Ч.Улаан: Эдийн засгийг шинээр зохион бүтээнэ гэж байхгүй
Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрийг хэрэгжүүлээд гурван сарын хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл энэхүү хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусахад 20 хоног үлдээд байна.
Энэ хөтөлбөрийг тойрсон маргаан мэтгэлцээн шүүмжлэл багагүй байгаа бөгөөд 100 хоногийн хугацаанд ямар ч үр дүн гараагүй гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.
Тэгвэл 100 хоногийн хугацаанд ямар үр дүн гарсан болон энэ хугацаанд батлагдсан хуулийн төслүүд ямар ач холбогдолтой талаар Сангийн сайд Ч.Улаан ярьсан байна.
Тэрбээр, “ЭЗЭН-100 хөтөлбөр бол эдийн засгийн эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь энэ. Тэгээд ч эдийн засгийг шинээр зохион бүтээн гэж байхгүй.
Хийж байгаа ажлынхаа эрч хүчийг нэмэгдүүлж үр өгөөжийг дээшлүүлэх нь чухал. Ингэх гэж л хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Сангийн яам болон Засгийн газрын зүгээс нэлээд хүчин чармайлт гаргаж ажилласан.
Эдийн засгийг эрчимжүүлэх олон ажлыг хаврын чуулганы төгсгөлд амжуулсан. УИХ-ын хаврын чуулганаар Сангийн яам 11 хууль батлуулж бодлогын томоохон өөрчлөлт хийсэн.
Эдгээр хууль бүгдээрээ эдийн засгийг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдэд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгахад чиглэсэн” хэмээн ярьжээ. Түүнчлэн, Хөрөнгийн биржийг Сангийн яаманд шилжүүлснээр үнэт цаасны хоёрдогч зах зээл идэвхжинэ гэж үзсэн байна.