Д.Ганбаяр: 16 тэрбум хувьцаа төрийн эзэмшилд байдаг
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр
2014.08.08

Д.Ганбаяр: 16 тэрбум хувьцаа төрийн эзэмшилд байдаг

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяртай төрийн өмчийн удирдлагын талаар ярилцлаа.

-Алдагдалтай ч гэсэн авч явах ёстой нийгмийн дэд бүтцийн чухал салбарыг хэрхэн удирдах ёстой гэж боддог вэ?

Заавал алдагдалтай байх ёстой гэж байгаа юм биш, ашиг олохгүй байлаа гэхэд ядаж хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангаж өгөх ёстой. Тэгэхгүй бол яг одоогийн байдлаар байнга л төрөөс татаас авч байна шүү дээ.

Төр өөрийн оновчтой менежментийг л хэрэгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр бодлогыг нь төр хэрэгжүүлж явья, дээрээс нь эзэмшил нь ард түмний өмч байя гэдэг талаасаа тодорхой хэсгийг нь хувьчлах шийдвэр гаргадаг.

Одоогийн байдлаар төрийн өмчит компани гэж нэрлээд байгаа 98 компанийн 10 нь тодорхой хэмжээний ашигтай. Өнгөрсөн хугацаанд олсон орлогын хувь хэмжээг харахад Эрдэнэт үйлдвэр хамгийн ашигтай ажилладаг. Бусад нь алдагдалтай.

-Алдагдлаа хэрхэн бууруулах ёстой вэ?

Алдагдлаа бууруулахын тулд сайн менежмент хийх ёстой. Хамгийн сайн арга бол өрийн удирдлага. ТӨК-иудын нийт хөрөнгөд ногдох бүрдэлтийн хэмжээ гэж гардаг. Өр төлбөр нэмэгдээд байхаар эзэмшлийн хувь хэмжээ буураад байдаг. Тийм учраас заавал эзэмшигчийн удирдлагыг тодорхой хэмжээгээр өндөр болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол манайх зээл авья гэхээр Азийн хөгжлийн банк, арилжааны банк, Дэлхийн банкнаас өндөр хүүтэй зээл аваад л яваад байгаа. Үүнийгээ болих журмаар эргэж хувьцаагаар солих, өрийг өргүй болгох алхамуудыг хийх ёстой.

Тийм учраас хөрөнгийн зах зээл дээр зайлшгүй хувьцаа гаргах ёстой. Өнөөдөр манайд 18 тэрбум хувьцаа нийт хөрөнгийн зах зээл дээр байдаг. Үүний 16 тэрбум хувьцаа нь төрийн эзэмшилд байдаг. 85 хувь нь гэсэн үг. ТӨК-иуд нь хувьцаат компани гэсэн мөртлөө хувьцаагаа гаргадаггүй, төрийн эзэмшлийнх гээд байлгаад байдаг.

Хөрөнгийн зах зээл дээр гаргаж ирж байж эдийн засгийн эргэлтэд орно. Нөгөө талаас төр мэдээлэл, зах зээлийн давуу эрхтэйгээр салбарын үйл ажиллагаанд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас алдагдалтай ажиллах эрх байхгүй. Ер нь хувийн компаниас илүү ашигтай ажиллах ёстой.

Гэхдээ төрийн өмчийн хороо байхаас өөр аргагүй.

Хувийн компаниуд ямар ч гэсэн ашигтай ажиллаад байгаа учраас нэлээн зөв менежментийг нь хийх боломжийг гаргаж өгөх ёстой. Одоогийн байдлаар их хурал дээр төрийн өмчийн удирдлагатай холбоотой хоёр төрлийн хуулийн ажлын хэсэг гарсан явж байгаа. Нэг нь С.Одонтуяа гишүүнээр ахлуулсан, нөгөөх нь ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүд явж байна. Төрийн өмчийн хороог хөрөнгө оруулалтын сангийн хэлбэртэй ажиллуулах саналыг ерөнхийлөгч гаргасан.

Харин нөгөөх нь хороог татан буулгаж, Сангийн яамнаас төрийн өмчит компанийн захирлыг нь санал болгоод Засгийн газар томилох саналтай байгаа. Гэхдээ төрийн өмчийн хороо байхаас өөр аргагүй.

Зайлшгүй шаардлагын үндсэн дээр байгуулагдсан гэдгийг мартаж болохгүй. Сайн судалж байж асуудалд нухацтай хандах ёстой.

-Хувьцаа гаргах шалгуурууд байгаа. ТӨК-иуд тэр шалгуурт хүрэх үү?

“Шарын гол” ХК маш их өртэй явж ирсэн. Төрийн эзэмшилгүй болгоод хувьцаа гаргасан чинь маш их ашиг олсон. Үүн шиг Багануур, Шивээ-Овоогийн менежментийг нь хувийн хэвшилд өгчихвөл тодорхой

Хөрөнгийн биржийн А самбарын мэдээлэл

хэмжээгээр толгой нь ажиллаж эхэлнэ.

Төрд ажилладаг биш, хувийн хэвшилд ажиллаж байсан, бизнесмен хүнээр гүйцэтгэх захирал хийлгээд ТӨК-ийг удирдуулвал боломж их. Засгийн газрын зүгээс Төрийн өмчийн хороог сангийн хэлбэрт оруулах талаар судалж байгаа.

Төр хөрөнгө оруулагч шиг болоод тус компани нь хувийнх шиг зарчмаар ажиллавал ашиг олно.

Тэгэхгүйгээр компанийн захирлыг яам, Төрийн өмчийн хороо томилвол хэцүү. Яавал ашигтай ажиллах тухай бус, дөрвөн жилийн хугацаанд яавал өөртэй ашигтай байлгах вэ гэдэг дээр толгой нь ажиллана. Гол проблем үүнд оршино.

-Менежментийг хувьд шилжүүлэхэд төр бодлогоороо хэрхэн дэмжих ёстой вэ?

Захирлыг нь улс төрөөс томилдог учраас бурхангүй газрын бумба галзуурна гэгч болно. Уг нь сайн менежментийн хүнээ оруулдаг байвал хөгжинө. Засаглалтай холбоотой асуудал ярьж байгаа бол ТУЗ хараат бус байх ёстой. Ямар шалгуураар аваад байгаа нь нээлттэй бус.

-Хараат бус гишүнийг хэрхэн томилох вэ?

Тодорхой байдлаар хараат бус ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөх шаардлагатай. Тухайн компанийн ашигтай ажиллаж байгаа байдлаас хамаарч ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшуулал өндөр байх ёстой. ТӨК-ийн ТУЗ 200 мянган төгрөгийн цалинтай. Хэцүү хандлага. Дээрээс тогтоох биш, танай компани ашигтай сайн ажиллавал цалингийн хэмжээ нэмэгдэнэ гэх байдлаар уян хатан зохицуулах хэрэгтэй. Гүйцэтгэх захирал ч мөн адил.

Дэлхийн зах зээл дээр топ 500 компаниудын томролтын байдал нь урамшууллаар мундаг гүйцэтгэх захирал, ТУЗ-уудыг ажиллуулж байгаатай холбоотой. Жилийн хоёр сая долларын цалин өгч байна. Ийнхүү чадварлаг боловсон хүчнийг өөртөө татсанаар нөгөө хүн зуун хувь компанийнхаа үйл ажиллагаанд анхаарч, ашигт ажиллагаа сайжирна.

-Гэхдээ өнгөрсөн жилийн хугацаанд төрийн өмчийн хороо компанийн засаглалыг дэмжих жил болгон зарлаад нэлээдгүй ажлыг эхлүүлээд байгаа. Энэ тал дээр ямар дүгнэлт хийх вэ?

Компанийн засаглалын чиглэлээр төрийн өмчийн хороо өөрсдөө болон компаниудын ТУЗ-ийг сургалтад суулгаад засаглал гэж юу болохыг ойлгочихсон. Гэхдээ амьдрал дээр хэрэгжүүлэхэд дутагдалтай байна. Тухайлбал адуитын хороо сайн ажилладаггүй.

Компанийн засаглалын эмхэтгэл гаргаад Аудитын хороо өдөр тутам хэрхэн ажиллах талаар заасан байгаа. 98 төрийн өмчит компаниас хэд нь дотоод аудиттай вэ, яаж томилсон бэ. Хуулиараа Үндэсний аудитын газар төрийн өмчит компаниудын аудитыг хийх ёстой.Гэхдээ тухайн компани дотоод аудитаараа бүртгэл тооцоогоо олон улсын стандартад нийцүүлье гэвэл хөндлөнгийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитыг сонгоод хийлгэж болно. Ингэж ажиллахгүй байна.

-Гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалт тодорхой үр дүнг өгч байгаа юу?

Хэдийгээр нээлттэй зарладаг ч хариугүй таг болчихдог. Дараа нь сонгогдсон хүмүүсийг харахад хэн нэгний танил, ар өврийн намын хүмүүс байдаг.

Томилгооны асуудал бас болохгүй байгаа. Тиймээс аль болох хараат л болгох ёстой.

Харьцангүй сайжирсан ч  засаглалын түвшин 50 хувьтай.
-Төрийн өмчит компанийн засаглалын түвшин ямар байна вэ?

Харьцангүй сайжирсан ч  засаглалын түвшин 50 хувьтай. Хангалттай сайн биш. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит хувьцаат компани тодорхой хэмжээгээр төрийн өмчийн оролцоотой гэсэн мөртлөө хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаа гаргачихсан. Зуун хувь төрийн өмчийн компани ч гэж бий. Хэрвээ хөрөнгийн биржид бүртгүүлсэн бол зайлшгүй компанийн засаглалын кодексыг мөрдөх ёстой.

Мөрдөөд эхэлвэл хөрөнгийн бирж А самбарт орох боломжтой.

-Хөрөнгийн биржийн А самбарт орох нь ямар ач холбогдолтой юм бэ?

А самбар эрсдэл багатай хувьцаа гэсэн үг. Хэрвээ энэ самбарт орж чадвал хөрөнгө оруулалтын сан, даатгалын сангуудын хөрөнгө оруулалтыг авах боломжтой гэсэн үг.

Илүү их хөрөнгийг өөртөө татна. Кодексыг сайн хэрэгжүүлж байна гэвэл компанийн засаглал сайн байна гэж ойлгодог.

-Төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал яригдаж байгаа?

Хувьчилж болно. Гэхдээ хөрөнгийн үнэлгээний асуудал хамгийн төвөгтэй. Нягтлан бодох бүртгэлийн хуулиар гурван жил тутам үнэлгээ хийх ёстой ч ТӨК-иуд 2000 оны үнэлгээгээр явж байгаа. Тиймээс үнэлгээг дахин хийх ёстой. Хөндлөнгийн компаниар үнэлүүлж байж, хувьцааг нь хөрөнгийн бирж дээр гаргах ёстой.

Нэр хүнд, үйл ажиллагааг нь сайжруулах хэрэгтэй. Өнгөрсөн сард Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн зохицуулах хорооны гишүүн болсон. Энэ бол том боломж. Бид нар олон улсны түвшинд монголд хувьцаа гаргаж буй компанийг гадны хөрөнгийн зах зээл дээр бүртгэх асуудлыг ярина.

-Орчин үед төрийн өмчит компанийг хувьчлах, түрээслэх байдлаар ашиглах асуудал яригдаж байна. Аль нь зохицуулалтын зөв хэлбэр бэ?

Менежментийн хувьчлалыг зөндөө хийсэн. Өнгөрсөн хувьчлалд шинжилгээ хийж үзмээр байгаа юм. Алийг нь хувьчилж, олон нийтийн болгох вэ гэдгээ шийдмээр санагддаг.

Шууд хувьчлаад нэгэнт зарчихвал эргүүлж авч чадахгүй.

-Ярилцсанд баярлалаа.