АЖДХ-нд дахин хандаж хохирлоо барагдуулах боломж олгож байна
Албан журмын даатгагчдын холбоо нь Монгол Улсад албан журмын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй даатгагчдыг нэгтгэсэн, гишүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, албан журмын даатгалыг төлөвшүүлэх ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.
Холбоо нь “Жолоочийн даатгалын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу зам тээврийн ослын холбогдогч талуудаас холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр Жолоочийн даатгалын сангаас хохирогчид нөхөн төлбөрийг олгодог.
Хуульд заасны дагуу Жолоочийн даатгалын сангаас дараах тохиолдолд зам тээврийн ослын хохирогчид нөхөн төлбөрийг олгож байна. Үүнд:
- - Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан
- - Даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан
- - Бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд нь тодорхой бус
- - Даатгагч нь дампуурсан
- - Хуульд заасан бусад үндэслэл.
Зам тээврийн ослын дээрх тохиолдолдлын улмаас хохиросон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох бичиг баримтыг хугацаанд нь бүрдүүлж өгөөгүй гэсэн шалтгаанаар нөхөн төлбөрөө аваагүй, мөн урьд нь өмнө манайд хандаж асуудлаа шийдүүлж чадаагүй бол тус Холбоонд дахин хандаж хохирлоо барагдуулах боломж олгож байгааг мэдэгдэж байна.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны 70121177 утсаар болон www.ami.mn -ээс лавлахыг хүсье.
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 68/1 “LOGOS” төв, 7-р давхар
Утас: 70121177