн менежментийн холбоо”-той хамтран Төв аймгийн Багахангай суманд бэлчээрийн ачааллыг багасгах, ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлэх шинэ технологийг турших, хурга, төлөг бордох замаар махны гарцыг нэмэгдүүлэх, малчин өрхийн ахуй  болон үйлдвэрлэлийн хэрэгцээг нарны эрчим хүчээр хангах туршилтыг эхлүүлээд байна.

Тэгэхээр нэг ямааны ноолуурын гарцыг 30-50 хувиар нэмэгдүүлж болохыг туршилт харуулж байгаа юм. Бид ийм замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, малчдын нийгэм, соёлын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр туршилт судалгааны ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Түүнчлэн малчдын ахуй амьдралыг дээшлүүлэх чиглэлээр Хятадын түүн дотор Өвөрмонголын эрдэм шинжилгээ судалгааны байгууллага болон малчидтай хамтран ажиллах, харилцан суралцах явдал нэн чухал гэж би дүгнэж байна.

Баярлалаа танд амжилт хүсье.

За баярлалаа.