А.Бакей: Ядаж сумын Засаг даргаа иргэд өөрсдөө сонгох санал гарсан
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.07.30

А.Бакей: Ядаж сумын Засаг даргаа иргэд өөрсдөө сонгох санал гарсан

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.

-Танай Байнгын хорооны санаачилгаар “Ардчилсан засаглал дахь Үндсэн хуулийн үүрэг, оролцоо” сэдэвтэй судалгаа хийлгэсэн юм байна. Судалгааны дүнгээс танилцуулахгүй юу?

-УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санаачилгаар судлаачдад захиалга өгч энэ сэдвээр судалгаа хийлгүүлсэн юм. Судлаачдын багт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, МУИС, Удирдлагын академиас гадна эрдэм шинжилгээний төлөөлөл орж ажиллаж, нэлээд том тайлан гаргаж өгсөн.

Тайланд Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 20 гаруй жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарсан байна. Эерэг нь юу байв, ямар сөрөг нөлөө үзүүлэв гэдэгт дүгнэлт егсөн.

-Эерэг нь илүү байна уу, сөрөг нь давамгайлсан уу?

-Мэдээж 1990 оныг өнөөдөртэй харьцуулахад нийгэм эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллагыг бүрдүүлэх процөсс, сонгуулийн системд өөрчлөлт гарсан. Гэхдээ л шинэ Үндсэн хуулийг бүх хүрээнд өөрчлөлт шинэчлэл авчирсан сайн үйлчилж байгаа гэж дүгнэсэн.

Үүний зэрэгцээ анхаарах, засч сайжруулах юм байна гэдгийг хэлж тодорхой зөвлөмжүүдийг санал болгосон. Нэгдүгээрт УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтыг заавал эргэж харах хэрэгтэй гэсэн байгаа.

2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болно гэсэн өөрчлөлт оруулсан шүү дээ.

Үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэхдээ Засгийн газрын олонхи гишүүн нь давхар хашихаар УИХ-аас Засгийн газарт хяналт тавих боломжийг алдагдуулсан сөрөг тал байна. Нөгөө талаас гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх тодорхой биш байна гэсэн.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын эрх мэдэл нь бага байна гэсэн үг. Үүнээс шалтгаалаад хэн Ерөнхий сайд байхаас үл хамааран Засгийн газрын зангарагатай үйл ажиллагаа дутагдаж байна гэсэн. Гэхдээ судлаачид УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг давхар хашихыг үгүйсгээгүй.

Тодорхой хязгаартай байх, мөн гүйцэтгэх засаглалын чадамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн. Энэ нь ч амьдрал дээр нотлогдож байгаа учраас зөв дүгнэлт болов уу гэж бодож байгаа. Дараагийн нэг асуудал нь хот гэдэг ойлголт.

Үндсэн хуульд засаг захиргааны нэгжийг аймаг, сум байна гээд заачихсан байдаг. Гэтэл хот гэдэг ойлголт байхгүйгээс хотын статус зөрчилдөж байна. Тэгэхээр энэ асуудлыг эргэж харвал яасан юм бэ гэсэн санал дэвшүүлсэн.

-Хотын асуудлыг яаж эргэн хариа гэж. Өмнө нь аймгийн төвүүдийг хот гэдэг байсныг болиулсан. Дахин сэргээнэ гэсэн үг үү?

-Хотыг засаг захиргааны нэгж гэсэн байдлаар явуулбал яасан юм бэ гэсэн санал гаргасан юм. Гэхдээ энэ нь зөвхөн судлаачдын зөвлөмж, яг хийх гэж байгаа ажил биш. Судлаачдын дүгнэлтэд бас аймаг, сумын Засаг даргыг сонгохыг эргэж харах нь зүйтэй гэсэн.

Мөн орон нутгийн сонгуульд улс төрийн намын оролцоо байх ёстой юу, үгүй юү гэдэг асуудлыг ярьсан. Одоогийн Үндсэн хуулиар засаг захиргааны нэгжийг нэг талаас төрийн удирдлага буюу Засаг дарга, нөгөө талаар орон нутгийн өөрийн удирдлага буюу ИТХ удирдаж байгаа.

ИТХ гэдэг тухайн орон нутгийн иргэдийн өөрсдийнх нь байгууллага. Гэтэл үүнд нам оролцож нэр дэвшүүлэх нь зөв үү, буруу юу гэдгийг эргэн харах ёстой гэж байгаа юм. Энэ нь Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хуультай ч холбоотой асуудал.

Үндсэн хуультай ч холбоотой. Иргэдийн болон улстөрийн намуудын гээд тал бүрийн санал авч байж шийдэх асуудал. Үүнийг зарим нь зөвтгөдөг, эсэргүүцэх хандлага ч их байна.

-Мэдээж орон нутгийнхан нь дэмжих байх. Харин хэн эсэргүүцдэг юм бэ?

-Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын төлөөлөллийг сонгохдоо иргэд өөрсдөө сонгох улстөрийн намын оролцоо шаардлагагүй гэж үзэх нь байхад Монгол Улс нэгдмэл нэг улс.

Тиймээс аймаг, сум болгонд жалга довны нэг бүлэг үүснэ. Нам ч гэсэн өөрөө тодорхой эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл учраас бодлогоо тодорхойлж оролцож явах ёстой гэсэн үзэл ч байдаг.

Гэхдээ энэ нь зөв, буруу гэх аргагүй.

Одоо бол аймгийн Засаг даргыг аймгийн ИТХ-аас нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилдог. Сумын Засаг даргыг сумынх нь ИТХ нэр дэвшүүлээд аймгийн Засаг дарга нь томилдог. Ядаж сумын Засаг даргаа иргэд өөрсдөө сонгож байвал яасан бэ гэсэн санал явж байгаа юм.

-Судлаачид эдгээрээс өөр зүйлийг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн юм уу?

-Өөр нэг зөвлөмж бий. Энэ нь Үндсэн хуульд засаг захиргааны нэгжииг өөрчлөхдөө тухайн сум. аймагт оршин суугаа иргэдийн саналыг үндэслэн шийдвэр гаргана гэсэн байдаг. Иргэдийн саналыг үндэслэнэ гэдэг нь хатуу хаалт болж байгаа хэрэг.

Тухайлбал, хоёр сумыг нэгтгэе гэхэд иргэд нэгдэхгүй л гэвэл ямар ч шийдвэр гаргах боломжгүй гэсэн үг. Монгол Улс өнөөдөр 330 гаруй сумтай гэж тооцвол 1500 хүн амтай сум ч байна. 15 мянган хүнтэй ч байна.

Гэтэл бүгдэд нь ижил орон тоотой төрийн бүтэц ажиллаж, төсвийн хөрөнгийг ашиггүй зарцуулж байгаа тал бий. Энэ бүхнээс харахад сумд нэгдэж нийлээд томрох шаардлага бий. Тэгэхээр Үндсэн хуульд хэрвээ засаг захиргааны хуваарийг өөрчлөх бол тухайн иргэдийн саналыг харгалзан үзнэ гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн байгаа юм.

-Судлаачдын хийсэн дүгнэлт, зөвлөмжийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тусгах боломжтой юу?

-Энэ дашрамд хэлэхэд, УИХ- ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлаад дүгнэлтээ бэлэн болгосон байгаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль ч байгаа. Энэ хуульд ийм асуудалд өөрчлөлт оруулж болно, харин үүнийг болохгүй гээд хоёр заагласан байдаг.

Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуульд хэсэгчилсэн байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг дээрх ажлын хэсэг гаргасан. Өнөөдрийн байдалд Үндсэн хуульдаа томоохон хэмжээний өөрчлөлт оруулах хараахан болоогүй гэсэн байна лээ. Тэгэхээр зарим асуудлыг нь тусгаад явах болов уу.